COVID-19 ХАЛДВАРЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН НӨХЦӨЛД ХҮҮХДЭЭ ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ТҮР ХУГАЦААГААР ЯВУУЛЖ БАЙГАА ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДЛААР ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Бэлтгэж өгөх материаллаг зүйлс:
- Амны хаалт, нимгэн бээлийг хүрэлцэх хэмжээгээр бэлтгэж явуулах
- Анхны тусламжийн жижиг хайрцаг бэлтгэх, үүнд: гар ариутгагч, эмнэлгийн спирт, иод, бинт, хөвөн, гарын болон нарны тос, өвчин намдаах эм хэрэгсэл гэх мэт
- Нарны малгай, халхавч, усны болон уул хаданд авирахад өмсөхөд тохиромжтой хальтардаггүй гутал, цаг агаарын нөхцөлд тохируулан өмсөх ээлжийн хувцас, бусад
Захиж, анхааруулах зүйлс:
- Хэн нэгэн биеийн эмзэг хэсгүүдэд хүрэх, шалиг үг хэллэгээр өдөх, эвгүйцэм ширтэх, хүнгүй газар болзох санал тавих зэрэгтэй тулгарвал, хамгийн итгэж болох, хамгаалах хүнд хэлж, тусламж авах талаар нэр зааж, хэлж өгөх
- Аав, ээжийнхээ утасны дугаарыг цээжлэх, утсаар болон интернетээр холбогдох аргыг зааж өгөх, гар утсаа цэнэгтэй байлгах
- Шаардлагатай тохиолдолд 108, 102, 103 утсанд холбогдох
- Бие эвгүйрхэх, бөөлжих, суулгах, халуурах, ханиалгах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл, насанд хүрэгчдэд хандаж тусламж авах
- Мотоцикл унах, сундлах, танихгүй хүний машинд суухаас татгалзах
- Цаг агаарын мэдээ сонсож, хувцаслалт, ахуйн хөдөлмөрөө зохицуулах
- Салхи шуурга ихтэй үед гэрээс гарахгүй, хонь малд явахгүй байх
- Хээр хөдөө хаягдсан төмрийн сэг, битүү эд зүйлийг цохиж балбаж тоглохгүй байх
- Уул хаданд авирахдаа болгоомжлох, хальтрахгүй гутал өмсөх
- Гол нуурын усанд орохдоо гүехэн урсгалтай газрыг сонгох
- Худагт мал услах, ус авах зэрэгт насанд хүрэгчтэй хамт явах
- Хонь мал хариулах хишиг өдөр гэрийн барааны үзэгдэх орчинд бэлчээрлүүлэх, биедээ ус, нарны малгай, халхавч авч явах
- Харангадсан ан амьтдаас болгоомжлох
- Хачиганд хазуулах, наранд хэт халахаас урьдчилан сэргийлж, нарны малгай өмсөх
- Хэвлээр явагч, жижиг мэрэгч амьтдаар тоглохгүй, үүр ноохойг эвдэхгүй, могойнд хатгуулахаас сэргийлэх
- Ан амьтны мах идэхгүй байх, үе тэнгийнхэн болон насанд хүрэгчдийг дагаж ан гөрөөнд явахгүй байх
- Ганцаараа уул хад, гол ус, өндөр ургасан өвс, дэрс шигүү ургасан газар явахгүй, нуугдаж тоглохгүй байх
- Галаар наадахгүй байх
Хүүхдийг хүлээж авч байгаа төрөл садан, найз нөхөддөө захиж анхааруулах:
- Хүүхдийн биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг өдөр бүр ажиглаж, мэдээлж байх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжид холбох
- Хүүхдийн хонь мал хариулах хишиг өдөрт гэрийн барааны үзэгдэх орчинд бэлчээрлүүлэх, биедээ ус, нарны малгай, халхавч авч явахыг зөвлөх, хянах
- Хүүхдийг ганцааранг орхих, дэргэд нь архи, тамхи, зохисгүй үг хэллэг хэрэглэхээс татгалзах
- Мотоцикл унах, сундлах, мориноос унахаас сэргийлэх
- Хүүхэдтэй эерэг элэгсэг харилцах, юмс үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлаж таниулахад анхаарах
- Гэр бүлийн харилцааны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх
- Монгол ахуй, ёс заншил, ёс суртахууны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
- Ажил хөдөлмөрийн дөр суулгах, зөвлөх
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Холбоотой мэдээ