СЕХ-ны гишүүнээр Б.Баасандорж, С.Баатаржав нарыг томилохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

СЕХ-ны гишүүнээр Б.Баасандорж, С.Баатаржав нарыг томилохыг дэмжлээ

СЕХ-ны гишүүнээр Б.Баасандорж, С.Баатаржав нарыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.04.28/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ:

-Хямрал үүсвэл асар том хохирлыг энэ улс эдэлж магадгүй байна. Чуулган завсарлахтай холбоотойгоор зарим асуудлыг шуурхайлаад байх шиг байна. Гишүүдийн саналыг маш сайн сонсох хэрэгтэй байна. Тиймээс ч би санал өгсөн. УИХ-ын өөрийн дархлаа, гишүүний бүрэн эрхэд дэндүү ихээр халдсан заалт бүр буруу үйлдэл рүү аваачна. Гишүүдийг эргүүлэн татах нь гэмт хэрэгт холбогдсон, прокурорын саналаар татах ёстой. Үүний дараа сонгогчдын саналаар эргүүлэн татах заалтыг оруулах нь зүйтэй. Сонгогдсон газрынх нь сонгогчдын саналыг сонсох нь зөв. Нэгэнт сонгогчдоороо үйл хэрэг, ажлаа дүгнүүлэх нь зөв юм. Гишүүдийн тангараг нь үг, өгүүлбэр бүр нь нийт түмэнд сонсогдох учраас зарим үгийн утга найруулгыг анхаарах ёстой болов уу.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Үндсэн хуультай зөрчилдсөн УИХ-ын хуультай дараагийн парламентыг эхлүүлж болохгүй учраас УИХ-ын тухай хуулийг өргөн барьсан. Тиймээс заавал батлах ёстой хуулийн нэг. УИХ-ын гишүүний хариуцлагатай холбоотой хуралдаа суухгүй, хуулиа санаачлахгүй, үүргээ биелүүлэхгүй ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ. Үнэхээр гишүүний чиг үүргээ биелүүлж чадахгүй бол сонгогчид саналаар хариуцлага тооцно. Парламентын тогтворгүй байдлыг бий болгох учраас сонгогчдын саналаар эргүүлэн татаж болохгүй гэж үзсэн, хууль санаачлагчид.

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Сонгогчдын саналаар гишүүнийг эргүүлэн татах асуудал мөнхийн тавигддаг санал. Чөлөөт мандатын хэлбэр нь парламентын гишүүн нь нийт ард түмнийг төлөөлдөг учраас парламентын бие даасан байдлыг хангах үүднээс энэ заалтыг оруулж болохгүй. Үндсэн хуульд заасан учраас сонгогчдын саналаар гишүүнийг татах заалтыг оруулж болохгүй байгаа. Би ч гэсэн болохгүй байгаа хүнийг сонгогчид нь татдаг байх саналтай байгаа ч Үндсэн хууль зөрчиж болохгүй байгаад байна.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат зарчмын зөрүүтэй санал гаргаж, "сонгогчдынх нь олонх дэмжсэн бол гишүүнийг эргүүлэн татах" саналыг гаргасан бөгөөд энэхүү саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанд шилжүүллээ. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

БАЙНГЫН ХОРОО ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭЖ ҮЗЭВ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн. Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, олонхын саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Ингээд байнгын хорооны дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. 

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэхийг дэмжлээ. Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Р.Содхүүг өөрийнх нь хүсэлтээр, Ө.Энхтөр нарыг чөлөөлөх бөгөөд тэдний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарыг томилох саналыг хэлэлцэж, дэмжлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж