Л.Мөнхбаатар: Сонгуулийн үеэр цар тахлын хууль зөрчилдөх вий

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Л.Мөнхбаатар: Сонгуулийн үеэр цар тахлын хууль зөрчилдөх вий

Л.Мөнхбаатар: Сонгуулийн үеэр цар тахлын хууль зөрчилдөх вий

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2020.04.28/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Цэцийн дүгнэлт нь намын бүртгэлтэй холбоотойгоор хоёр заалт нэг нэгнээ үгүйсгэсэн гэсэн асуудалд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт ирүүлсэн” гэлээ. Тэрбээр Цэцийн хуралд УИХ-ыг төлөөлж, оролцсон юм.

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-Цэцийн дүгнэлт их бөөрөнхий гарсан. Цаашид Цэцийн асуудлыг шалгаж, асуулт асуудаг зүйлийг Дэгийн тухай хуульд оруулдаг баймаар байгаа юм. Дэгд байнгын хороо, чуулганы хуралдаанд Цэцийн гишүүдийг оруулж ирдэг байх зохицуулалт оруулж ирмээр байна. Шинэ Үндсэн хуулиар Цэцийн үүрэг маш их учраас анхаарах хэрэгтэй. Бид ер нь Цэцийн асуудалд хайнга хандсаар ирсэн шүү.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ:

-Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад удаж байна. Энэ асуудлаар яаралтай холбогдох албанд нь орны хүнийг нь томилохгүй бол хууль бус бүрэлдэхүүнээр асуудал шийддэг болж байна. Үндсэн хуульд зургаан жилээр сонгоно гэсэн заалт бий. Үндсэн хууль ч өөрөө зөрчигдөж байна. Хаврын чуулган эхлэнгүүт Цэцийн гишүүдийн асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Цэцийн хуульд 1992 оны Үндсэн хуулиас хойш заалтыг хянана гэсэн заалтыг хүчингүй болгохын тулд хугацаа нь дууссан гишүүн оруулж ирсэн. Энэ Үндсэн хуулийн бүрэлдэхүүнгүй Цэц асуудал шийдэж эхэллээ шүү.

УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Х.НЯМБААТАР:

-Цэцийн гишүүний асуудлаар бид Улсын дээд шүүхэд бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.

Ингээд санал хурааж, байнгын хорооны гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэв.

Байнгын хорооны хуралдаанаар Эрүү, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Л.МӨНХБААТАР:

-Цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хамт өргөн мэдүүлсэн Эрүү, Зөрчлийн хуулиудтай холбоотойгоор хэд хэдэн санал байна. Хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах зохицуулалт зогссон өдрөөс хэрэгжүүлэх заалт бий. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн хориглолт хязгаарлалт хамаарахгүй гэж ойлгогдоод байгаа юм. Цар тахлын хууль үйлчилж байхад сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохицуулахад олон бэрхшээл гарч ирнэ. Тиймээс Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Цар тахлын хуультай хамт хэлэлцээд явах нь зүйтэй болов уу. Мөн тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, хэрэгжээд эхэлбэл сонгуулийн хуульд нэг жилийн хугацаанд гар хүрч болохгүй нөхцөл үүснэ. Тиймээс одоо сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулаад явах боломж нь нээлттэй байгаа. Зургадугаар сарын 2-ноос эхлэн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Гэтэл дөрвөөс дээш хүн цуглахгүй байхыг Цар тахлын хуульд заасан байгаа. Тэгэхээр уулзалт цуглаан гэсэн хэлбэрийг анхаарах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР:

-Бид өнгөрсөн жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд орсон цөөхөн өөрчлөлтүүдийн нэг нь сонгууль болохоос өмнө нэг жилийн дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон. Бид энэ өөрчлөлттэй холбоотойгоор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй байгаа юм. Тиймээс хууль санаачлагчдын зүгээс сонгуулийн хуулийн үеийн зохицуулалт энэ хуулийн хязгаарлалтад хамаарахгүй гэж өргөн барьсан. Энэ хуулийн үйлчлэл ДЭМБ-аас цар тахал арилсан гэж мэдэгдсэний дараа хуулийн үйлчлэл зогсоно. Мөн ажлын хэсэгт байнгын хороодын дарга нар оролцож, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд саналаа өгнө. Сонгуулийн үеийн журамтай холбоотой зохицуулалтыг энэ хуульд зарчмын зөрүүтэй саналын томъёолол болгож оруулахаар боловсрогдсон.

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-Хуульд заасан дэглэм зөрчиж, өвчин тараах эрсдэл үүсгэвэл иргэн 27-147 сая төгрөгийн торгууль хүлээж, гурван жил хүртэл хугацаанд ял эдлэхээр байна. Зургадугаар сарын 2-нд сурталчилгаа эхлэхэд сонгуулийн хуулиар уулзалт хийхийг зөвшөөрсөн гээд уулзалт зохион байгуулбал яах вэ. Тэгэхээр бүгдийг нь барьж, хорих уу.

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР:

-Цар тахлын хуультай холбоотой журам, зааврыг Улсын онцгой комисс оруулж ирнэ гэж ойлгож болно.

Ингээд хуулийн төслийн талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдлын байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж