Ливерпүүл 30 жилийн дараа дахин түрүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Ливерпүүл 30 жилийн дараа дахин түрүүлж чадах уу?

Ливерпүүл 30 жилийн дараа дахин түрүүлж чадах уу?

Англи улс бол хөлбөмбөгийн спорт үүсч хөгжсөн, агуу түүх соёлтой, хөлбөмбөгийг бараг шашин мэт дахин шүтсэн газар. Тус улсын хөлбөмбөгийн лигүүд үеийн үед ширүүн өрсөлдөөн, гайхалтай тоглогчид, багуудаараа алдартай байсаар ирсэн. Нэгэн цагт Европт Английн хөлбөмбөгийг таниулж, эзэрхийлж явсан Билл Шанглигийн залуусын үргэлжлэл болсон Ливерпүүл одоо ч эзэрхийлсээр байна. Гэвч үеийн үед гайхамшигтай дасгалжуулагчид, тоглогчдыг дэлхийн нийтэд таниулдаг домгийн шувууд маань Английн лигийн цомыг хүртэлгүй 30 жил өнгөрчээ. Хамгийн сүүлд 1989-1990 оны улиралд Иан Раш, Жон Барнес, Стив Никол, Алан Хансен зэрэг гайхалтай тоглогчдыг домогт Кенни Далглиш дасгалжуулж Ливерпүүлийн сүүлийн лигийн цомыг хүртэж байжээ.


Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчдийн багаа лигийн аварга болохыг тэр цаг үеэс хойш 30 жил хүлээнэ гэж төсөөлөөгүй байх. Үнэхээр итгэмээргүй. Тэд 30 жилийн хугацаанд лигийн аварга болж чадаагүй ч Европын хөлбөмбөгийн багуудын дунд зохиогддог хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигт 2005 болон 2019 онуудад түрүүлж байлаа.

Лэйстер Сити ганцхан улирлын дотор л үнсгэлжингийн үлгэрийг бүтээж, Ливерпүүлийн 30 жил хүсэн хүлээсэн цомыг авсан бол Манчестер Сити тонн тонн хөрөнгө мөнгийг зарцуулж, сүүлийн 10 жилийн хугацаанд дөрвөн удаа лигийн аварга болжээ. Үнэндээ Ливерпүүл баг 2010-аад оны эхээр уналтад орсон.

Багийн номер нэг довтлогч байсан Торрес “цэнхэр” өмсгөлтэй болж, хагас хамгаалалтын уураг тархи нь байсан Хаби Алонсо нутаг буцаж, төвийн хамгаалалтад түшиг тулгуур болсон Хавьер Машерано Барсатай нэгдэж, үлдсэн гол тоглогчид нь болох Дирк Кейт, Стивен Жеррард, Жэйми Каррегер нар ахмад тоглогчдын тоонд орж байлаа. Гэвч тэд бууж өгөлгүй цагаа олсон зөв наймаануудыг хийж байлаа. Тэдний тоонд Луйс Суарез, Даниел Старриж, Филиппе Коутиньо нар багтана.

2013-2014 оны улирал

Брендон Рожерсийн удирдлага дор Ливерпүүл жинхэнэ утгаараа галзуурч эхлэв. Ялангуяа урд довтолгооны хослол болох Даниел Старриж, Луйс Суарез нар нийлээд 55 гоол оруулж тухайн улиралд Луйс Суарез 33 гоол оруулснаараа Англид төдийгүй Европт цахиур хагалж байлаа. Мөн тус багт одоогийн Ливерпүүлийн үндэс суурь Жордан Хендерсон, амьд домог Стивен Жерард, академийн бүтээгдэхүүн Рахим Стерлинг, Бразил шидтэн Фелиппе Коутиньо зэрэг олон гайхалтай тоглогчид байжээ.

2014 оны дөрөвдүгээр сарын 27-нд

Ливерпүүл өөрсдийн Энфилд цэнгэлдэхдээ Челсиг хүлээн авч тоглолоо. Тэд энэхүү тоглолтоос тэнцээ авахад л 24 жилийн Английн лигийн аварга болоход тун ойрхон байсан юм. Гэвч Стивен Жеррард лигээ цомоо, бөмбөгтэйгөө хамт Демба Ба-д алдчихсан. Энэхүү тоглолтонд хүнд цохилтыг авч 2:0 гэсэн харьцаатай хожигдсон Ливерпүүлд дахиад нэг боломж байсан ч мөн л Лондонгийн Кристал Палас багийн Селхөрст Паркт алдчихсан. Тухайн улиралд Манчестер Сити 86 оноотойгоор Английн Премьер лигт түрүүлсэн бол Ливерпүүл 84 оноотойгоор удаалсан. 2013-2014 оны улирлын дараа багт шинэчлэлийн салхи орон Луйс Суарез Барселонатай нэгдэж, багаа орхисон. Гол тоглогчоо алдсан энэ багаас бэртэл гэмтэл салаагүй.

Юрген Клопп ба Ливерпүүлийн сэргэн мандалт  

Германы Бундеслигт Байерн Мюнхены ноёрхлыг таслаж Боруссиа Дормтунд багийнхаа залуучуудтай Европын хөлбөмбөгийн өөрийн гэсэн байр сууриа олсон Юрген Клопп Ливерпүүл багт ирж олныг гайхшруулав. Ирсэн даруйдаа л өөрийн гэсэн довтолгооны арга барилыг багт суулгаж, багийг бага багаар өөрчлөн шинэчилж байлаа. Марио Балотелли, Рики Ламберт, Даниел Старриж гэсэн гоолын бараа барагтаа бол харахаа больсон гурван довтлогчоо, гурван жилийн дотор л гэхэд дэлхийн хамгийн шилдэг довтолгооны хослол болох Садио Мане, Мохаммед Салах, Роберто Фирминио нараар орлуулав. Юрген Клоппын одоогийн Ливерпүүл багт үнэхээр өөлөх зүйл үгүй. Байрлал болгон дээрээ дэлхийн шилдгүүд. Сэлгээнд нь хүртэл аль ч багт очоод од болж чадах тоглогчид. Юрген Клопп болон Ливерпүүлийн менежментийн үнэхээр сайн ажилласан.

Ливерпүүлийг цар тахал л зогсооно

2019-2020 оны шинэ улиралд Ливерпүүл баг шиг бүх зүйл нь төгс байсан баг үнэндээ байгаагүй. Өнгөрсөн улиралд нь УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн төдийгүй клубуудын ДАШТ-д түрүүлсэн тэд Английн Премьер лигт хийсэн эхний 27 тоглолтдоо ганц ч хожигдолгүй, ганцхан тэнцэж ардаа байгаа багаас бүхэл бүтэн 25 оноогоор илт тасархай тэргүүлж яваа. Тэдэнд 30 жилийн дараа лигтээ түрүүлэхэд хоёрхон л хожил хэрэгтэй байсан юм. Гэвч дэлхийн нийтийг хамарсан цар тахал маш хурдтайгаар Европыг нөмөрч, томоохон хөлбөмбөгийн лигүүд түр хугацаанд зогсоохоос өөр сонголтгүй үлдээгүй.

Одоогийн байдлаар Английн Премьер лиг хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй ч бусад улсын лигүүд өөр өөрсдийн гэсэн шийдвэрүүдээ гаргаад эхэлжээ. Нидерландын хөлбөмбөгийн дээд лиг болох Эредивизи энэ жилийн улирлаа бүрмөсөн цуцалж, ямар нэгэн аварга эсвэл доод лиг рүү унах багуудыг тодруулахгүй байхаа мэдэгдсэн. Тус лигийг тэргүүлж явсан Аяакс баг өөрсдийн хүслээр лигийн аварга болохгүйгээ мэдэгдсэн. Аяакс шиг өнгөрсөн жил түрүүлсэн багийн хувьд энэ жилийн цомыг хаялаа гээд алдах юм байхгүй шүү дээ. Харин Германы Бундеслиг болон Италийн Сериэ-А лигүүд ирэх тавдугаар сард эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа. Ийнхүү Европын хөлбөмбөгт босоо байсан Ливерпүүлийг цар тахал л зогсоолоо гэхэд хилсдэхгүй.

Робби Фаулер, Стив МкМанаманаас Стивен Жеррард, Жэйми Каррегер, тэднээс Мохаммед Салах, Виржил Ван Дик хүртэл 30 жил хүсэн хүлээсэн Английн лигийн цомыг Ливерпүүл хүртэх эсэхийг Английн Премьер лигийн удирдах зөвлөх болон тус улсын засгийн газар л шийднэ. Хэрвээ Премьер лигийг цуцлах шийдвэр гаргавал энэ нь Ливерпүүлийн тоглогчдод үнэхээр хүндээр тусна. Тэд бүтэн улирлын турш үнэхээр гайхалтай байж, ойрын жилүүдэд Английн Премьер лигт харагдаагүй эзэрхийллийг үүсгээд байна.

Нөгөө талаасаа Английн Премьер лиг ирэх долдугаар сарын сүүл гэхэд улирлаа дуусгахгүй бол дараа жилээс эхлэн хэрэгжих телевизийн шууд дамжуулалтын 3 тэрбум фунтын шинэ гэрээгээ алдах аюултай. Мөн үлдсэн тойргийн тоглолтуудаа үргэлжлүүлэхгүй бол телевизийн шууд дамжуулалтаас 762 сая фунтын алдагдал хүлээнэ. Одоогийн байдлаар Английн Премьер лигийн 20 багт 10-аад тоглолт дутуу үлдсэн.

Ирэх долдугаар сарын 31-ний өдөр гэхэд Английн Премьер лигийн зүгээс Sky Sports, BT Sport болон бусад дэлхийн улс орнуудын шууд дамжуулах эрхтэй телевиз, стриймин үйлчилгээний байгууллагуудад дараа жилийнхээ тоглолтуудын хуваарийг хүргүүлсэн байх ёстой аж. Үүнээс гадна тус лигийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулдаг телевиз, стриймин үйлчилгээний байгууллагууд аль болох хурдан лигээ үргэлжлүүлэхийг шаардаж байгаа хэмээжээ. Учир нь тус лигийн тоглолтуудыг шууд дамжуулдаг үйлчилгээнүүдийн үзэлт буурч, санхүүгийн хямралд ороод эхэлсэн гэнэ. Ямартай ч хөлбөмбөгт хайртай энэ спортын үнэнч хөгжөөн дэмжигчид нэг цомыг нэг баг 30 жил хүлээнэ гэдэг ямар хэцүү болохыг ойлгож байгаа биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж