Хөлбөмбөгийн ертөнц түр зогсолт хийсэн энэ үед солилцоо наймааны сураг гарсаар байна. Сүүлийн өдрүүдэд Лондон хотын Челси болон Арсенал багуудыг тойрсон солилцоо наймааны мэдээ ихээр гарчээ.
Челси багийн Бразил жигүүр Виллианы гэрээ энэ улирлаар дуусгавар болж байгаа тул шинэ багийн эрэлд гарах шаардлагатай болжээ. 2013 онд Оросын Анжи Махачкала багаас 32 сая фунт стерлингээр ирж байсан түүнд багийнх нь зүгээс хоёр жилийн гэрээ санал болгосон ч тэрбээр гурван жилийн урт хугацааны гэрээ хүсч байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Виллианы дараагийн зогсоол Арсенал эсвэл, Ливерпүүл байх тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд эрчимтэй яригдаж байна. Гол нь Виллианыг багууд энэ улирлын дараа үнэгүй багтаа элсүүлэх боломжтой байгаа юм.
Харин Арсенал багт нэгдсэнээсээ хойш гайхалтай тоглолтыг үзүүлж буй Габон довтлогч Пьер-Эмерик Обамеянг багтаа үлдэх сонирхолгүй байгаа хэмээжээ. 2021 онд гэрээ нь дуусах түүнийг Арсенал баг үлдээхийг хичээж байгаа ч Обамеянгийг Челси болон Барселона багууд сонирхоод эхэлсэн аж. Өдгөө 30 настай довтлогчийн зах зээлийн үнэ 55-60 сая фунт боловч гэрээ нь дуусахад 14 сар үлдсэн түүнийг Арсенал 30 сая фунтээр зарахад бэлэн тухай metro.co.uk сайт мэдээллээ.
Виллиан болон Обамеянг нар улаан, цэнхэр өмсгөлтэй тоглосон ээлжит тоглогчид болох эсэхийг цаг хугацаа л харуулна. Одоогийн байдлаар Давид Луйз, Петр Чех, Оливьер Жиру, Цеск Фабрегас, Эшли Коул, Ёоси Бенаёон, Уиллиам Галлас, Николас Анелка нар Лондонгийн хоёр багаар дамжаад байна. Мөн Челси багийн хувьд энэ жил Виллианаас гадна Педро, Уилли Кабалеро нарын гэрээ дуусч байгаа бол Франц довтлогч Оливьер Жирутай нэг жилийн шинэчилсэн гэрээ байгуулжээ.
Холбоотой мэдээ