Монголын дахин санхүүжилтийн өртөг нэмэгдэх эрсдэлтэй | News.MN

Монголын дахин санхүүжилтийн өртөг нэмэгдэх эрсдэлтэй

Монголын дахин санхүүжилтийн өртөг нэмэгдэх эрсдэлтэй

Монголын дахин санхүүжилтийн өртөг нэмэгдэх эрсдэлтэй

Дэлхий нийтээр хурдтай тархаж, цар тахлын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байгаа ажээ. Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд дөрөвдүгээр сарын 16-наас дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар гарсан өөрчлөлтөөс тоймлон хүргэж байна.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ БУУРЧ, ИНФЛЯЦ ӨСӨВ

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1137 сая ам.доллар (31%)-аар буурч, худалдааны тэнцэл 176 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 920 сая ам.доллар (44%)-аар, импорт 217 сая ам.доллар (14%)-аар тус тус буурсан байна.

Монгол Улс дөрөвдүгээр сарын эхний 15 хоногт 148.5 сая ам.долларын экспорт, 198.7 сая ам.долларын импорт хийжээ. Энэ нь өмнөх сарын сүүлийн 15 хоногтой харьцуулахад экспортын хэмжээ 8.4%-иар өссөн, импортын хэмжээ 18.2%-иар буурсан үзүүлэлт аж.

Экспортын голлох зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд өмнөх оны мөн үеэс дараах байдлаар буурсан байна. Үүнд:

– Чулуун нүүрс 5,855 мянган тонн (62.4%);

– Зэсийн баяжмал 61 мянган тонн (14.6%);

– Түүхий нефть 1,498 мянган баррель буюу 80.6%-иар тус тус буурчээ.

Эдийн засаг, бизнесийн идэвхжил саарсан хэдий ч нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц бага зэрэг өслөө. Жилийн инфляц гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.4%, Улаанбаатар хотын хэмжээнд 6.8% буюу өмнөх хоёрдугаар сартай ижил дүнтэй байна. Эдийн засгийн идэвхжил, ерөнхий төлөв саарах хандлагатай байгаа ч иргэд, ААН-үүд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэлээс сэргийлж худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь инфляц бага зэрэг өсөхөд нөлөөлжээ.

Эдийн засгийн идэвхжил саарснаас үүдэн Монголын хөрөнгийн зах зээлд бууралт үргэлжилж байна. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 86,622,296 төгрөгийн үнийн дүн бүхий 328,726 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр үнэт цаасны ханш тогтвортой байв.

Улмаар ТОП-20 индексийн үзүүлэлт 16506.9 болж өнгөрсөн 7 хоногоос 0.7%, оны эхнээс 13.5%-иар буурсан байна.

Дэлхийн санхүүгийн зах зээлд коронавируст халдвараас үүдэлтэй эрсдэл, тодорхойгүй байдал нэмэгдсэнээр голлох хөрөнгийн биржийн индексүүд унаад байсан бол сүүлийн нэг сарын хугацаанд бага зэрэг өсчээ.

Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй багцаа зарж (sell off) илүү хөрвөх чадвар өндөртэй хөрөнгөд эх үүсвэрээ байршуулж эхэлснээр Монгол Улсын Засгийн газар болон компаниудын бондуудын үнэ унасан байна.

Хэрэв дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал даамжирвал Монгол Улсын дахин санхүүжилтийн өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж