Олон нийтийн цагдаа хэр үр дүнтэй ажиллаж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Олон нийтийн цагдаа хэр үр дүнтэй ажиллаж байна вэ?

Олон нийтийн цагдаа хэр үр дүнтэй ажиллаж байна вэ?

Урин дулаан цаг ирсэн энэ үед ард иргэд маань хөл хорионы дүрэм журмаа умартан, анхаарал сонор сэрэмжээ алдаж байгаа нь сүүлийн өдрүүдэд ихээхэн ажиглагдаж байна. Дөрөв болон тавдугаар сар бол улирлын чанартай ханиад, томуу ид дэгддэг эгзэгтэй цаг хэмээн эрүүл мэндийн алба хаагчид сануулсаар байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын зүгээс нийслэлийн харьяа дүүргүүдийн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаа хэмээх үүргийг давхар олгон, ард иргэдэд хяналт тавих ажлыг хариуцуулаад байгаа. Бид энэхүү ажлын хэрэгжилт, хяналтын талаар албаны хүнээс тодрууллаа.


Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай:

-Юуны өмнө хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгааг хэлмээр байна. НИТХ-ын тогтоолоор нийслэлийн хэмжээний нийт 173 хороон дээр ажиллаж буй хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүргийг түр хугацаагаар олгосон байгаа. Цар тахал буюу коронавирустэй холбоотойгоор халдвар намжтал хорооны хэсгийн ахлагчдын үндсэн үүрэг дээрээ нэмж үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг. Хорооны хэсгийн ахлагчийн үндсэн үүрэг дээрээ нэмэн дараах зөрчлүүдэд хяналт тавина. Үүнд олон нийтийн газар буюу авто зам, орон сууц, гудамж талбайд нус цэр, шүлсээ хаясан, ил задгай бие зассан, хог хаясан, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн аж ахуйн нэгжүүд хогоо ил задгай хаясан, тамхины хяналтын тухай хууль буюу утаат тамхи татахыг хориглосон газар тамхи татсан, татах боломжоор хангасан иргэн аж ахуйн нэгжийн зөрчил дээр хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих зөвшөөрөлгүйгээр, эсвэл зөвшөөрөлд зааснаас бусад газар гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил дээр, гудамж талбай, олон нийтийн газар биеийн эрүүл мэнд болон бусад шалтгаанаар биеэ авч явах чадваргүй болсон иргэдэд цагдаа болон түргэн тусламж дуудан холбогдох байгууллагад мэдээлэх гэх мэт зүйлүүд дээр хяналт тавина. Мөн тухайн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй, зүй бус үг хэллэгээр доромжлоод байгаа хүмүүсийн мэдээллийг 102 дугаарын утсанд мэдээлж, дээрх зөрчлүүдтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 1300 гаруй хэсгийн ахлагч үүрэггүйцэтгэж байна. Эдгээр хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ олон нийтийн цагдаа гэсэн тэмдэглэл бүхий малгай, хантааз хэрэглэж байгаа.

Түрүүн хэлсэнчлэн эдгээр хүмүүс хэсгийн ахлагчийн үүргээ гүйцэтгэж байхдаа өмнө нь миний хэлсэн зөрчлүүдийг илрүүлэх, таслан зогсоох, илэрвэл хорооныхоо хэсгийн байцаагч, цагдаадаа мэдэгдэн хуулийн дагуу арга хэмжээ тооцуулна. Удахгүй эдгээр хүмүүс маань өөрсдөө торгууль, хариуцлага тооцох эрх зүйн үндэс бий болно. Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн ахлагч нар маань албан ёсны хантаазаа өмсөн өөрсдийн хэсэг бүртээ иргэддээ "Маскаа зүү" гэх мэт цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагуудыг тавьж байна. Тэрнээс биш цагдаагийн алба хаагчид шиг эргүүлд гараад, өөрийн хэсгээсээ бусад газар явахгүй. Зөвхөн өөрийн хариуцаж ажиллаж буй хороо хэсгүүд дээрээ л эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа. Магадгүй заримдаа хэсгийн ахлагчийн үндсэн үүргээ биелүүлээд айл өрхүүдээр яваад, дүрэм журмын талаарх мэдээллээ хүргэж, өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууулаад л явж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд цар тахалтай холбоотойгоор нийслэлийн засаг даргын хоёрдугаар сарын 07-ны өдрийн А168 захирамж гарсан. Энэ захирамжийн хэрэгжилтийг хангахаар өнөөдрийн байдлаар нийтдээ 16100 орчим зөрчлийг илрүүлсэн байна. Энэ бол цагдаагийн байгууллагын арга хэмжээ тооцсон тоо баримт.

 Үүний 2571 нь нус цэр, шүлсээ хаясан үйлдэл, 1339 нь ил задгай бие зассан, нийт гарсан зөрчлийн 70 гаруй хувь нь буюу 12000 мянга орчим нь гудамжинд хог, тамхиныхаа ишийг хаясан зөрчлүүд байна.

Цагдаагийн байгууллага хоёрдугаар сарын 07-ноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр, засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, мөн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж ажилласан ажлын үр дүн гарч байна. Хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа зөрчлүүд илрүүлэн, цагдаагийн байгууллагад мэдээлж, цагдаагийн алба хаагчдаар торгуулж байгаа. Өөрсдөө бие даан торгох шийдвэр өнөөдрийн байдлаар хараахан шийдэгдээгүй байна. Харин маск зүүгээгүй гэх тал дээр гамшгаас хамгаалах тухай хуулинд бол иргэний үүрэгт хуульчилсан байгаа. Иргэд эрх бүхий албан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Энэ үүргийг гамшгаас хамгаалах тухай хуулинд хуульчилсан.

Энэ хуулинд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйлд заасан гамшгаас хамгаалах тухай хуулийн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай.

Энэ зохицуулалтыг гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан иргэн хуулийн этгээдэд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч шийтгэл оногдуулах харьяалалтай байдаг.


"ХҮМҮҮС ҮГЭНД ОРОХГҮЙ, ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭХДЭЭ ДУРГҮЙ БАЙНА"

Олон нийтийн цагдаагийн үүрэг давхар гүйцэтгэж буй хэсгийн ахлагч ийнхүү ярилаа.

Чингэлтэй дүүргийн V хорооны олон нийтийн цагдаа:

-Өнгөрөгч долоо хоногоос эхлээд нийслэлийн хэмжээнд бүх хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагийн үүрэгт ажлыг энэ хөл хорионы үеэр давхар хариуц гэж нийслэлээс чиг үүрэг өгсөн. Бид өнгөрөгч Пүрэв гаригт дүүргийнхээ цагдаагийн газарт очин хувцас, хантааз, малгай, үнэмлэхээ гардан авсан. Хэсгийн ахлагчийн хувьд хийдэг зүйлсийг л олон нийтийн цагдаа хийх ёстой юм байна лээ. Хамгийн гол онцлог нь олон нийтийн цагдаа гэсэн үнэмлэхтэй, иж бүрэн хувцастай. Бид ерөнхийдөө гадуур өөрсдийнхөө хариуцсан нутаг дэвсгэрээр хуваарь гаргаад эргүүл хийж байгаа. Дүүрэг, нийслэл, хороо хамтарч ажиллаж байна. Манай хорооны хувьд таван хэсгийн ахлагчтай учир таван өдөр ээлжлээд, Бямба, Ням гаригуудад ажлын албаныхан бүтэн нэг долоо хоногийн турш байнгын эргүүл хийдэг. Энэ хийгдэж байгаа ажлууд маань бүгдээрээ хорио цээртэй холбоотой бөгөөд хүмүүсийг маскаа зүү, шаардлагагүй үед гадуур явахгүй байх, бөөгнөрч цуглахгүй байх гэх мэтээр анхааруулдаг. Сүүлийн үед дулаарсан учир гадаа тоглоомын талбай, сагсны талбай дээр хүүхдүүд ихээхэн бөөгнөрч тоглох асуудал гарсан учир шийднийх нь цагиргыг түр хугацаанд авсан. Харин нус цэрээ хаях, ил задгай бие засах асуудлууд манайх шиг төвийн хороодод гайгүй, нэг их тааралдаад байхгүй. Хэсгийн ахлагч нар торгууль тавихгүй, харин хариуцаж байгаа хэсгийн цагдаа нарт тэрхүү эрх үүрэг нь байгаа юм байна лээ. Бид чинь бас хичээлд сууж “Олон нийтийн цагдаа ямар эрх үүрэгтэй вэ?”, “Юуг хориглох вэ?” гэх мэт болон Зөрчлийн тухай хуулийн мэдлэг олгох нэг өдрийн сургалтад сууж, тестээр шалгалт өгсөн. Хорооны маань ард иргэд бидний тавьсан шаардлагыг хүлээн авч биелүүлдэг. Биелүүлэхгүй хүн ер нь байхгүй.

Байнга гадаа зогсоод байж чадахгүй учир нэг ороод гараад ирэх хооронд түрүүн бөөгнөрөл үүсгээд байна гээд тараасан хүүхэд багачууд, залуучууд эргээд цугларсан байдаг.

Тэрнээс биш хөгшчүүл, ахмадууд энэ хөл хорионы үед гэрээсээ гаралгүй, гудамжны хөл хөдөлгөөн нам жим болсон шүү. Одоогийн байдлаар хүндрэл учирсан зүйл алга даа.


"ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ТАЛААР СОНССОН Ч ТААРАЛДААГҮЙ"

Ард иргэд дараах байр суурьтай байна. Тэдний ярианаас анзаарахад олон нийтийн цагдаа байгаа нь сайшаалтай ч нэг л хөрсөн дээр бууж, үзэгдэж харагдах нь бага байгаа ажээ. Угтаа бол нийслэлийн хэсэг болгон дээр өдөр тутам олон нийтийн цагдаа ажиллаж буй юм.

Иргэн н.Ууганцэцэг:

-Олон нийтийн цагдаа миний хувьд ерөнхийдөө зүгээр л санагдаж байгаа. Ер нь хүмүүсийг “Маскаа зүү” гэх мэт болж бүтэхгүй байгаа зүйлсийг нь анхааруулж, сануулж байгаа санагдсан. Надтай тааралдаагүй ч гэсэн явж байгаа харагддаг. Хүмүүст шаардлага тавьж байхыг нь харсан шүү. Олон нийтийн цагдаа гэж байх нь зүгээр юм байна лээ. Цагдаа нарт ч гэсэн тус дэм болдог биз.


Иргэн Ж.Ганболд:

-Цагдаа гэдэг бол өөрөө нэг ухагдахуун л даа. Тийм учраас олон нийтийн цагдаа гэдэг талаасаа биш хүн хүндээ зөв амьдрах, зөв шаардлага тавьж байгаа талаас нь би харж байна. Цагдаа гэдэг бол хүчний байгууллага, тийм учраас хүмүүс цагдаа гэхээр илүү хүлээж авна гэдэг ухагдахуун байгаад байна. Гэрийн суурь хүмүүжлээр өссөн манай ард түмэнд  орчин үед нэг нь буруу үйлдэл хийсэн ч гэсэн тэдэнд зааж зөвлөх, анхааруулах үүднээс энэ хүмүүс гарч ирсэн байх. Тэрнээс биш энэ хүмүүс ажлаа алдаад, дуртай цагтай ч юм уу хийгээд байгаа зүйл биш л дээ. Надтай олон нийтийн цагдаа таараад, шаардлага тавьж байсан юм бол алга.


Иргэн Д.Түвшинтөгс:

-Хэсгийн ахлагч нар ажлынхаа хажуугаар ажиллаж байгаа бол сайн л байна. Тэрнээс биш өөр хүмүүст орон тоо гаргаад ажиллуулаад байгаа бол тэр хүмүүсийн цалинг хаанаас гаргаж байна вэ гэдэг сонин шүү. Надтай одоогийн байдлаар тааралдсан юм алга. Гэхдээ сонссон. Ер нь хүн болгон маскаа хэн нэгнээр хэлүүлэх шаардлагагүй зүүх хэрэгтэй. Энэ чинь цар тахал шүү дээ.


Иргэн н.Цэцгээ:

-Хийж буй ажлууд нь зүгээр шүү. Надтай ер нь тааралдаж байгаагүй. Гэхдээ бол зөв үйлдэл гэдэгтэй санал нийлж байна.


Ямартай ч цар тахал болон бусад улирлын чанартай ханиад, томууны дэгдэлт ихэсч буй энэ үед иргэн бүр хэн нэгнээр хэлүүлэлтгүй хувийн ариун цэврээ маш сайн хангаж, өдөр бүр амны хаалт тогтмол хэрэглэж, гараа маш сайн угааж, бусдадаа анхаарал халамж тавиарай. Хөл хорионы дэглэмийг үл ойшоон, өөрийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас тэргүүнд тавибал юу болдгийг дэлхийн томоохон улс орнуудаас харж болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж