Гэр хороолол хөгжлийн намаас өнгөрсөн Даваа гариг (2020.04.27)-т уриалга гаргасан байна. Тус уриалгад:
Эрх баригчдын хууль бус, увайгүй үйлдлүүд нь Монголд бий болсон ардчиллыг үгүй хийж, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөөг хааж боогдуулж, цаашлаад нийгэмд дарангуйлал тогтоох аюул нүүрлээд байна. Энэ цаг үед Монголын ардчиллыг хамгаалж авч үлдэх нь нэн тэргүүний зорилт болсныг бид гүнээ ухамсарлаж, ардчиллаа аврах үйл хэрэгт олон түмнийг нэгдэхийг уриалж байна.
ГЭР ХОРООЛОЛ ХӨГЖЛИЙН НАМ нь 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж, ардчиллаа хамгаалах үйл хэрэгт хамтран зүтгэх хүсэлт илэрхийлсэн боловч харамсалтай нь Ардчилсан нам энэхүү саналыг бодитоор дэмжих идэвх санаачилга гаргасангүй. Тиймээс Гэр Хороолол Хөгжлийн Нам нь 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож, олигархи засаглалыг “гэр хорооллын засаглал” руу шилжүүлж, улсаа хөгжүүлж, ардчиллаа хамгаалах зорилгын төлөө тууштай хүчин зүтгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
ГЭР ХОРООЛОЛ ХӨГЖЛИЙН НАМ нь Монголд ардчилсан хувьсгал хийж, монголчуудад өөрөө өөрсдийнхөө хувь заяа өөрсдөө шийддэг эрх чөлөөг авчирсныхаа төлөө өнөөдөр гэмтэн болчихоод байгаа ардчиллын анхдагчид болох Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг гэр хорооллынхны ардчилал, хөгжлийн төлөөх тэмцэлд нэгдэж, манай намаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихийг уриалж, албан ёсоор урилга хүргүүлж байна.
Монголд бий болсон ардчиллын үр шимийг хүртэж чадаагүй, хөгжлийн гадна хөсөр хаягдсан нийгмийн дундаж анги бол яахын аргагүй гэр хорооллынхон юм. Өнөөдөр хүн амын гуравны хоёр хувийг эзэлж байгаа гэр хороололд амьдарч буй газрын эзэд Монголын ардчиллыг аварч үлдэх цөм хүч билээ.
АРДЧИЛЛЫГ ГЭР ХОРООЛОЛ АВАРНА
ГЭР ХОРООЛОЛ ХӨГЖЛИЙН НАМ
2020 оны 04 дүгээр сарын 27” гэжээ.
Б.БОЛД
Холбоотой мэдээ