"Төр биднийг мартаж, хүний тооноос хасчихсан" | News.MN

"Төр биднийг мартаж, хүний тооноос хасчихсан"

"Төр биднийг мартаж, хүний тооноос хасчихсан"

"Төр биднийг мартаж, хүний тооноос хасчихсан"

Хотын гэр хороолол дунд хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж, хоосон хонож буй айл ч олширчээ. Өдөр, өдрийнхөө хоолыг зээлээр авч буй өрхүүдэд хорио цээр том цохилт болж, хоногийн хоолоо авч хүчрэхгүй хар усаар голоо норгож, амьдрахын тулд хог ухахаас өөр аргагүйд хүрч буй айл олон.

Хаа холын Африкийн өлсгөлөн хаяанд, хотын захад бараг нүүрлэчихээд байгааг энэ удаагийн сурвалжлагаар хөндлөө. Учир нь, саяхан өлсөж нас барсан гэх хүүхдүүдийн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан ч албан хүмүүс өвчний улмаас нас  барсан болохыг залруулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяа, Алтан-Овоогийн задгай гэх газарт хэсэг айл хашаа хатган буужээ. Зарим нь бүр хаалга, үүдгүй гэрүүд. Уулын энгэр бараадаж, буусан нэгэн айлаар орвол иргэн Г.Чулуунхүүгийнх аж. Тэрбээр ам бүл зургуулаа, өрх толгойлсон эмэгтэй. Ажил оръё гэхнээ 50 настай түүнийг хөгшин гэж голох нь элбэг. Дээр нь танил, талгүй бол ажилд авахгүй. Тиймээс бүлээ тэжээхээр Улаанчулуутын хогийн цэгээс хог түүж хоногийн хоолтойгоо залгахаас өөр аргагүйд хүрсэн гэдгээ ч ярилаа. Түүний хэлснээр улирлаасаа шалтгаалан өдрийн орлого нь 5-20 мянган төгрөгт хэлбэлздэг аж. Зуны улиралд ихдээ 30 мянган төгрөг ч гэсэн дунджаар 5-10 мянган төгрөгийн орлоготой гэртээ ирдэг аж. Улаанчулуутад ажиллахгүй бол усаар голоо норгож хоосон хоноход хүрдэг гэнэ.

"АМЬДРАХЫН ТУЛД ҮНСТЭЙ ЗУУРАЛДАЖ, ХОГ УХАЖ ЯВНА ДАА"

Иргэн Г.ЧУЛУУНХҮҮ: 

-Улаанчулуутын хогийн цэг рүү гарахгүй нэг өдөр өнжвөл манайх хоосон хононо. Гурил тос байвал мантуу ч болтугай хийж иднэ. Байхгүй бол усаа л ууна. Улаанчулуутын хогийн цэгт ажилласан тохиолдолд шөнөөр гэрийн бараа харна шүү дээ. Олсон мөнгөөрөө заримдаа махаа ч авч хүчрэхгүй. Одоо мах битгий хэл жижиглэн ч нүдний гэм болоод байна. Сардаа тоотой хэдэн удаа  мах иднэ. Хоолгүй хонох өдрүүд олон. Ер нь иргэдийн амьдрал доройтсон. Коронавирусээс болоод гэнэтхэн иргэдийн амьдрал муудчихсан юм биш, үүнээс ч өмнө доройтчихсон.  Засгийн газраас иргэдээ дэмжинэ мөнгөн тусламж үзүүлнэ гэдэг. Ирдэг мөнгө, дэмжлэг нь ч алга.  Үүний оронд ажлын байраар хангаж өгөх хэрэгтэй байна. Хоосон амлалтаар нь ходоодыг маань цатгахгүй шүү дээ. Дарга, даамлууд бидний амьдралтай нэг удаад танилцаад үзээсэй гэж бодож явдаг. Арван хуруу хөдөлж байгаа цагт хоногийн хоолны мөнгөө олно. Гэтэл намайг авах ажил алга. Би дуртай сайндаа хогийн цэгт ажилласангүй. Амьдрахын тулд, хоолгүй хонохгүйн тулд үнстэй зууралдаж, хог ухахаас өөр аргагүйд хүрч байна. Намайг зургаан жил хогийн цэгт ажиллаж байхад төрийн өндөрлөгүүдээс нэг нь ч ирж уулзаж байгаагүй. Улаанчулуутаас хоногийн хоолтойгоо залгаж буй хүмүүс хүний тооноос хасагдсан. Тэд нэн ядуу айлууд нь яаж амьдарч байгааг мэддэггүй. Ийм судалгаа ч хийдэггүй. Ардууд нь яаж амьдарч байгааг эрх баригчид мэдэхгүй. Манайх шиг хоолгүй хонож байгаа айл олон. Коронавирусээс илүүтэй иргэд нь өлбөрч үхэхэд ч бэлэн байна.

Түүний охин Ч.Чулуунцэцэг 30 настай. Гэвч ажил хийх боломжгүй тул гэртээ хүүхдүүдээ харахаас өөр сонголт үлдээгүй аж. Гэрт нь 3-15 насны дөрвөн хүүхэд байгаа ч тэд хоолтой хонох эсэх нь эргэлзээтэй. Хөргөгч нь хоосон аж. Гурван хүүхдийн ээжийн хэлснээр зарим үед Улаанчулуутын хогийн цэгээс  хиам, тортны үйлдвэрийн хог хаягдлаар хоолоо залгуулдаг байна. Цагаан сарын дараа иргэд ууц өвчүү, хэвийн боовоо хаях нь элбэг тул нэг хэсэгтээ л хоолтой залгадаг аж.

ХҮҮХДИЙН МӨНГӨӨР Л АМЬДАРЧ БАЙНА

Иргэн Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ: 

-Барилга дээр ажиллаж байгаад хоёр давхараас унаж нуруугаа хугалснаас хойш ажил хийх боломжгүй болсон. Ээж, дүү нартайгаа хамт хааяа Улаанчулуут дээр ажилладаг юм.

Цагаан сарын дараа хүмүүс ул боов, ууц өвчүү, сүүл хаях нь их. Тэр үед сүүлийг нь шаргааж боорцог хийнэ. Ууц өвчүүг нь сайхан цэвэрлэж байгаад хоёр гэрээрээ хувааж иднэ. Заримдаа торт, хиамны үйлдвэрээс гарсан хаягдал болох хиам, тортоо шуудайд чихэж авчраад л бас хуваагаад хэдэн өдөр л иддэг.

Хогийн цэгээс хоол түүж идлээ гээд үхсэн хүн алга. Өвдсөн хүн ч алга. Хоол ундаар хомс айлууд олон байна. Жишээ татахад, манайх хүүхдийн мөнгөөрөө амьдарч байна. Улаанчулуутад ажиллаж олсон мөнгө өдөр өдрийн хоолтой залгуулдаг юм. Хоолгүй ч хононо. Ээж маань ажил хийе гэхээр ажил олгогч нар голоод авахгүй, би нурууны хүнд хагалгаанд орсон ч биедээ таарсан ажил хийе гэхэд нийгмийн даатгал төлөхгүй, эсвэл боловсролгүй гээд голчихдог. Бидний амьдралд коронавирус, хөл хорио нэрмээс л болж байгаа. Хэрэв хорио цээр чангарвал бид л хэцүүдэх байх. Ер нь баян, ядуугийн ялгаа маш их болсон. Мөнгөтэй нь ой мод, зам дагуу газар хэдэн га-гаар нь худалдан авч, мөнгөгүй бид уулын энгэр, хад асга, жалга л бараадаж байна шүү дээ.

ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДЛААС БОЛЖ ХОЁР Ч УДАА ҮР ЗУЛБАСАН

Иргэн Г.Чулуунхүүгийн хөрш Б.Батхуяг 33 настай. Хүүхдүүдийг нь харах хүнгүй учраас ажил хийх боломжгүй аж. Бас  гурван хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг гэнэ. Гэвч сарын 90 мянган төгрөг хаана ч хүрэлцдэггүй аж.

Иргэн Б.БАТХУЯГ: 

-Коронавирусээс болж манайх  мах идэхээ больсон. Хүүхдийн мөнгөнөөс гадна нөхөр маань Өмнөговь аймагт ажилладаг, олсон мөнгөө бидэн лүү явуулж, хүнс залгуулдаг байсан. Халдварт өвчний сургаар хөл хорио тогтоосон болохоор нөхрийн ажиллаж байсан уурхай хаагдаж, ажилгүй болсон. Уг нь хааяа мах авч иддэг байсан юм.  Би таван сартай жирэмсэн, гэдсэн дэх хүүхэд маань дархлаа султай төрөх вий гэхээс их айж байна.  Гурван өдөр мах идэхгүй байх нь байдаг  зүйл. Хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд гамбир, мантуугаар аргалж байна гэлээ.

Б.Батхуяг хааяа дэлгүүрт өр тавьдаг ч коронавирусийн халдварын улмаас зээл олгохоо больжээ. Дээр нь жилийн өмнөх 15 мянган төгрөгийн өрөө төлөөгүй учраас дэлгүүр зээл өгөхөө больж.  Түүний ууган охин 10 настай, тавдугаар ангийн сурагч. Хичээл нь карентилсан тул теле хичээлийнхээ даалгаврыг заримдаа айлын интернэт гуйж  хийдэг, сургуулийнхаа үдийн хоолоо, найзуудаа санадаг тухай хэлж байсан юм.

СУРГУУЛЬ АМАРЧ, ХҮҮХДҮҮД УЛААНЧУЛУУТАД АЖИЛЛАЖ БАЙНА

Дараа нь Улаанчулуутын хогийн цэг дээр очив. Тэнд хүн хөдөлгөөн "оволзож" байлаа. Бүгчим өмхий агаарт амьсгалахад бэрх бөгөөд саарал үнс нүд хорсгож, ур дахь зам харагдахгүйд хүрч байв. Хог ачсан машины цуваа тасрахгүй, машины урдуур хойгуур гүйх хүүхэд ч олон. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноор гэр бүлийнхэндээ туслахаар хогийн цэг дээр ажиллаж буй хүүхдүүдийн тоо нэмэгджээ. Томчуул нь хогоо ангилан ялгаж, бас түүж харагдана. Энд ажиллаж буй хүмүүсийн тухайд ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд бас гэр бүлээ тэжээж буй аав нар байлаа. Тэдний хувьд цар тахлаас болж амьдрал нь хэцүүдсэн, түүхий эдийн худалдан авалт, үнийн өсөлт, хүүхдүүдэд зарцуулах урсгал мөнгөний зардал ихэссэнийг хэлж байв. Харин цөөнх нь л Улаанчулуутаас өдөрт 100 мянган төгрөгийн орлоготой амьдардаг тухайгаа хэлж сайрхаж байв. Гэвч дийлэнх нь маш бага орлоготой, нэн ядуу өрх хогийн цэгээс амьжиргаагаа залгуулж байна. Тус хогийн цэгээс 300 орчим иргэн амьжиргаагаа залгуулдаг гэх тоон баримт бий. Зуны улиралд энэ тоо өсч 600-д хүрдэг байна.

Хогийн цэгт ажилладаг амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх “Нарны хүүхдүүд” цэцэрлэг байгуулагдсан ч одоо үйл ажиллагаагаа хаажээ. Цэцэрлэг хаагдсаны улмаас олон хүүхэд хүнд нөхцөлд амьдарч байгаа нь нууц биш.

НЭН ЯДУУ ӨРХҮҮДЭД ТУСАЛДАГ ГАДНЫ ТУСЛАМЖ ЗОГСОХОД ХҮРЧ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН

“Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.БОЛОРМАА: 

-Манай ТББ-ын цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд харьяалагддаг. Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг хүмүүсийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог, гэр хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг цор ганц цэцэрлэг. Одоогоор 130 хүүхэд бүртгэлтэй байна. Хүүхдүүдийн хувьд өмнө нь цэцэрлэгтээ өглөө, өдөр, оройн хоолоо идэж, дуу бүжгээ сурч өдрийг өнгөрүүлдэг байсан бол одоо хөл хорио тогтоосон болохоор гэртээ хүнд нөхцөлд амьдарч байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссоноос хойш бид хүнд хэцүү нөхцөлд амьдардаг гэсэн хүүхдүүдийнхээ гэрт нь очиж, хоёр удаа хүнсний тараалт хийсэн. Тэдэнд дахиад л тусламж хэрэгтэй байна. Бид нийт 40 айлаар ороход үнэхээр хүнд хэцүү нөхцөл байдал угтдаг. Ээж нь 2-3 хүүхэдтэй ажил хийх боломжгүй, аав маш бага цалинтай. Хүүхдүүд хоолтой байхаас илүү хоолгүй. Олон хоногийн өмнөх гурилтай шөлнөөс өөр идэх хоолгүй. Гэтэл хоолгүй хонож буй айлууд маш их байна шүү дээ. Манай цэцэрлэгийг үүсгэн байгуулсан канад эмэгтэй аялал жуулчлалаас олсон мөнгөөрөө нэн ядуу гэсэн айл өрхүүдэд тусламж үзүүлдэг байсан ч одоо энэ хандив цар тахлаас болж зогсоход хүрсэн. Хэрэв цаашид нөхцөл байдал хүндэрвэл өлсгөлөнгөөр хүүхэд нас барах аюул ч ойрхон байгаа.

ХАЛАМЖ, ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ХҮСЧ ХОРООНД ХАНДАХ ИРГЭДИЙН ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 7800 орчим хүн харьяалагддаг байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон сүүлийн гурван сарын хугацаанд хорооноос хүнсний тусламж, халамж хүсэх иргэдийн тоо эрс нэмэгджээ. Одоогоор 15 хүн хүнсний талонд хамрагдах хүсэлтээ өгсөн нь их тоо гэдгийг хорооны Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн  Э.Баянжаргал  хэлж байв. Түүний хэлснээр цар тахлаас үүдэн хүнсний талонд хамрагдсан иргэддээ тусламж үзүүлж чадахгүй байгаа аж. Учир нь айл өрхүүдээр орж, үнэлгээ хийх ёстой боловч хөл хорио тогтоосон тул айлуудаар очих боломж нь хумигджээ.

Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн  Э.БАЯНЖАРГАЛ: 

-Хорооны ачаалал их байна. Хүмүүсийн дийлэнх нь хүнсний талонд хамрагдах хүсэлтэй, халамж хүссэн иргэд байна. Нэн ядуу өрхүүддээ тусламж дэмжлэг үзүүлэхэд судалгаагаа нарийн гаргах хэрэгтэй байна. Жишээ нь, манай хороонд бүртгэлгүй айл өрх ч олон байгааг үгүйсгэх аргагүй. Хаягийн бүртгэлгүйн улмаас хүнсний тусламж авч чадахгүй хаягдаж буй айл өрх олон байна. Одоо өргөдлөө өгсөн 15 хүн ч бүгд хүнсний талонд хамрагдана гэж хэлж чадахгүй. Айлуудаар нь очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж байж талонд хамруулна. Дээр нь хүүхдийн мөнгөө авах уу, хүнсний талоноос хасуулах уу гэдэг сонголт тулгарч байна. Тэгэхээр амьжиргааны түвшнээс доогуур орлоготой буюу сард 150 мянга, түүнээс бага мөнгөөр амьдардаг иргэдээ судалж, бодит тусламж үзүүлэх хэрэгтэй байна.


Хороо дүүрэг, ТББ-аас гадна Улаанзагалмайн нийгэмлэгээс ч хүнсний тусламж хүсэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Тус нийгэмлэгээс хэдийгээр эмзэг ядуу өрхөд тусламж хүргэж байгаа ч хүн бүрт тусламж хүргэж хүчрэхгүй байгаа нь үнэн. Учир нь хэчнээн өрх хоолгүй хонож байгаа тухай нарийвчилсан судалгаа байдаггүйтэй холбоотой. Гэлээ ч ирэх долоо хоногоос дахин 3000 өрхөд хүнсний тусламж хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.

Хоол тэжээлийн дутагдлаас үүдэн хүүхэд амиа алдахыг ч үгүйсгэх аргагүй хүнд цаг үед 3.2 тэрбумаар Сүхбаатарын талбайд Хонхтой цэцэрлэгт усан оргилуур барих нь хэр оновчтой шийдвэр вэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-28 202.21.108.188

шал утаггүй

Avatar

Зочин 2020-04-28 185.220.101.196

Мал бол хариулж таргалуулж байгаад алаад идчих юмсан хүн болхоор алж идэж болохгүй юм өөрсдөө хар толгойгоо зөв аваад явахад болох юм бишүү. Арчаагүй ухаан дорой хүн хүний боол болдог.

Avatar

Зочин 2020-04-28 66.181.189.80

Өмнөх олон жилүүдийн Төрийн завхарал, сэтгэлгүй идэж уултаас болсон үр дүн. Гэхдээ та бид л өөрчилж чадна шүүдээ. Заримдаа өөрийн залхуу залхаг зангаас болсон байдаг шүү. Уг нь хөдөө сайхан нутаг, мал, ногоо гээд л байнадаа

Avatar

Зочин 2020-04-28 202.126.88.41

арчаагуй,залхуугаас гээд эдгээр хумуусуудийг буруутгаж болохгуй.энэ шууд торийн хун амыг ажилтай болгох бодлого буруу гэдгийг харуулаж байгаа хэрэг.хун хэзээч муу явиа гээд боддоггуй шуу дээ.тор ажилтай болгох арга хэмжээ аваач ээ.

Avatar

зочин 2020-04-28 202.179.24.132

Бичсэн сэтгэгдэл ягаад орохгүй байгаан! элбэгдөржийх юм уу?

Avatar

Иргэн 2020-04-28 202.179.24.132

Ард түмэн минь гэнэн ах дүүс минь энэ улсад төр алга байна. Та бидний төлөө зүтгэх хүн энд алга ! Жоохон ухаараад сэрээтэх одоо өөрөө өөрсдийн төлөө бүгд тэмц зүтгэ,эх орон чинь гадны гар хөл болсон мөнгөний боолууд, эрлийзүүдээ дээрээ залчаад өөдлэхгүй 30 жил явлаа, яс махаараа үзээд итгэж байна уу ? Одоо болноо цаашаа бид өөөрсдөө эх орондоо эзэн болоё !

Avatar

ганди авгайгийн амлалт хаана бна 2020-04-28 66.181.183.26

хийх ажил хаана бгаа юм,жижиг дунд үйлдвэр бгаа юу 30жилийн дотор хичнээн үйлдвэр бий болгож ажилчин хүний амидрал чинээлэг хангалуун болгосон ни хаана бна,30жилийн өмнө цагаан давааны хогын цэгээс ганди гэж авгай юу яриж амлаж байсан бичлэгийг харчих,тэр амидрал дүр төрх өнөөдөр монголд хэвээрээ бна.энэ ахиц уу,дэвшил үү,төр засгийн хотны ноход ждүсангийн жил болгоно хоосруулж ард олоноо өлсгөлөн ядуу тарчиг байдалд оруулж бгаан энэ биш үү.ийм улс гэж байж боломгүй юм.

Avatar

Зочин 2020-04-28 176.63.23.34

Ажил хийх хүн олддоггүй Монголд. Олдохоороо архи уугаад явчихдаг. Төрийн үүрэг гэж байлгүй л яахав. Гэхдээ хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн шүү

Avatar

үнэн 2020-04-28 103.9.90.130

Уг нь барилгын ажил , туслах малчин , ногоочин гээд ажил байдаг л юм билээ яагаад энд хорогдоод байдаг юм болдоо.

Avatar

Зочин 2020-04-28 192.82.77.64

Хог түүх гэдэг мундаг ажил. Хогноос ахин боловсруулах түүхий эдийг цуглуулан боловсруулах нь эх дэлхийдээ сайн үйл хийж байгаа хэрэг. Муу муухай ажлыг хэн нэгэн хийхгүй байвал орон сууцны чинь жорлон бөглөрөхөд хэн засах вэ. Нийгэмд нэг нэгнийхээ хийхгүй ажлыг хийж нөхөж явах ёстой бус уу.

Avatar

Зочин 2020-04-28 182.160.36.239

Тэгвэл хийж байгаа ажилдаа яагаад гомдоллоод байгаан

Avatar

ухамсаргүй хүмүүс 2020-04-28 199.249.230.72

Ногоо тарьж, мал хариулахаас илүү амархан ажил болоод эндээ нутагшаад байгаад байна. Ашигтай хоол олж идээд байгаа учраас байгаад байгаа юм. Маш амар хялбар аргаар амьдрахыг хүсдэг хүмүүс. Монголд юу бол газар байна захаас ногооны үр аваад тарьчихвал намар ургац авчихна. Энэ хүмүүс ийм хүнд ажил хийж чадахгүй учраас амар хог түүхийг сонгосон. Солонгос улс шиг газар хэдэн тэрбумаар үнэлэгддэг улсад амьдарч байгаа бол за арга байхгүй юм даа гэх юм зүгээр арчаагүйдээ ингэж амьдарч бэлэнчилж байна.

Avatar

Зочин 2020-04-28 202.21.112.195

Emeelt orod l doloo hongiin gedes tsuvdagaa unegui avah hergetei shd. yun mah gedes saihan shd. hamgiin shimtei. archaagui l daa. ene humuus oorsdoo. gol huuhduud l zovood bh shig. etseg ehee songoj toroh bish dee

Avatar

Зочин 2020-04-28 202.21.116.12

Мѳнгѳгүй, хоолгүй гэсэн мѳртлѳѳ хоосон хѳргѳгчѳѳ залгачихсан, нүүр амаа будчихсан тарга тэвээрэг сайтай зэргээс харвал тийм ч хүнд амьдралтай биш байлгүй.

Avatar

s 2020-04-28 122.201.20.194

-Барилга дээр ажиллаж байгаад хоёр давхараас унаж нуруугаа хугалснаас хойш ажил хийх боломжгүй болсон. Ээж, дүү нартайгаа хамт хааяа Улаанчулуут дээр ажилладаг юм.

iim bolson hun yum bn

Avatar

Зочин 2020-04-28 202.21.116.12

Huurhii ter gemteltei huuhniig heleegui yum. Busdin tsaraig haral daa.

Avatar

Зочин 2020-04-28 202.21.116.12

Хоолгүй хүн тийм тарган байдаггүй юм!

Avatar

Зочин 2020-04-28 202.21.112.195

ovchin bj bolnosh dee hu. targa bol ovchin

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.66

Яваандаа амин зуулга бүр ч хэцүүднэ. Ойрын 2-3 жил дотор лав эдийн засаг улам бүр уналтанд орно. Тэрнээс цаашихыг мэдэхгүй. Энэ улс тэтгэвэр, тѳсвийн цалингаа тавьж чадахаа болино. Ипотекийн зээлтэй иргэд хямралд хамгийн их нэрвэгдэнэ. Энэ маш ѳндѳр магадлалтай. Хѳдѳѳ л гар. Тэнд л амьдрал бий.

Avatar

Зочин 2020-04-28 66.181.185.184

Eostoi doo. Nutag orondoo heden malaa usguud amidarval henees ch dutahgui l bailtai. Hiih ajilgui gej hotod boognorch yaduu ulssunuu gaihaj bhaar.

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.66

Хѳргѳгчтэй айл байна. За даа маний хѳргѳгч ч бас хямралын үед нэг иймэрхүү л байгаа шүү. Хѳдѳѳ гарвал зүгээр дээ. Сумын тѳв, цаашлаад мал дээр гарвал бүр ч зүгээр. Зардал бага, дажгүй амин зуулгатай байх л гэж үзнэ шүү.

Avatar

Хэний телее амьдраад байгаам бэ 2020-04-28 66.181.184.36

Хун бур еерийнхее телее амьдардаг капиталист нийгэмд байгаагаа, гэр бул телевлелтее ухамсарлаагуй ийм хумуус хирээ мэдэхгуй зулзагалаад хун хогууд уйлдвэрлээд байхым. Хунийг хун шиг амьдруулж чадахгуй бол битгий хуухэд гаргаж зовоогооч, гаргахгуй байх чинь тэр хуухдэд хийж байгаа буян шуу. Монголд хун хогууд хэрэггуй, боловсролтой ухамсартай чанартай иргэд хэрэгтэй. Хуний олноор хегждеггуй, цеен ч гэсэн иргэд нь чанартай бол хегждегийг Norway, Luxembourgh, Monaco, г.м. улсууд харуулж байна.

Avatar

Унэн шуу 2020-04-28 122.201.31.50

Хатуу ч гэсэн унэн уг хэлжээ

Avatar

зочин 2020-04-28 103.14.38.144

аргатайдаа л хог түүв гэж дээ. эд нарыг ажилтай орлоготой болгох гээд үзвэл ямар бэ, хэдэн мал гэр өгөөд хөдөө гаргавал амьдраад явах хэсэг хүмүүс бий болно. бүр арчаагүй нэг нь шаарлагдана. ингэж нэг үзэх хэрэгтэй. тэр хоосон хаяад байгаа толгой цувдай гэдэг чинь маш их чанартай хоол шүү дээ. эд нарт өгдөг жухамтай болох хэрэгтэй. 7 хоногтой 1-2 удаа заавал хоол өгдөг усанд оруулдаг яг хүн болж төрсөнийх сайхан сэтгэлээр өргөдөг байх хэрэгтэй шүү дээ. бусад орны жишгээр хүнээ хаяхгүй байх н

Avatar

Зочин 2020-04-28 202.131.245.243

Элбэгдорж ганцаараа баяжиж, монголчууд нийтээрээ ядуурсны нэг жишээ энэ байна даа.

Avatar

99999 2020-04-28 103.20.152.50

Эмээлтэд мал гаргасан хүмүүс дотор гэдсийг маш их хэмжээгээр хаядаг биз дээ. Түүнийг нь авдаг болох юмсан. Шинэ гэдэс бол сайхан хоол шүү дээ. Энэ хүмүүст хэлэх юмсан даа….ЭНЭ МАШ ЗӨВ САНАА БАЙНА ДАА.. ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХУРДАН БУЦАЖ ОЧООД ЭНЭ ХҮМҮҮСД ХУРДАН ХЭЛ ХҮРГЭЭРЭЙ….

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.91

Ийм олон хүүхэдтэй өрх толгойлсон хөгшин эмэгтэйг бие муутай охинтой нь хамт малчнаар авах мянгат олдох уу, айн? Хэн тоож авдаг юм? Малтай болохын тулд эхний ээлжинд төл худалдаж авах хэдэн сая төгрөг, хашаа хороо, худаг ус хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-28 66.181.185.184

Эд нар голдуу хөдөөнөөс л ирсэн хүмүүс бгаа ш дээ. Хөдөө ах дүү дээрээ очиход захын айл нь малаасаа илүүчлэх блгүй. Манай хөдөөний малчид маань бас сайхан сэтгэлтэй л хүмүүс бдагийн бна лээ.

Avatar

Зочин 2020-04-28 103.14.38.132

Уул уурхай зогсож, Монголд хөдөө аж ахуйн орон боллоо.

Avatar

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж 2020-04-28 109.70.100.23

Хүн өөрөө хичээхгүй бол ийм хүмүүс 1000 сайхан тусламж хандив гай болно. Ийм хүмүүс авах тусмаа бүр хойшоо сууж байнга авч байх ёстой юм шиг ааш авир гаргаж бүр залхуу болдог. Газар аваад төмс тариад газар ухаан зоорь бариад төмсөө зарвал үүнээс сайхан амьдарна. Заяан үхчинсэх ийм хүмүүс бараг туслах энэ хүмүүсийг алж байгаа гэж нэг үгээр ойлгож болно. Хүн өөрөө хичээгээд заяагаа засаад авахгүй бол нэмэргүй дээ.

Avatar

Зочин 2020-04-28 27.123.214.2

Zugeer uguh shal demii gedgiig ta bid uursdiin ah duusdeer hurtel mederdeg bizdee. Unegui yum uguhiin orond sanhuugiin bolovsrol olgoh heregtei baih daa.

Avatar

Иргэн 2020-04-28 66.181.187.78

Эмээлтэд мал гаргасан хүмүүс дотор гэдсийг маш их хэмжээгээр хаядаг биз дээ. Түүнийг нь авдаг болох юмсан. Шинэ гэдэс бол сайхан хоол шүү дээ. Энэ хүмүүст хэлэх юмсан даа

Avatar

Зочин 2020-04-28 103.212.118.230

МАН ба АН-ы луйварчид 30 жил ээлжлэн төр барьсан нэртэй Монгол улсын бараг бүх баялгийг цөлмөж дарга нарынх нь ихэнх нь тэрбумтан болсон. Монгол улс 30 тэрбум долларын дааж давшгүй өртэй болсон. Энэ 2 намын авилгачдаас энэ сонгуулиар салахгүй бол ард түмэн нар үзэхгүй нь тодорхой.

Avatar

Л.Лхагва 2020-04-28 202.9.47.8

ТӨР ИРГЭН ХОЁР ХОЁУЛ ХИЧЭЭЖ Л ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГ.ЗҮГЭЭР БУРХАНЫ ХИШИГ ИРДЭГГҮЙ.

Avatar

Зочин 2020-04-28 202.131.245.243

Ардчиллаас өмнө ийм байгаагүй.

Avatar

Ардчиллын баян бүрдийн өрөнд баригдсан гүйлгачин 2020-04-28 202.131.245.243

Ардчиллын ачаар Монгол ийм болсон юм даа. Элбэгдорж харин ганцаараа баяжсан байх шүү. Одоо AHУc ах маань өр цайруулж туслах болов уу?

Avatar

иргэн 2020-04-28 66.181.179.106

Нөхөн үржихүйн талаар энэ хүмүүст анхан шатны мэдлэг олгох хэрэгтэй байна, төр засгийн хүн ам зүйн бодлого хаана явна вэ? Хүүхэд төрүүлсэн бол өсгөж хүмүүжүүлэх хариуцлага гэж эцэг эхэд байдаг гэдгийг ойлгуулаач. Хэдхэн сартай нярай хүүхэд өлсөж нас барлаа л гэх юм. МАНАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ МУУ ҮЙЛИЙГ ДЭВЭРГЭХДЭЭ БИШ ЗАСАЖ ЗАЛРУУЛАХ ТАЛААС НЬ БИЧИЖ БАЙВАЛ САЙНСАН. Хотын дарга нь золбин нохой мууранд спираль тавина гэж ярьж байхаар нийслэлийн ИРГЭДДЭЭ САНАА ТАВИАЧЭЭ.

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.5

Яг үнэн

Avatar

Tsust said 2020-04-28 202.21.108.220

Hurelsuh zasgiin erhend garsanaas hoish hichneen huuhed haramsaltaigaar horvoog orhivoo? Odoo hichneen huuhed unguruh ve? Hediin toond hurgeh ve ? Tsusan murtei said garlaa gej neg huvraga garsan dor ni anhaaruulj baisan shuu. Hichneen kompani dampuurvaa. Heden uurhaig Hyataduudad zarchihvaa? Tereer odoo soshiald hichneen trolloor uuriiguu magtuulj baigaa ve?

Avatar

Зочин 2020-04-28 43.242.243.15

Бид коммунизм байгуулаагүй. КАПИТАДИЗМ БАЙГУУЛЖ БАЙГАА. ЭНЭ ШИНЭ НИЙГЭМ ХАТУУ НИЙГЭМ. Хэн өөрийгөө дайчилж хөдөлмөрлөнө, тэр амьдралаа аваад явна. ХЭН ЗАЛХУУРНА ТЭР ЯДУУРНА.Төрийн мөнгө гэж нэг ч төгрөг байхгүй. ТӨРИЙН МӨНГӨ БОЛ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮНЭЭС ТӨР АЛБАДАН АВСАН МӨНГӨ. Залхуучуудад хөдөлмөрч хүнээс авсан мөнгийг өгөхийг уриалсан ийм зүйл хэрэггүй дээ.

Avatar

Зочин 2020-04-28 202.55.191.130

Ямар нийгэмд амьдарч байгаагаа буюу тоглоомын дүрмээ сайн мэддэг байх хэрэгтэй. Хүний ямар амьдрах нь ихэнх тохиолдолд өөрийн байгаа байдал, гаргасан сонголтоос хамаардаг. Хамгийн баян оронд ч ядуу хүмүүс байгаа. 100 хувь ядуурал байхгүй болно гэж байхгүй. Хүн төрөлхтний түүхэнд тийм нийгэм ч байгаагүй. Хичээх л хэрэгтэй. Бусдыг хараад, бусдаас бурууг хараад суух нь хайран амьдралын цаг шүү дээ. Хуруу гараа хөдөлгөөд тархиа ажиллуулах нь хэрэгтэй. Хичнээн төрдөө буруу өгсөн ч чи өөрөө өөрчилнө.

Avatar

Зочин 2020-04-28 202.21.116.171

Зочин
Мянгат малчидын туслах малчин байна гэдэг тийм ч амар ажил биш . тэнд жинэхэн хөдөлмөрийн мөлжлөг, хагас феодалын нийгэм үйлчилж байдаг. Мал ихтэй хөрөнгөлөг хүмүүсийн малыг маллаж амьдралаа дээшлүүлсэн гэх жишээ байдаг юм уу. Амьдрал онол хоёр алд байтугай саахалтын хирийн зайтай гэдгийг зовлон үзсэн хүн л мэднэ шүү дээ. СХД-т хэнд ч хэрэггүй, одоохондоо шаардлагагүй гэр хороолол дундуур зам тавина гэж НИТХ-ын Баярсайхан тэргүүтэй дарганцарууд хэдэн тэрбумын төсвөөр тоглож байна.

Avatar

Зочин 2020-04-28 202.21.108.220

AN iin ued iddeg baisan ch arai ch ingej yaduusaa hayaj bgaagui dee, bas iddeg baisan ch arai ch ingej tsavchaas hiideg baigaagui. Oron dayar , hotod mash ih ajil hiigdseniig l medej bna. MAN garuudiig ajil hiihgui baina l geed baisan, hiiheeree buurch demii yum bolohiig ungursun jiliin hugatsaand hangalttai harlaa. Hiij chaddag ch ugui yum bna, zohion baiguulj ch chadahgui yum. Hiiheere ihenhi hurungu ni tsavchaand, bas suitgeh ni tamtaggui. Muu hunii zar zarsan hoinoo ur gej. Hiihgui ni deer

Avatar

Зочин 2020-04-28 192.82.78.210

Яагаад тэжээж чадахгүй байж ийм олон хүүхэд гаргадаг юм бэ? Хүүхдийн эрх зөрчиж байгаагаа та нар мэдэж байна уу, улсын эмнэлэгт чинь үнэгүй спирал тавиад өгнө. Нэг айл 2 хүүхэдтэй байхад л барав. Тэжээж чаддагууд нь л тэр олон хүүхдээ төрүүлдэг юм байгаа биз

Avatar

Зочин 2020-04-28 202.9.46.235

очиж спиралаа тавиулж чадахгүй байгаа хүмүүст ирж тавьж өгөх хэрэгтэй. бас ДЭМБ дэлхийн зөнгөөс ийм хүмүүст зөвлөгөө тусламж жирэмснээс хамгаалах эмийг үнэгүй тарааж, хэрэглээг нь зааж өгөх хэрэгтэй. бас хор уршгийг нь хэлэх хэрэгтэй. мэдээллээс хол иргэдээ мэдээллээр хангах үүрэгтэй

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.91

Хүүхдийн мөнгө төрөөс өгдөг болохоор амь зуулгаа дээшлүүлэх гэж ядуус хүүхэд гаргадгийг мэддэггүй юм уу? Аргаа барсан амьдрах арга ч бол доо, зайлуул.

Avatar

Зочин 2020-04-28 103.80.210.183

хог ухдаг хүмүүс харин ч ажил гаргаж өгөөд хийдэггүй. жаргаж байгаад таван цаас олдог. ажлын цагт баригдахгүй гээд ажиллах дургүй байдаг юм биш үү. мал өгөөд хөдөө гаргавал архидаж шилтэй цэнхэрээс өгсөөр байж дуусгаад дахиад л алцайгаад хэвтэнэ биз. тэтгэж байхаар албадан ажиллуулж, эсвэл устгалд оруул.

Avatar

Зочин ю 2020-04-28 122.201.24.90

Хүүхдүүдийн зураг нэр нас хүйс анги сургууль зэрэг хувийн мэдээллийг сайтад сонинд оруулж нийтэд дэлгэх ёсгүй. Хүүхдийн зураг нэр нас хүйс хаяг зэргийг сайтад тавьснаас болж тэдэнд янз бүрийн муу зүйл тохиолдвол хэн хариуцах вэ???

Avatar

Зочин 2020-04-28 122.201.24.90

Сэтгүүлчээ сайтаа хүүхдүүдийн зураг олон нийтэд дэлгэж түгээхээ болиоч. Гуйж байна. Бас хүмүүсийн нэрийг өөрчлөөч. Гэрийн хаягийг бас олон нийтэд түгээх хэрэггүй. Хүүхдийн нэр нас анги сургууль цэцэрлэг зэрэг хувийн мэдээллийг eрөөс сайт сонинд оруулж болохгүй . Иргэдийн аж амьдралыг сурвалжилсан нь сайн байна.

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.91

Дуртайдаа ядуу амьдраагүй. Хэн хог түүж амьдрахыг хүсэх юм бэ!? Аргагүйн эрхэнд иймдээ тулаад амьдарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-28 192.82.76.172

Залхуу, арчаагүй байдлаас л ингэж амьдарч бгаа шдээ.Манайхан ажил хийх дургүй.цалин голно, тууштай ажиллаж чаддаггүй, гэнэт ажлаа хаяад явчихна, худлаа ярина, архи ууна, маш найдваргүй. Ийм байж яах гэж хүүхэд гаргаж тэдний ирээдүйг баллаж бдаг бнаа.Ямар ч хариуцлага, ухамсар бгүй.
Халамж тэтгэмж хараад л нэг их зовсон хүмүүс байх юм.Үйлчлэгч, угаагч гээд хийвэл ажил их бгаа.

Avatar

Зочин 2020-04-28 202.9.46.235

за тэр угааг үйлчлэгч гэдэг чинь бас гайгүй хүмүүс авдгийн. ийм хир нуухаа үнэртүүлээд очиж байгаа хүнийг авахгүй ш дээ. аягүй бол бас бичиг баримт байхгүй . адгийн наад зах нь ийм хүнээр ч цэвэрлүүлэхгүй, хэрэглээний соёл, цэвэрлэгээний бодис ашиглах, өөрийнхөө хэмжээнд л цэвэрлээд байдаг. тэр нь бүр дэндүү муу байж болох, манайхан ийм хүмүүсийг авах дургүй ш д ээ. бүг д ярвайцгаагаад л . юун хамт ажиллах, за тэгээд хулгай зэлгийд хамгийн түрүүнд сэрдэнэ. цалин ч авч чадахгүй цагдаад дуудагдах

Avatar

Иргэн 2020-04-28 64.119.17.123

Саяхан 2 сарын өмнө ЭКО ТВ-н "Сайн байна уу Захирал аа" нэвтрүүлгээр Төв аймгийн Эрдэнэсант сумын нэг мянгат малчин хөдөөд малчин ховордоод удаж байна, УБ хотын утаа, түгжрэл, хөрсний бохирдол, ажилгүйдэл, ядууралд зовж байхаар хөдөө сайхан агаар эрүүл орчинд буянт мал маллаад сайхан амьдрах бололцоо байна, хөдөөд хоттой адил сургууль соёл, интернэт, гар утас, банк, дэлгүүр хоршоо гээд юм юм байна аа ирж амьдраач ээ, тусалъя уриалаад байхад ирдэг хүн, айл бараг байдаггүй гэж байсан.

Avatar

Зочин 2020-04-28 49.0.218.161

яг бодитоор тэр хөдөөний амьдрах орчных нь тухай мах сүүгээ ингэж авна хийнэ мөнгө олно ч гэх юмуу бичлэг хийж видеогоор үзүүлээд зуучлаад хүчээр шахуу аваачиж тэр орчинд нь аваачиж өгвөл ойлгоно байх. тэгэхгүй бол тал талдаа өөр өөр юм яриад суугаад байна. нэг нь ирэхгүй байна, залхуу байна гээд нөгөө нь биднийг мартсан байна гээд байна.юуг яаж хийх ,хаана очихоо мэдэхгүй аргаа олохгүй байна л да. төсөөлж чадахгүй байна лда. хүн ингээд нэг чөтгөрийн тойрогт нэг орчихвол гархад хэцүү байдаг

Avatar

Зочин 2020-04-28 202.126.89.180

Nuuree budah mongotoi l yum bna.yu ch hiih sonirhol alga da. Ene humuust.

Avatar

Nnnn 2020-04-28 202.126.89.80

3 saya huniig SHDE. Hogiin tur

Avatar

Зочин 2020-04-28 103.212.117.80

Ajil hiih durgui humuusiig tur bidnii tulsun munguur tetgeh alvagui uhej dald ortsgoo

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.91

Энэ одоо амьдрал мөн үү? Хоногийн хоолоо яая гэж байгаа айлд юун мал, ногоо тарих манатай. Амар юм ярих юм. Мал авах үнэтэй. Дээрээс нь мал, ногооны хашаа хороо, худаг ус, ногоо ургах хөрс шороотой байх ёстой. Ажил хийх болохоор асуудал их гарна. Мөнгөө үрж тансаглаж ядсан баячууд тусламжийн гараа ганц удаа сарвайдаг ч болоосой

Avatar

Зочин 2020-04-28 202.126.89.180

neg udaa tuslaad tegeed tsaashdaa yahiin.tor gedeg chini huniig mal shig tejeedeg gazar uu.

Avatar

zochin 2020-04-28 68.148.158.2

Afrikiin yaduucuud aris yas bolson turanhai baidag mongoliin yaduucuud mundag targan baina shuu.

Avatar

jhwh 2020-04-28 202.9.40.72

xudlaa ajil xiix xun oldoxgui baigaa shuu dee

Avatar

Zochin 2020-04-28 66.181.183.153

Яаж яваад хог ухдаг болсныг нь мэдэхгүй юм. Анх л энд төрөөгүй байх. Манайд ажил орлогогүй ганц бие эхчүүд зөндөө олон хүүхэдтэй байдаг. Тийм хүүхдэд дуртай байдаг юм уу бүү мэд. Тэгээд эмэгтэй хүүхдүүд нь 15 16 хүрээд бас л хүүхэд гаргаад эхэлдэг. Нөхөр байхгүй ахиад л хүүхэд2. Хүүхдээ асарсаар ажил хийхгүй. Тэгээд амьдралын түвшин өөрчлөгдөхгүй. Ганц манайд биш хаа сайгүй л ийм байдаг байхдаа. Гэр бүл төлөвлөлт нтр гэж хэлвэл хүлээж авах эсэхийг ч бас мэдэхгүй юмаа.

Avatar

Зочин 2020-04-28 202.9.46.235

ийм хүмүүсийг доромжлох хэрэггүй бас эрхгүй бид. ийм чөтгөрийн ядуурлын тойргоос гарах аргаа л олчихвол гарна. эд маань чадахгүй байна. магадгүй би тэр 16 тай охин нь байсан бол бас л гарч чадахгүй яг ээжтэйгээ адилхан тэгээд нэг эцэггүй хүүхэд тэврээд сууж байхыг үгүйсгэхгүй . хэн ч дуртайдаа ингэж амьдрахгүй загас барих аргыг нь зааж өгч туслах, эсвэл энэ амьдралд бага зэрэг нэмэр болох туслах яг яах ёстойг төр засаг л мэдэх байх. би мэдэхгүй

Avatar

Зочин 2020-04-28 192.82.67.252

Ардчиллын ачаар Монгол ийм болсон юм даа.

Avatar

Зочин 2020-04-28 122.201.24.85

Ард иргэд ядуу байна, хүүхэд өлсөж байна гэвэл үүнд ард түмэн буруугүй ээ, төр болон төрийн нэр барин ажиллагсад буруутай. Ямар хэдэн тэрбум хүн байгаа биш 3 хан сая иргэдээ олигтой амьдруулж чадаагүй төрийн түшмэд буруутай, төрийн түшмэдүүдийн өөрсдийн нь гэдэс томорч халаас түнтийдэг, хэдэн давхар хаусанд амьдарч байгаа нь үнэн, энэ бол эзэнгүй төрийн эмгэнэл. Үнэхээр хүнсний талон нь зорилтот бүлэгт хүрч байна уу гэвэл үгүй ээ, том том жип хөлөглөсөн хүмүүс ичихгүйталоноор хүнс аваад явж байн

Avatar

Зочин 2020-04-28 66.181.183.153

Яагаад өөрсдийнхөө амьдралыг төр засаг руу чихээд байдгын. Ямар тэжээвэр мал уу? Гадуур ажлын зарууд зөндөө л байна. Нас болон мэргэжил харгалзахгүй гэсэн ч байдаг. Ажил хийж чадахгүй байж цалин голно, ажил голно. Тэгээд ууж идэх болхоороо ямар өачн болчихдог билээ. Хийж бүтээх залуу насаа хэрэггүй зүйлс үрчихээд дараа нь төрийн буруу гэвэл арай биш шүү. 90 онд ажлын байргүй болоод уруудаж байсныг төр засагт тохож болно. Одоо бол арай биш шүү. Дандаа төр засаг гэж байгаа бол ичээрэй.

Avatar

neg talaas harval 2020-04-28 202.131.251.130

ajil hiine geed ochihoor dadlagiin 3-4 sar tsalingui ajil gedeg, tegeed guriitel ajilluulj baigaad neg heruul odoj hereldeed esvel hulgai eldev zuild gutgeed chi ajild tentsehgui geed sohor zoosgui yavuulchdag yum bilee. iim baihad hen ajillahav dee.

Avatar

Зочин 2020-04-28 59.153.114.151

Гунигтай

Avatar

Зочин 2020-04-28 66.181.182.101

АФРИК ШИГ ТУРААЛДАА ОРЦОН ХҮМҮҮС ШИГ ХАРАГДАХГҮЙ Л БАЙНА.МАХЛАГ САЙХАН Л ХАРАГДАЖ БАЙНА.ХОГ УХСАНААС НОГОО ТАРЬЖ МАЛ МАЛЛАВАЛ САЙХАН АМЬДРАНА ШҮҮ

Avatar

qs 2020-04-28 66.181.168.131

Sanal neg baina, daanch tiim bolomj, bas uhamsar l dutaad bna. Olsoj bui huuhduudiin buruu gej yu baihav, chadah chineegeeree tuslah l heregtei

Avatar

Зочин 2020-04-28 103.212.116.55

Мөнхнаран ээжийн залбиралын фесбүүк бүлгэмд нэгд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж