"Л.Эрдэнэчимэг 25-хан секундын бичлэгийг 50 саяар авъя гэсэн"

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

"Л.Эрдэнэчимэг 25-хан секундын бичлэгийг 50 саяар авъя гэсэн"

"Л.Эрдэнэчимэг 25-хан секундын бичлэгийг 50 саяар авъя гэсэн"

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.


МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС БҮХ ЮМЫГ ХУДАЛДААД АВЧИХНА ГЭСЭН БУРУУ ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙДАГ ШИГЭЭ НАМАЙГ ХУДАЛДАЖ АВЪЯ ГЭЖ БОДСОН БАЙХ

-2016 оны УИХ-ын сонгуулийн үеэс танаас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан гэсэн асуудал салсангүй. Саяын хоригдсон шалтгаан үүнтэй холбоотой байв уу?

-Та бүхэн ямар бичлэг байсныг мэдэж байгаа байх. Сэтгүүлч Т.Алтайншагай, манай төрийн бус байгууллагынхан ирсэн бичлэгийг хамт үзээд, энэ асуудал үнэн үү, үгүй юү гэдгийг тодруулахаар ярьсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Чинболд гэдэг хүнд тэр бичлэгийг үзүүлсэн. Тэр хүн эргэж холбогдоод, уулзах санал тавиад, энэ бичлэгийг худалдаж авъя, хэд вэ гэхчилэн илэрхий хууль бус үйлдлээр, мөнгөтэй хүмүүсийн асуудлыг шийддэг байдлаар хандсан. Тэгж бид энэ бичлэг үнэн юм байна гэдгийг мэдсэн учраас “Та уучлалтаа гуй. Ингэж болохгүй (Төрийн ордонд гурван хууль бий. Архи согтууралтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль. Садар самуунтай тэмцэх тухай хууль, дээрээс нь УИХ-ын тухай хууль бий гэв.сурв). УИХ-ын гишүүд өөрсдийнхөө баталсан хуулийг шоу шоу гээд сууж байна гэдэг эмгэнэл. Өнөө цагийн Монгол Улсын төрийг хариуцлагатай болгох шударга байх, Үндсэн хуулийн 1.2-т заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах хууль, хүний эрхийг дээдлэх шударга ёсны зарчмууд зөрчигдөөд байгаа юм. Манай “Иргэдийн шударга шүүх” ТББ 2006 оноос эхлээд төрд шударга ёсыг тогтооё, төрийн буруутай үйл ажиллагаанаас хүний эрхийг хамгаалдаг болъё гэсэн тодорхой зорилгын хүрээнд ажиллаж, 2000 гаруй төрийн албан хаагчийн хууль бус үйлдлийг олон нийтэд илчилж, 10 мянга гаруй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласан хамт олон. Нөхөр бол бичлэгийг худалдаж авах тухай л ярьсан.

-Таныг “Бусдын эд зүйлийг авахаар заналхийлэх” гэсэн зүйлчлэлээр буруутгасан байсан. Энэ нь үнэнд хэр нийцэж байгаа вэ? 

-Энэ гэмт хэрэг гэмт этгээдийн санаачлага, ашиг олох зорилгоор хийгдэж байгаа, өөртөө байгаа ямар нэгэн зүйлээр дарамталж буйг хэлнэ шүү дээ. Гэтэл энэ тохиолдолд нөгөө хүн өөрөө би чамд мөнгө өгье, наад бичлэгээ надад худалдчихаач ээ, хэд вэ. Өмнө нь би ийм бичлэг худалдаж авсан гэж ярьж байсан. Манай улс төрчид ийм хариуцлагагүй үйлдэл хийдэг. Зөвхөн биеэ авч яваа байдал, ёс зүй нь тийм байна. Тэр их төсөв мөнгө шийддэг, хууль тогтоол баталдаг хариуцлагатай үйл ажиллагаа ямар хэлбэрээр явагдаж байна вэ гэдэг үнэхээр санаа зовоосон асуудал байгаа учраас бид энэ асуудлыг олон нийтэд илчилсэн. Мөнгөтэй хүмүүс бүх юмыг худалдаад авчихна гэсэн буруу итгэл үнэмшилтэй байдаг шигээ намайг худалдаж авъя гэж бодсон шиг байгаа юм. Машин дотор хоёрхон хүн уулзсан. Гэтэл хуулийн байгууллагынхан зөвхөн Эрдэнэчимэгийн мэдүүлэг дээр үндэслээд байна. Эрдэнэчимэг олон удаа өөр өөр мэдүүлэг өгсөн. Фэйсбүүк, сошиалаар явж байгаа бүх бичлэгээс аваад үзэхэд нэг дээр нь “Би Бат-Ялалтад тэр мөнгийг зээлсэн, чи миний найз биз дээ” гээд, нэг болохоор “Би энэ бичлэгийг огт үзээгүй” гэхчилэн ярина. Энэ хүн илэрхий худалч гэдэг нь мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр худалч хүний үгэнд итгэх ёстой юу, шударга ёсны төлөө тэмцэж буй иргэдийнхээ үгийг сонсож, хэргийг шударгаар шийдэх ёстой юу гэдэг асуудал гарна. Эрүүгийн хуулийг хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг сахин мөрдөх гэдэг асуудал Монгол Улсад үнэхээр байхгүй болчихсон. Тийм учраас би хуульч, мэргэжлийн судлаач хүнийхээ хувьд өнгөрсөн 15, 16 жилийн хугацаанд тасралтгүй ийм зөрчилтэй тэмцэж, шударга нийгмийг байгуулах юмсан гэж яваа хүн.

-Баривчлан саатуулахдаа таны ямар нэг эрхийг зөрчив үү?

-Би мэдүүлэг, байцаалт өгөхдөө өмгөөлөгчтэй өгөх эрхтэй. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна гээд гараад явангуут шууд эрүүгийн хэрэг үүсгээд, яллагдагчаар татчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл миний эрхийг эдлүүлэхгүйгээр дараагийн шатны ажиллагаануудыг хийгээд байна. Миний мэдүүлэг цагаатгах талын эх сурвалж болно. Хохирогч гээд байгаа хүний мэдүүлэг яллах талын нотлох баримтын эх сурвалж болдог. Гэтэл гэрчийн мэдүүлэг авахгүйгээр, сэжигтнээр дуудахгүйгээр шууд яллагдагч болгоод, нэг ч мэдүүлэг, нэг ч цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжийг шалгахгүйгээр шууд гэм буруутайг тогтоохоор шүүх рүү шилжүүлээд, гарын үсэг зур гээд цагдан хорьж байна. Энэ нь эрүүдэн шүүлтийн, өөрөөр хэлбэл хүнийг зодож тамлаж байгаад бууддаг байсан 1937, 38 оны хэлмэгдүүлэлт Монголын хууль хяналтын системд байсаар байна. Манай Хууль зүйн сайд Чимгээ, Содномдаржаа нарын хэрэгт эрүүдэн шүүлт байна гээд яриад л байгаа. Гэтэл өөрийнх нь удирдаж буй хууль зүйн салбарт, “Бавгар” компанитай холбоотой сайдын байшин байгаа шүү гээд гэмт хэргийг илчилсний дараа Бат-Ялалт гэдэг хүн рүү чиглэсэн эрүү шүүлтийн ажиллагаа явж байгаа нь үнэхээр харамсалтай. Манай хууль тогтоогчид, прокурор мөрдөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа талаар нэг бүр ойлголтгүй байна.

УРЬДЧИЛАН ХОРИХ БАЙРАНД 18 САР ХОРИГДОЖ БУЙ ИРГЭН ДЭЭР МӨРДӨН БАЙЦААГЧ НЬ 2, 3-ХАН УДАА ИРСЭН БАЙНА

-Цагдан хорих байрны нөхцөл байдал ямар байна вэ? Тэнд олон хүн байна уу? Ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс их байна вэ?

-Хоригдож байх үед шорон дүүрэн байсан. Гэмт хэрэгтнүүдийн нас маш их залуужиж, дундаж нь 25-тай байна. Тэнд 18 сар хоригдож буй хүн дээр мөрдөн байцаагч нь 2, 3-хан удаа ирсэн, прокурор нь огт ирээгүй байдаг юм уу, хорьсон үндэслэлээ тайлбарлаж өгдөггүй, хорьсон, сунгасан тогтоолоо танилцуулдаггүй. Гомдол гаргах эрхийг нь тайлбарлаж өгдөггүй байдалтай байна. Би тэнд зүгээр суусангүй, тэдгээр иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгч байлаа. Хүний эрх үнэндээ ямар ч баталгаагүй. Яг дарангуйллын систем хууль зүйн салбарт байгаад байна. Энэ салбар өнгөрсөн 28 жилийн хугацаанд үнэхээр арагшаа ухарсан байна. Авлига, хээл хахууль ил цагаандаа гарч. Цагдаагийн албан хаагч 11 жилийн дотор цагдаагийн хурандаа цол авчихсан асуудлыг сөхөж байгаа. Иймэрхүү байдлаар шударга бус байдал хууль зүйн салбарт шигдчихсэн байна. Миний холбогдоод байгаа хилс хэрэг бол тодорхой цаг хугацааны дараа Монгол Улсын хууль зүйн салбар ямар их доройтож, ялзарсан байсныг илчлэх тодорхой баримт болж үлдэнэ гэж бодож байна.

-Урьдчилан хорих байрыг “хийгээгүйг хийсэн болгож, хэрэг хүлээлгэж, зовоон тарчлаадаг газар” гэж ярих хүмүүс байдаг. Тийм байдал ажиглагдав уу? Танд ямар нэгэн дарамт шахалт байв уу?

-Надад тийм дарамт байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд өмнөхөө бодвол нэлээн ахиц гарсан байна. Тэнд ихэвчлэн ахуйн гэмт хэрэгтэй, хүний утасны чихэвч авсан байдаг юм уу, жижиг сажиг хулгай, дээрээс нь хар тамхины болон биеэ үнэлэх гэмт хэрэгт холбоотой хүмүүс маш их байна. Тэнд албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой нь харамсалтай нь байхгүй. Ер нь нийгмийн аюулаар нь гэмт хэргийг ангилж үзвэл албан тушаал, ахуйн гэмт хэрэг хоёрын илүү аюултай нь албан тушаалын гэмт хэрэг. Би өөрөө криминологи, гэмт явдал судалдаг судлаач хүн. Энэ үүднээс аваад үзэхэд, албан тушаалын гэмт хэрэг их байх тусмаа нийгмийн ядуурал, ажилгүйдэл гаарч, эдийн засгийн тэнцвэр алдагдаж эхэлдэг. Энэ утгаараа ахуйн гэмт хэргийн шууд хамаарал өсөх хандлагатай байдаг. Тоон баримт хэлэхэд нэг жил хулгайн гэмт хэргээс болоод нийт 30 мянган иргэнд 153 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд үйлдэгдсэн гэж үзлээ гэхэд ганцхан албан тушаалтны буруу гаргасан шийдвэрээс болоод 200, 300 сая долларын хохирол учирсан байдаг юм. АТГ-аас мэдээлж буйгаар, 2019 оны эхний зургаан сарын байдлаар 11.2 их наяд төгрөгийн хохиролтой албан тушаалын гэмт хэрэг шалгагдаж байна гэсэн мэдээлэл гарч байна. Тэгэхээр албан тушаалын гэмт хэргийн гаралт, түүнтэй тэмцэх тэмцлийг сайжруулахгүйгээр бид нийгмийг эрүүлжүүлэх, энэ гэмт хэргийг үйлдэх санаа сэдлийг багасгах ажил явахгүй юмаа гэдгийг хатуу ойлгомоор байгаа юм.

-Таныг өлсгөлөн зарлаж, хоёрхон удаа ус уусан гэсэн мэдээлэл бий. Яагаад өлсгөлөн зарласан юм бэ?

-Би гурван хоног албан бусаар, долоо хоног албан ёсоор өлсгөлөн зарласан. Би ЭХХШТХ-ийн 9.6 дээр заасан эрхээ эдэлье гэсэн шаардлага тавьсан. Өмгөөлөгчтэй гэрчийн мэдүүлэг өгөх. Эрүүгийн цагдаагийн алба намайг 2020 оны хоёрдугаар сарын 7-ноос гурван сарын 7-ныг хүртэл нийт 25, 26 удаа дуудлаа шүү дээ. Гэхдээ гэрчээр нэг ч удаа дуудсангүй, очоод гэрчийн мэдүүлэг өгөх гэхээр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг минь эдлүүлэхгүй, шууд яллагдагчаар татаад миний эрх зүйн байдлыг дордуулаад явчихаж байгаа юм. Нэг ёсондоо миний мэдүүлгийг үндэслэж цагаатгах ажлыг огт хийхгүйгээр гэм буруугийн асуудал ярина гэж байна. Үнэнийг эргэлзээгүйгээр тогтоох үүрэг мөрдөгч, прокуроруудад байдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүйгээр зөвхөн хэн нэгэнд давуу байдал олгодог, хэн нэгэн хүний төлөө ажиллаж эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаа бол үнэхээр харамсалтай. Эрүүгийн цагдаагийн албаныхны баривчилж байгаа, манай ар гэрийнхэн болон надад хандаж байгаа хандлагууд нь хүртэл илэрхий эрүү шүүлт тулгасан хэлбэртэй. Баривчилж байх явцдаа хүртэл хэл амаараа доромжилж, толгой тархиараа даажигнах байдал гаргаж байсан. Би өөрөө цагдаагийн албанд ажиллаж байсан учраас хэзээ ч цагдаагийн албан хаагчид байж болохгүй ёс зүй, харилцааг над дээр ажилласан зарим нөхөд гаргасан. Энэ бол үнэхээр харамсалтай. Бид үнэхээр хариуцлагагүй нөхцөл байдалд амьдарч байна даа.

-“Сахигтун” үндэсний хөдөлгөөний гишүүд “Х.Бат-Ялалт ард түмний хүсэлтээр сонгуульд нэр дэвших боломжтой байсан. Гэтэл нэр бүхий улс төрчид захиалгаар сонгууль дуустал түүнийг хорьж байна гээд, суллахыг шаардаж, бүр хоёр ч хүн өлсгөлөн зарласан гэсэн. Биеийн байдал нь хэвийн үү?

-36 цагаар өлсгөлөн зарлаад, цагдаагийн албадлагаар татан буулгасан байна лээ. Би өнгөрсөн хугацаанд 10 мянга гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 2500 орчим иргэндээ өмгөөллийн туслалцаа үзүүлж ажилласан. Би маш их хүний нууц тээж явдаг. Надаас туслалцаа авсан маш олон дэмжигч манай ТББ-д байдаг. Тэд маань сэтгэл зүрхнээсээ зовж шаналж, миний араас чадах бүхнээрээ туслах гэж оролдсон юм билээ. Миний төлөө санаа зовж, миний үзэл бдодол, итгэл үнэмшил, шударга ёсыг тогтоохын төлөө хийж буй бүхий л санал санаачлагыг дэмжиж хамт байсан, сэтгэл санаа болон эд материалын тусламж дэмжлэг маш олон иргэн үзүүлсэн байна лээ. Тэгэхээр би зөв замаар явж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Саяын баривчилгаагаар ард түмэнтэйгээ байхад ямар хүчтэй юм бэ гэдгийг ойлгосон. Тэгэхээр би цаашаа шударга ёсны төлөө мятрашгүйгээр тэмцэнэ ээ. Миний мэргэжил эрүүгийн эрх зүйч. Тэгэхээр цагдаа, шүүх, прокурор шударга болж байж нийгэмд шударга ёс тогтоно. Тийм учраас шударга ёсны төлөө хийсэн 14, 15 жилийн тэмцлээ цаашид эцсийг нь хүртэл үргэлжлүүлнэ. Би 2009 оноос эхлээд би анх маш олон цагдаа, прокорур, шүүхийн дарамтад энэ байтугай л юм болж байсан. Тэр үед хүмүүс төдийлөн анзаардаггүй байсан бол одоо анзаарч дэмжиж байгаад маш их баяртай байна.

МИНИЙ ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХАМААРДАГ

-Таныг улс төрийн зорилгоор хорьж, далд хийх санаархал хэн нэгэнд байж болох уу?

-Би тийм л гэж хэлнэ. Маш тодорхой. Хэн нэгэнд ямар нэгэн зорилго байгаагүй бол хаа байсан 2016 онд болсон хэргээр 2019 оны гурван сард өргөдөл гаргах уу? Прокуророор харъяалал тогтоолгох гэж байна гээд энд тэнд яваад байсан гэж байгаа. 2020 оны нэг сарын 21-ний өдөр цагдаагийн хурандаа нар “Бавгар” компаниас их хэмжээний авлига авсан тухай асуудлыг хөндөж ярьсны дараа Эрдэнэчимэгийн гомдлыг шалгаж байна гэдэг байдлаар эрүүдэн шүүлтийн үйл ажиллагаа явуулж, удаа дараа дуудаж, дуудсан цагт нь очих цаг хугацаа орон зайн ямар ч боломжгүй зарлан дуудах хуудсуудыг өгч байгаад, дуудсан цагт ирээгүй гэдэг үндэслэлээр цагдан хорих арга хэмжээ явуулж байгаа нь эрүүдэн шүүлт, хэн нэгний захиалгатай явуулга гэж би ойлгож байгаа. Би Нямдорж гэдэг хүнийг хаана нэр дэвшинэ тэнд нь өрсөлдөнө гэж хэвлэлийн хурал хийж байхдаа хэлсэн юм. Магадгүй энэнтэй холбоотой байх. Дээрээс нь “Бавгар” гэдэг компанитай Нямдорж гэдэг хүн холбогддог. Мэдээж цагдаагийн байгууллага удирдаж байгаа, өөрийнх нь дор ажилладаг албан тушаалтнууд жирийн цагдаа нарт зорилтот бүлэгт зориулсан орон сууцандаа 360 м2 пентхаус хоёр ширхэгийг бариулаад, дарга цэрэг нартаа өгүүлнэ гэж ярьж байсан. Иймэрхүү асуудлуудыг хөндөж тавьснаасаа болоод би цагдан хоригдлоо гэж бодож байгаа. Түүнээс биш би гэмт хэрэг үйлдчихээд орох байх газраа олж ядаад оргон зугтаж байгаа хүн биш. Би албан тушаалтан, дарга цэрэг нарын дунд байгаа гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор л тэмцэж байгаа.

-Таны талаар зарим хүмүүс их таагүй ойлголттой явдаг. Сонгууль болонгуут ямар ч арга ашиглаад хамаагүй улс төрд орох сонирхолтой хүмүүсийн нэг гэж дүгнэгчид бий. Та юу хэлэх вэ?

-Цаг хугацаа л харуулна. Миний хэлсэн тоо баримтыг хар л даа. Над шиг 10 мянган хүнтэй уулзаж, тэр хүмүүсийн зовлонг сонсож, нимгэлж, дунд нь зовж үзчихээд, дүгнэлт хийх хэрэгтэй л дээ. Мөнгөтэй хүмүүст маш их эрх мэдэл байна. Эрх мэдэлтэй хүмүүст хэвлэл мэдээлэл, бүх юм байна. Түүгээр дамжуулж маш их гүтгэлэг, зөвхөн өөрсдийгөө эрх мэдэлтэй байлгахын тулд өөрсөдтэй нь хүчтэй өрсөлдөх хүмүүсийг гутаан доромжлох явдал бүр хэрээс хэтэрлээ. Одоо хүмүүс хэр баргийн юманд итгэхээ больсон. Хүнийг хэн нэгний үгээр биш, хийсэн үйлдэл, үлдээсэн ул мөрөөр нь дүгнэдэг болжээ. Би мэргэжилдээ л үнэнч байхыг хүсч байна. Тийм учраас хүн юу гэж хэлэх нь сонин биш. Гарч байгаа мэдээллүүд тодорхой зорилготой, миний алдар хүндийг гутаах гэсэн өчүүхэн сэдлээр хийгдэж байгаа. Тэрнээс ямар ч эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл байхгүй л гэж харж байгаа. Ер нь ард түмнээсээ урвасан, төсөв хөрөнгө мөнгө хулгайлсан, төр засагт ямар ч хяналтгүй дураараа авирласан этгээдүүд төрийн ордонд хууль бус юм хийдэг, түүнийгээ хамгаалахын тулд мөнгө зарцуулдаг. 26-хан секундын бичлэгийг 50 сая төгрөгөөр худалдаж авч байна гэдэг бол шударга хүний үйлдэл биш. Би Төрийн ордонд архи, тамхи хэрэглэж, секс ярилаа, миний буруу гээд мэдэгдэл хийчих хэрэгтэй биз дээ. Шударга хүний үйлдэл тийм л байх ёстой. Эрдэнэчимэг гэдэг хүн 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаад байна. Уянга тэр хоёрыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болсонд би их гайхсан. Би Х.Баттулга гэдэг хүнийг их алсын хараатай, шударга хүн гэж ойлгож явдаг. Гэтэл ийм ёсзүйгүй үйлдэл хийсэн хоёр хүнийг зөвлөхөөрөө хажуудаа авсан нь үнэхээр харамсалтай, гайхалтай санагдсан. Миний энэ хэрэг дээр Ерөнхийлөгч хамаардаг.

-Ямар байдлаар?

-Манай ах Монголын ардчилсан холбооны хамгаалалтын албыг хариуцдаг байсан. Эрдэнэчимэг гэдэг хүн МоАХ-ны Гүйцэтгэх захирал. Энэ утгаар манай ах энэ мөнгийг аваач гэх байдлаар нөлөөлж байсан зүйл байдаг. Одоо энийг ярих цаг нь болчихсон бололтой. Арай ч би Монгол Улсын Ерөнхийлөгч над руу ярьж, мөнгө төгрөгийг нь аваад наад асуудлаа зогсоо гэж ярина гэж бодоогүй. Ерөнхийлөгч маань ийм хүмүүсээр зөвлөхөө хийлгээд, тэднийг өөгшүүлээд явж байгаа нь тухай хүн ямар үзэл бодолтой хүн бэ, төрийн эрх мэдлийн талаар ямар ойлголттой хүн бэ гэдэг, өчүүхэн жижиг зүйлээс чиг хандлага тодорхойлогддог. Энд маш их харамсаж буйгаа илэрхийлмээр байна.

ИЙМ ХУУЛЬ ЗҮЙН САЙДТАЙ БАЙГААДАА ХАРАМСАЖ БАЙНА

-Та цагдаагийн байгууллагад нэлээн “аллерги”-тай хүн шиг санагддаг?

-Би жинхэнэ цагдаа хүн байхгүй юу. Би “аллерги”-тай биш, цагдаагийн байгууллагадаа хайртай хүн. Цагдаагийн байгууллага бүр “Ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө” гээд гоё хаягтай. Тэр үүргээ л биелүүлэх ёстой шүү дээ. Яагаад цагдаагийн байгууллагад авлигачин, гэмт хэрэг үйлдэх гэмт сэтгэлгээтэй, яагаад нэр алдрын төлөө гүйдэг тийм хүмүүс орчихоод байгаа юм бэ. Цагдаагийн албан хаагчдын нэр төрийг Бат-Ялалт унагаагүй шүү дээ. Ард иргэдтэй харилцахдаа л өдөр тутамдаа ялгаварлан гадуурхах, өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэсэн, намын харъяаллаар нь ялгаварлан гадуурхдаг, мөнгөтэй хүнийг дуудаж мэдүүлэг авч чаддаггүй. Мөнгөгүй хүнийг хэдэн сар жилээр хорьж байгаад шийтгэдэг ч байдаг юм уу. Энэ бүхэн цагдаагийн байгууллагыг муухай харагдуулаад байдаг учраас би цагдаагийн байгууллагаа хайрласандаа, хууль зүйн салбарыг хайрласандаа л өнөөдөр ингэж тэмцдэг юм. Хүмүүс үүнийг ойлгож байгаа байх гэж бодож байна. Би цагдаагийн байгууллага, төрийн албан хаагчдыг робот гэж ойлгодог.

-Яагаад?

-Цагдаагийн албан хаагчдад мөрдөх хууль нь байж байна. Дээрээс нь ёс зүйн дүрэм гэж байдаг. Энэ дүрмүүдээсээ өөр үйлдлүүд хийж болохгүй. Энийг зөрчвөл хууль дээдлэх зарчим алдагдлаа гэж хэлж байгаа юм. Цагдаагийн албан хаагчид ажлын байран дээрээ архидах, хувцсаа зөв өмсөж чадахгүй байх, ёс зүйн алдаа гаргах, энэ болгон манай цагдаагийн байгууллагыг муухай харагдуулаад байгаа учраас цагдаагийн байгууллагад өөрчлөлт хийх юмсан. Цагдаагийн байгууллага ард түмнийхээ төлөө үйлчилдэг байгаасай гэж хүсдэг. Шаардлагатай тохиолдолд ард түмнийхээ төлөө амиа өргөх тангарагтай. Энэ тангарагтаа үнэнч байж олон цагдаагийн албан хаагч залуучууд гэмт хэрэгтэй тэмцэх явцдаа амь эрсдэж байсан. Амь насаараа ард түмнийхээ амгалан амьдралын төлөө тэмцэж байсан залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр би цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг огт үгүйсгэдэггүй. Цагдаагийн байгууллага байх ёстой юу, байх ёстой. Гэхдээ цагдаагийн байгууллага байхдаа эрх мэдлээрээ далайлган автобусанд үнэгүй явчихъя гэдэг ч юм уу, аль эсвэл эрх мэдлээ ашиглаж байгаад, хэн нэгэнтэй хуйвалдаад, хэн нэгнийг гэмтэн болгоод, оронд нь мөнгө авчихъя гэдэг өчүүхэн, арчаагүй сэтгэлгээгээр ажил мэргэжилдээ ханддаг байдлыг л болиулах юмсан. Хөрөнгөжсөн хурандаа нар гэж хэн яриад байгаа юм бэ. Улс төрчид яриад байна. Нийгэмд хөрөнгөжсөн хурандаа нар гэж нэр томъёо болтлоо хөгжсөн асуудлыг шүүмжилснээрээ яагаад би цагдаагийн байгууллагад “аллерги”-тай хүн болж таарах вэ. Таныг энэ асуудлыг хөндөж ярьсанд маш их баярлалаа. Энэ байдлыг хүн болгон хэлдэг.

-Өөрөө цагдаа байсан байж "хөгийн амьтан" гэж хүмүүс танд дургүйлхдэг үү?

-Ангийн хүүхдүүд хүртэл нэг тавагнаас хоол иддэг байсан байж гэж хэлдэг. Би нэг тавагнаас хоол идэхдээ миний үзсэн, сурсан байх ёстой зарчим маань тийм замбараагүй, нохойн хороо шиг юм биш байхгүй юу. Тийм учраас би яг байх ёстой хэм хэмжээндээ, нийгэмд хүлээсэн, биелүүлэх үүргийнхээ дагуу л хариуцлагатай байгаасай гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсдэг. Манай төрийн албан хаагчид үүргээ биелүүлэх сэтгэл зүйн болоод, мэдлэг чадварын хувьд бэлэн байна уу гэвэл үнэхээр бэлэн биш байна. Үүнд бэлэн биш байгаад маш их сэтгэл зовж байна. Нийгмийн олон тулгамдсан асуудал ерөөсөө хариуцлагагүй, хяналтгүй, дураараа авирладаг, шунахайн сэдлээр эрх мэдэлдээ ханддаг энэ төрийн албан хаагчдаас болж Монгол Улсын дотоод асуудал үнэхээр их хүнд байдалтай байна.

-Ц.Нямдорж сайдтай “хонь, чоно” хэвээрээ юү? Тэр хүний худал, хуурмаг төрхийг илчилнэ хэмээн мэтгэлцээнд дуудсан удаатай. Ер нь уулзаж, санал бодлоо солилцсон удаа бий юү?

-Үгүй ээ, би гэмт хэрэгтэнтэй яах ёстой юм бэ? Надад эвлэрээд байх ч шалтгаан байхгүй. Яагаад гэхээр хуульч бид хуулинд л захирагдах ёстой. Хуулийн дагуу байя л даа. Нямдорж гэдэг хүн болохоор худлаа ярьж болдог, бусад хүн худлаа ярьж болдоггүй байж болохгүй. Шахаа хийчихээрээ хүүхдэдээ жаахан тусалсан юм ч гэж байх шиг. Хүний байранд би ашиглалтынхаа зардлыг төлөөд суудаг юм ч гэж байх шиг. Зургаан сая төгрөгөөр түрээсэлдэг байранд үнэ төлбөргүй суучихаад, тэрийгээ авлига гэж хэлэхгүй байна гэдэг шударга биш байгаа биз дээ. Гэтэл өнөөдөр иргэн хүн алга дарам газар дээр худалдаа хийхийн тулд 100-150 мянган төгрөгийн түрээс төлж байна шүү дээ. Түрээсийн гэрээ тэг төгрөгийн үнэтэй байна гэж хэлж байгаа Хууль зүйн сайдтай байгаадаа би харамсаж байна. Миний тэмцэл Нямдорж гэдэг хүний эсрэг хийж буй субъектив тэмцэл биш байхгүй юу. Би Нямдорж ч байна уу, Бат ч байна уу хэн ч байсан Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүний ажлыг нэр төртэйгөөр, өөрийнхөө эрх ашгийг хойш тавиад, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж чаддаг хүмүүс байгаасай гэж хүсч тэмцдэг юм.

-Өнгөрсөн онд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч амь насаа алдсан хэрэгт таныг буруутгаж, талийгаачийг сэтгэл санааны хүнд дарамтад оруулж, үхэлд хүргэсэн гэж Булган аймгийн цагдаагийн газраас танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Хэрэг ямар шатандаа шалгагдаж байна вэ?  

-Манайд иргэдээс маш их өргөдөл, гомдол ирдэг. Эрдэнэтийн Эрдэнэсайхан гэдэг хүнээс манай нэг ажилтныг ямар ч хууль зүйн үндэслэлгүй бариад явчихлаа гэсэн мэдээлэл ирсэн. Бид Ард түмний хяналтын төв гэдэг байгууллага байгуулж байгаа юм. Төрийн албан хаагчтай холбоотой гомдол, мэдээллийг цуглуулаад, төрөөс хараат бусаар хяналт тавьдаг байгууллага. Бид Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгчийн байран дээр очсон. Хэсгийн төлөөлөгч залуу байсан, бид уулзсан. Сумын засаг даргатай нь уулзсан. Орхоны Дорж гэдэг иргэнийг хохирогчийн гомдол байхгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх тогтоол, мэдүүлэг авсан, ямар нэг байдлаар албадлага хэрэглэсэн тухай нэг ч ширхэг цаас байхгүйгээр зүгээр л аваад ирсэн байсан. Энэ чинь өөрөө хууль бус ажиллагаа. Бид энэ байдлын бичлэгийг хийгээд, ямар ямар хууль зөрчсөнийг нь тэр хүнд ойлгуулаад, нэгэнт хохирогчийн гомдол, баривчлан саатуулах ямар ч бичиг баримт байхгүй учраас энэ хүнийг гэрт нь аваачлаа гээд бид аваад явчихсан юм. Дараа нь Булган аймгийн цагдаагийн дарга дээр ороод, танай төлөөлөгч ингэж хүний эрхэнд халдсан байна гэж мэдэгдсэн. Бичлэг нь бидэнд байгаа. Ингээд бид цагдаагийн байгууллагын албан хаагчийн хууль бус үйл ажиллагаанаас нэг хүний эрхийг хамгаалж, гэрт нь хүргэж өгсөн. Ийм ажил хийснээ, хэсгийн төлөөлөгч ингэж ингэж хууль зөрчсөн байна гэж бид олон нийтэд мэдээлсэн юм. Энэ мэдээллээс хойш 11 хоногийн дараа золгүй явдал болсон байсан.

-Яг ямар золгүй байдал болсон юм бол?

-Булган аймгаас Гурванбулаг руугаа явах замдаа аваарт ороод нас барсан юм шиг байна лээ. Энэ хэрэг дээр Хууль зүйн сайд ч нөлөөлсөн баримт надад байгаа юм. Тодорхой хүмүүст үүрэг даалгавар өгөөд, энэ хэрэгт холбогдуулж энэ хүнийг шалга гэсэн юм явсан байна. Надад хуульчийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх гэж оролдсон. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэсний дараа хуульчийн үйл ажиллагаа эхэлдэг. Прокурор дээр очоод эрүүгийн хэрэг үүсдэг гэхчилэн маш олон цаасны ажиллагаа явдаг. Эрүүгийн хэрэгт шалгах үндэслэл байгаагүй. Хүн өөд болсон байхад би хойноос нь янз бүрийн юм яримааргүй байна шүү дээ. Гэтэл өнөөдрийн эрх барьж байгаа цагдаагийн, хууль зүйн удирдлагууд хүний үхлийг шударга ёсны төлөө тэмцэл хийж буй миний эсрэг ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр арчаагүй, ёс зүйгүй, ёс бус. Өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалахын тулд ямар ч нөхцөл байдлыг ашиглаж, юу ч хийж болохоор өлөн золбин сэтгэлтэй хүмүүс төрийн эрхэнд байна гэж би шууд хатуу хэлмээр байгаа юм.

БИ ИХ ОЛОН ХҮНИЙ ЗОВЛОН ДУНД АМЬДАРДАГ УЧРААС ТЭР ҮЕД СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨ БАРЬЖ ЧАДААГҮЙ

-Х.Бат-Ялалт өмгөөллийн эрхтэй юү гэдэг асуултад хариулт авъя?

-Өмгөөллийн эрх гэдэг юмыг байхгүй болгохын тулд би тэмцээд байгаа юм. Өмгөөлөл гэдэг тухайн хүний эрх. Өмгөөлөл авч болно, авахгүй ч байж болно. Би сая өөрийн хилс хэрэг дээр жишээлж хүмүүст ойлгуулах гэж хичээж байгаа. Жишээлбэл, шүүгч надаас өмгөөлөгч авах уу гэж асуухаар би авахгүй, өөрийгөө өмгөөлнө гэж хэлэхээр “Та өмгөөлөгчийн үнэмлэхтэй юү” гэж асуухгүй. Би хажуудаа нэг хүн авчраад, энэ хүнээр өмгөөлүүлэх гэсэн юм гэхээр миний өмнөөс “Наад хүн чинь чамайг өмгөөлж чадах юм уу? Хуульч мөн юм уу?" гэх зэргээр санаа зовоод байгаа мөртлөө цаад агуулга нь ерөөсөө шүүх, прокурорынхон маань хүссэн шийдвэрээ саадгүй гаргахын тулд хэн нэгний саад байх ёсгүй гэсэн хориглолт хийдэг. Өнгөрсөн хугацаанд өмгөөлийн эрхийг маш их боомилсон. Социалист нийгмийн үед өмгөөлөгч гэж ажлыг нийгмийн шударга иргэд, багш, сэхээтнүүд хийж болдог байж. Гэтэл өнгөрсөн хугацаанд өмгөөлөх эрхгүй хүн өмгөөлөгчөөр авч болно гэдэг хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38.2 гэж заалт байсныг мэргэжлийн бус өмгөөлөгч оролцсоноор хүний эрх зөрчигдөөд байна гээд, намайг "Иргэдийн шударга шүүх" ТББ байгуулаад, маш эрчимтэй ажиллаж эхэлсэн цагаас Үндсэн хуулийн цэцээс боломжийг хязгаарласан. Энэ цагаас хойш манай өмгөөлөгч нар Хууль зүйн яамнаас авсан эрхээ алдахгүйн тулд хүндээ биш, төрдөө үйлчилдэг өмгөөлөгч болчихоод байгаа юм. Монгол Улсын Хүний эрхийн баталгаа бол өмгөөлөх, үг хэлэх, өөрийгөө хамгаалах. Тэгэхээр эрх зүйн орчинд өмгөөлөгчөөр дамжуулж өөрийгөө хамгаалах ганцхан боломж байдаг. Итгэсэн, үнэнч хүнээрээ өмгөөлүүлэх боломжийг нь хааж хязгаарлаж байгаа нь хэлмэгдүүлэлт, хууль бус зүйлийг дэвэргэх гол үндсэн шалтгаан болж байгаа юм. Надад хүн итгээд, өмгөөлөгчөөрөө сонгоод, туслаач гэвэл би туслалцаа үзүүлэхгүй суухгүй. Би туслах л болно.

-Та сүүлд мэдээлэл хийхдээ уйлсан. Монгол эр хүний нулимс ховор гэдэг?

-Би ч их олон хүний зовлон дунд амьдардаг. Ер нь хуульч хүн бусдын зовлонг сонсоод анагаах, сэтгэлийн дэм өгөх хүн гэж би ойлгодог. Тэр утгаараа би маш их хүний харамсалтай түүх, маш их нууцыг тээж явдаг. 15 мянган хүний зовлон сонссон гээд бод доо. Хүмүүс надад итгэж зовлонгоо ярьдаг. Тэр зовлонг нь сонсохоор үнэхээр арай ч дээ, энэ хүн чанар гэдэг чинь яачихсан юм бэ гэж бодмоор. Жишээлбэл, ээж охин хоёр өглөө босоод, шүүх дээр очоод хамт амьдарч байгаа байраа булаацалдаж байна. Ах, дүү хоёр малчин нэг нэгнийдээ очихгүй гээд уулан дээр хашаа бариад, чулуун хороо босгож байна. Над дээр орж ирж буй түүхүүдийг сонсоод, ангилаад үзэхээр үнэхээр санаа зовоосон, хүн чанар гэдэг юм байхгүй болсон нь ажиглагддаг учраас би маш их бухимдаж явдаг, нэгд. Хоёрдугаарт, энэ бүхэнтэй тэмцэх ёстой байгууллагууд маань тэмцэхгүй, тэмцэж байгаа биднийхээ эсрэг ажилладаг болчихсон. Би ингэтлээ их бухимдаж явсан учраас тухайн үед сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадаагүй явдал болсон л доо. Ийм баян улсад, ийм цөөхөн хүн амтай, ийм өргөн уудам газар нутаг дээр ингэж арчаагүй амьдраад, баярлаж бахархаад байх юм байхгүй байна. Хүний амынх нь 98 хувь нь ядуу. Хоёрхон хувь нь хагарталаа баяжчихсан. Алтны уурхайд ажиллаад, цалингаа авч чадахгүй байна. Хятадуудын төлөө өөрийнхөө баялгийг ухаж өгчихөөд, we chat-аар "Ах аа, надад пүүз аваад өгөөч” гээд 2 сая төгрөгийн цалин авах ёстой хүн 50 мянган төгрөг гуйгаад сууж байхыг харах сайхан байх уу? Иймэрхүү зовлонгууд сонсдог. Энэ мэт тохиолдлуудад "Надад ямар ашигтай юм бэ" гэдэг байдлаар ханддаг дарга нарыг хараад би үнэхээр хор шар буцалдаг. Би хэлсэн шүү дээ, цус урсгах ёстой бол урсга гэж. Бидний өвөг дээдэс хичнээн хүний амиар, хичнээн литр цусаар өнөөдрийн бидний эрх чөлөө, аз жаргал гэдэг юмыг авчирсан билээ.

-Таны эцсийн зорилго улс төрд орж, УИХ-д суух уу?

-Миний эцсийн зорилго хүн болгон эх орондоо, эзний ёсоор сайхан амьдрах. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс төрд орох шаардлагатай бол орно. Улс төрд орно, гарна гэж юуг хэлээд байгаа юм бэ? Би одоо ч гэсэн нийгмийн сайн сайхны төлөө төрийн эрх мэдэл байхгүй мөртлөө төрийн эрх мэдэлтэй хүмүүсээс ч илүү ажиллаж байна. Маш олон хүнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Маш олон хуулийн санал гаргаж, маш олон шинжлэх ухааны бүтээл гаргалаа. Би сайн дураараа ажиллалаа шүү дээ. Ард түмэн үнэхээр дэмжлэг үзүүлээд, төрийн төлөө, Монгол Улсынхаа төлөө зүтгээч ээ гэвэл би буцахгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж