ОХУ-д коронавирусийн эсрэг зарласан хөл хорионы арга хэмжээ дөрөвдүгээр сарын 30-нд дуусах юм. OХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш бүс нутгийн удирдлагуудтай онлайн хурал хийж, цаашид ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэх аж.
Кремлиэс ямар арга хэмжээ зарлагдах талаар мэдээлээгүй боловч бүс нутгийн удирдлагууд коронавирусийн эсрэг арга хэмжээг сунгана гэсэн хүлээлттэй байгаа аж. Вологда мужийн захирагч Олег Кувшинниковын мэдээлснээр хөл хориог ирэх тавдугаар сарын 11-нийг хүртэл сунгаж магадгүй юм байна.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхий сайд Эрүүл мэндийн яамандаа хандан тавдугаар сарын амралт, баярын өдрүүдийг угтан иргэдэд зориулсан зааварчилгаа, зөвлөмжүүд боловсруулахыг үүрэг болгожээ.
ОХУ-д нийт 87147 хүн коронавирусийн халдвар авч, 794 хүн нас барсан юм. ОХУ нь бүх олон улсын нислэг, улс хооронд, хот хоорондын галт тэрэгний үйлчилгээг зогсоож, иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулж буй аж.
Эх сурвалж: TASS