"Төр биднийг мартаж, хүний тооноос хасчихсан"

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

"Төр биднийг мартаж, хүний тооноос хасчихсан"

"Төр биднийг мартаж, хүний тооноос хасчихсан"

Хотын гэр хороолол дунд хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж, хоосон хонож буй айл ч олширчээ. Өдөр, өдрийнхөө хоолыг зээлээр авч буй өрхүүдэд хорио цээр том цохилт болж, хоногийн хоолоо авч хүчрэхгүй хар усаар голоо норгож, амьдрахын тулд хог ухахаас өөр аргагүйд хүрч буй айл олон.

Хаа холын Африкийн өлсгөлөн хаяанд, хотын захад бараг нүүрлэчихээд байгааг энэ удаагийн сурвалжлагаар хөндлөө. Учир нь, саяхан өлсөж нас барсан гэх хүүхдүүдийн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан ч албан хүмүүс өвчний улмаас нас  барсан болохыг залруулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяа, Алтан-Овоогийн задгай гэх газарт хэсэг айл хашаа хатган буужээ. Зарим нь бүр хаалга, үүдгүй гэрүүд. Уулын энгэр бараадаж, буусан нэгэн айлаар орвол иргэн Г.Чулуунхүүгийнх аж. Тэрбээр ам бүл зургуулаа, өрх толгойлсон эмэгтэй. Ажил оръё гэхнээ 50 настай түүнийг хөгшин гэж голох нь элбэг. Дээр нь танил, талгүй бол ажилд авахгүй. Тиймээс бүлээ тэжээхээр Улаанчулуутын хогийн цэгээс хог түүж хоногийн хоолтойгоо залгахаас өөр аргагүйд хүрсэн гэдгээ ч ярилаа. Түүний хэлснээр улирлаасаа шалтгаалан өдрийн орлого нь 5-20 мянган төгрөгт хэлбэлздэг аж. Зуны улиралд ихдээ 30 мянган төгрөг ч гэсэн дунджаар 5-10 мянган төгрөгийн орлоготой гэртээ ирдэг аж. Улаанчулуутад ажиллахгүй бол усаар голоо норгож хоосон хоноход хүрдэг гэнэ.

"АМЬДРАХЫН ТУЛД ҮНСТЭЙ ЗУУРАЛДАЖ, ХОГ УХАЖ ЯВНА ДАА"

Иргэн Г.ЧУЛУУНХҮҮ: 

-Улаанчулуутын хогийн цэг рүү гарахгүй нэг өдөр өнжвөл манайх хоосон хононо. Гурил тос байвал мантуу ч болтугай хийж иднэ. Байхгүй бол усаа л ууна. Улаанчулуутын хогийн цэгт ажилласан тохиолдолд шөнөөр гэрийн бараа харна шүү дээ. Олсон мөнгөөрөө заримдаа махаа ч авч хүчрэхгүй. Одоо мах битгий хэл жижиглэн ч нүдний гэм болоод байна. Сардаа тоотой хэдэн удаа  мах иднэ. Хоолгүй хонох өдрүүд олон. Ер нь иргэдийн амьдрал доройтсон. Коронавирусээс болоод гэнэтхэн иргэдийн амьдрал муудчихсан юм биш, үүнээс ч өмнө доройтчихсон.  Засгийн газраас иргэдээ дэмжинэ мөнгөн тусламж үзүүлнэ гэдэг. Ирдэг мөнгө, дэмжлэг нь ч алга.  Үүний оронд ажлын байраар хангаж өгөх хэрэгтэй байна. Хоосон амлалтаар нь ходоодыг маань цатгахгүй шүү дээ. Дарга, даамлууд бидний амьдралтай нэг удаад танилцаад үзээсэй гэж бодож явдаг. Арван хуруу хөдөлж байгаа цагт хоногийн хоолны мөнгөө олно. Гэтэл намайг авах ажил алга. Би дуртай сайндаа хогийн цэгт ажилласангүй. Амьдрахын тулд, хоолгүй хонохгүйн тулд үнстэй зууралдаж, хог ухахаас өөр аргагүйд хүрч байна. Намайг зургаан жил хогийн цэгт ажиллаж байхад төрийн өндөрлөгүүдээс нэг нь ч ирж уулзаж байгаагүй. Улаанчулуутаас хоногийн хоолтойгоо залгаж буй хүмүүс хүний тооноос хасагдсан. Тэд нэн ядуу айлууд нь яаж амьдарч байгааг мэддэггүй. Ийм судалгаа ч хийдэггүй. Ардууд нь яаж амьдарч байгааг эрх баригчид мэдэхгүй. Манайх шиг хоолгүй хонож байгаа айл олон. Коронавирусээс илүүтэй иргэд нь өлбөрч үхэхэд ч бэлэн байна.

Түүний охин Ч.Чулуунцэцэг 30 настай. Гэвч ажил хийх боломжгүй тул гэртээ хүүхдүүдээ харахаас өөр сонголт үлдээгүй аж. Гэрт нь 3-15 насны дөрвөн хүүхэд байгаа ч тэд хоолтой хонох эсэх нь эргэлзээтэй. Хөргөгч нь хоосон аж. Гурван хүүхдийн ээжийн хэлснээр зарим үед Улаанчулуутын хогийн цэгээс  хиам, тортны үйлдвэрийн хог хаягдлаар хоолоо залгуулдаг байна. Цагаан сарын дараа иргэд ууц өвчүү, хэвийн боовоо хаях нь элбэг тул нэг хэсэгтээ л хоолтой залгадаг аж.

ХҮҮХДИЙН МӨНГӨӨР Л АМЬДАРЧ БАЙНА

Иргэн Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ: 

-Барилга дээр ажиллаж байгаад хоёр давхараас унаж нуруугаа хугалснаас хойш ажил хийх боломжгүй болсон. Ээж, дүү нартайгаа хамт хааяа Улаанчулуут дээр ажилладаг юм.

Цагаан сарын дараа хүмүүс ул боов, ууц өвчүү, сүүл хаях нь их. Тэр үед сүүлийг нь шаргааж боорцог хийнэ. Ууц өвчүүг нь сайхан цэвэрлэж байгаад хоёр гэрээрээ хувааж иднэ. Заримдаа торт, хиамны үйлдвэрээс гарсан хаягдал болох хиам, тортоо шуудайд чихэж авчраад л бас хуваагаад хэдэн өдөр л иддэг.

Хогийн цэгээс хоол түүж идлээ гээд үхсэн хүн алга. Өвдсөн хүн ч алга. Хоол ундаар хомс айлууд олон байна. Жишээ татахад, манайх хүүхдийн мөнгөөрөө амьдарч байна. Улаанчулуутад ажиллаж олсон мөнгө өдөр өдрийн хоолтой залгуулдаг юм. Хоолгүй ч хононо. Ээж маань ажил хийе гэхээр ажил олгогч нар голоод авахгүй, би нурууны хүнд хагалгаанд орсон ч биедээ таарсан ажил хийе гэхэд нийгмийн даатгал төлөхгүй, эсвэл боловсролгүй гээд голчихдог. Бидний амьдралд коронавирус, хөл хорио нэрмээс л болж байгаа. Хэрэв хорио цээр чангарвал бид л хэцүүдэх байх. Ер нь баян, ядуугийн ялгаа маш их болсон. Мөнгөтэй нь ой мод, зам дагуу газар хэдэн га-гаар нь худалдан авч, мөнгөгүй бид уулын энгэр, хад асга, жалга л бараадаж байна шүү дээ.

ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДЛААС БОЛЖ ХОЁР Ч УДАА ҮР ЗУЛБАСАН

Иргэн Г.Чулуунхүүгийн хөрш Б.Батхуяг 33 настай. Хүүхдүүдийг нь харах хүнгүй учраас ажил хийх боломжгүй аж. Бас  гурван хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг гэнэ. Гэвч сарын 90 мянган төгрөг хаана ч хүрэлцдэггүй аж.

Иргэн Б.БАТХУЯГ: 

-Коронавирусээс болж манайх  мах идэхээ больсон. Хүүхдийн мөнгөнөөс гадна нөхөр маань Өмнөговь аймагт ажилладаг, олсон мөнгөө бидэн лүү явуулж, хүнс залгуулдаг байсан. Халдварт өвчний сургаар хөл хорио тогтоосон болохоор нөхрийн ажиллаж байсан уурхай хаагдаж, ажилгүй болсон. Уг нь хааяа мах авч иддэг байсан юм.  Би таван сартай жирэмсэн, гэдсэн дэх хүүхэд маань дархлаа султай төрөх вий гэхээс их айж байна.  Гурван өдөр мах идэхгүй байх нь байдаг  зүйл. Хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд гамбир, мантуугаар аргалж байна гэлээ.

Б.Батхуяг хааяа дэлгүүрт өр тавьдаг ч коронавирусийн халдварын улмаас зээл олгохоо больжээ. Дээр нь жилийн өмнөх 15 мянган төгрөгийн өрөө төлөөгүй учраас дэлгүүр зээл өгөхөө больж.  Түүний ууган охин 10 настай, тавдугаар ангийн сурагч. Хичээл нь карентилсан тул теле хичээлийнхээ даалгаврыг заримдаа айлын интернэт гуйж  хийдэг, сургуулийнхаа үдийн хоолоо, найзуудаа санадаг тухай хэлж байсан юм.

СУРГУУЛЬ АМАРЧ, ХҮҮХДҮҮД УЛААНЧУЛУУТАД АЖИЛЛАЖ БАЙНА

Дараа нь Улаанчулуутын хогийн цэг дээр очив. Тэнд хүн хөдөлгөөн "оволзож" байлаа. Бүгчим өмхий агаарт амьсгалахад бэрх бөгөөд саарал үнс нүд хорсгож, ур дахь зам харагдахгүйд хүрч байв. Хог ачсан машины цуваа тасрахгүй, машины урдуур хойгуур гүйх хүүхэд ч олон. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноор гэр бүлийнхэндээ туслахаар хогийн цэг дээр ажиллаж буй хүүхдүүдийн тоо нэмэгджээ. Томчуул нь хогоо ангилан ялгаж, бас түүж харагдана. Энд ажиллаж буй хүмүүсийн тухайд ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд бас гэр бүлээ тэжээж буй аав нар байлаа. Тэдний хувьд цар тахлаас болж амьдрал нь хэцүүдсэн, түүхий эдийн худалдан авалт, үнийн өсөлт, хүүхдүүдэд зарцуулах урсгал мөнгөний зардал ихэссэнийг хэлж байв. Харин цөөнх нь л Улаанчулуутаас өдөрт 100 мянган төгрөгийн орлоготой амьдардаг тухайгаа хэлж сайрхаж байв. Гэвч дийлэнх нь маш бага орлоготой, нэн ядуу өрх хогийн цэгээс амьжиргаагаа залгуулж байна. Тус хогийн цэгээс 300 орчим иргэн амьжиргаагаа залгуулдаг гэх тоон баримт бий. Зуны улиралд энэ тоо өсч 600-д хүрдэг байна.

Хогийн цэгт ажилладаг амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх “Нарны хүүхдүүд” цэцэрлэг байгуулагдсан ч одоо үйл ажиллагаагаа хаажээ. Цэцэрлэг хаагдсаны улмаас олон хүүхэд хүнд нөхцөлд амьдарч байгаа нь нууц биш.

НЭН ЯДУУ ӨРХҮҮДЭД ТУСАЛДАГ ГАДНЫ ТУСЛАМЖ ЗОГСОХОД ХҮРЧ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН

“Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.БОЛОРМАА: 

-Манай ТББ-ын цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд харьяалагддаг. Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг хүмүүсийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог, гэр хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг цор ганц цэцэрлэг. Одоогоор 130 хүүхэд бүртгэлтэй байна. Хүүхдүүдийн хувьд өмнө нь цэцэрлэгтээ өглөө, өдөр, оройн хоолоо идэж, дуу бүжгээ сурч өдрийг өнгөрүүлдэг байсан бол одоо хөл хорио тогтоосон болохоор гэртээ хүнд нөхцөлд амьдарч байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссоноос хойш бид хүнд хэцүү нөхцөлд амьдардаг гэсэн хүүхдүүдийнхээ гэрт нь очиж, хоёр удаа хүнсний тараалт хийсэн. Тэдэнд дахиад л тусламж хэрэгтэй байна. Бид нийт 40 айлаар ороход үнэхээр хүнд хэцүү нөхцөл байдал угтдаг. Ээж нь 2-3 хүүхэдтэй ажил хийх боломжгүй, аав маш бага цалинтай. Хүүхдүүд хоолтой байхаас илүү хоолгүй. Олон хоногийн өмнөх гурилтай шөлнөөс өөр идэх хоолгүй. Гэтэл хоолгүй хонож буй айлууд маш их байна шүү дээ. Манай цэцэрлэгийг үүсгэн байгуулсан канад эмэгтэй аялал жуулчлалаас олсон мөнгөөрөө нэн ядуу гэсэн айл өрхүүдэд тусламж үзүүлдэг байсан ч одоо энэ хандив цар тахлаас болж зогсоход хүрсэн. Хэрэв цаашид нөхцөл байдал хүндэрвэл өлсгөлөнгөөр хүүхэд нас барах аюул ч ойрхон байгаа.

ХАЛАМЖ, ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ХҮСЧ ХОРООНД ХАНДАХ ИРГЭДИЙН ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 7800 орчим хүн харьяалагддаг байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон сүүлийн гурван сарын хугацаанд хорооноос хүнсний тусламж, халамж хүсэх иргэдийн тоо эрс нэмэгджээ. Одоогоор 15 хүн хүнсний талонд хамрагдах хүсэлтээ өгсөн нь их тоо гэдгийг хорооны Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн  Э.Баянжаргал  хэлж байв. Түүний хэлснээр цар тахлаас үүдэн хүнсний талонд хамрагдсан иргэддээ тусламж үзүүлж чадахгүй байгаа аж. Учир нь айл өрхүүдээр орж, үнэлгээ хийх ёстой боловч хөл хорио тогтоосон тул айлуудаар очих боломж нь хумигджээ.

Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн  Э.БАЯНЖАРГАЛ: 

-Хорооны ачаалал их байна. Хүмүүсийн дийлэнх нь хүнсний талонд хамрагдах хүсэлтэй, халамж хүссэн иргэд байна. Нэн ядуу өрхүүддээ тусламж дэмжлэг үзүүлэхэд судалгаагаа нарийн гаргах хэрэгтэй байна. Жишээ нь, манай хороонд бүртгэлгүй айл өрх ч олон байгааг үгүйсгэх аргагүй. Хаягийн бүртгэлгүйн улмаас хүнсний тусламж авч чадахгүй хаягдаж буй айл өрх олон байна. Одоо өргөдлөө өгсөн 15 хүн ч бүгд хүнсний талонд хамрагдана гэж хэлж чадахгүй. Айлуудаар нь очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж байж талонд хамруулна. Дээр нь хүүхдийн мөнгөө авах уу, хүнсний талоноос хасуулах уу гэдэг сонголт тулгарч байна. Тэгэхээр амьжиргааны түвшнээс доогуур орлоготой буюу сард 150 мянга, түүнээс бага мөнгөөр амьдардаг иргэдээ судалж, бодит тусламж үзүүлэх хэрэгтэй байна.


Хороо дүүрэг, ТББ-аас гадна Улаанзагалмайн нийгэмлэгээс ч хүнсний тусламж хүсэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Тус нийгэмлэгээс хэдийгээр эмзэг ядуу өрхөд тусламж хүргэж байгаа ч хүн бүрт тусламж хүргэж хүчрэхгүй байгаа нь үнэн. Учир нь хэчнээн өрх хоолгүй хонож байгаа тухай нарийвчилсан судалгаа байдаггүйтэй холбоотой. Гэлээ ч ирэх долоо хоногоос дахин 3000 өрхөд хүнсний тусламж хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.

Хоол тэжээлийн дутагдлаас үүдэн хүүхэд амиа алдахыг ч үгүйсгэх аргагүй хүнд цаг үед 3.2 тэрбумаар Сүхбаатарын талбайд Хонхтой цэцэрлэгт усан оргилуур барих нь хэр оновчтой шийдвэр вэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж