"Хүний нутагт өвдөж зовсон иргэдээ авахгүй гэх эрх байхгүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

"Хүний нутагт өвдөж зовсон иргэдээ авахгүй гэх эрх байхгүй"

Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцны нислэгийн тоог нэмж гурав болгосон талаар Шуурхай штаб энэ сарын 23-ны өдөр мэдээлсэн билээ. Өмнө нь мэдээлснээр дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл рүү, тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэхээр байсан ч Сөүл рүү дахин нэг үүргийн нислэг хийхээр болсон нь энэ юм.

Ингэснээр дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зөвхөн Сөүлээр дамжиж ирж байгаа буюу транзит тээврээр ирэх иргэдийг дангаар нь авна. Харин тавдугаар сарын 1-ний өдөр Сөүлээс дангаар нь нислэг үйлдэж, БНСУ-д түр оршин суудаг, түр хугацаагаар очсон иргэдээ татан авчирна.

Эдгээр иргэдийг авчрахад эрүүл мэндийн байгууллага бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

ТУСГААРЛАСАН ТОХИОЛДЛУУДААС ӨВЧЛӨЛ БҮРТГЭГДЭЖ БАЙГАА УЧРААС ХАЛДВАРЫГ ТАРХААХГҮЙ БАРЬЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Тусгай үүргийн онгоц удахгүй нисэх учраас эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Мэдээж хэрэг хүний нутагт өвчин зовлонтой байгаа хүмүүсээ бид авахгүй, эмчлэхгүй гэх эрх байхгүй. Тухайлбал, ОХУ-аас ирсэн 32 оюутан ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байна. Нийт 80 гаруй оюутан ирэхэд ХӨСҮТ-ийн тандалтын алба 32 оюутныг эрсдэлтэй гэж үзэн ялгаж авсан. Эрсдэлтэй ялгаж авсан бүлгээс 21 хүнд халдвар илэрсэн. Тэгэхээр манай халдвар судлагч нар эрсдэлт бүлгээ зөв олж харж байгаагийн илрэл гэж харагдаж байна. Хоёрдугаарт, ихэнх оюутнууд хүнд хэцүү нөхцөлд буюу метронд хоол, ундгүй олон хоносон учраас дархлаа нь унаж халдвар авах үндэс суурь болсон.

Эрүүл мэндийн байгууллага гурван удаагийн онгоцоор 600 орчим хүнээ авах бэлтгэлээ бүрэн хангаж байгаа. Мөн ирэх бүх хүнээс коронавирусийн халдвар илрээгүй гэсэн шинжилгээний бичигтэй байхыг шаардаж байгаа.

Гадаадын зарим оронд шинжилгээ хийхгүй байгаа бол зарим нь дамжин нислэгээр ирж байгаа хүмүүс шинжилгээнд хамрагдах боломжгүй зэрэг асуудал үүсч байна. Тиймээс ХӨСҮТ-ийн халдвар судлагч нар онгоц газардсан даруйд очиж хүн бүрээс судалгаа авна. Тэндээс өвчлөлд өртөж болзошгүй эрсдэлт бүлгээ ялгаж аваад ХӨСҮТ-д тусгаарлана. Бусад эрүүл гэж үзсэн хүмүүсийг амралт, сувиллын газар байрлуулахаар бэлтгэл ажлаа хангасан. Мэдээж хэрэг эмнэлгийн тусламж авах шаардлагатай БНСУ-д хагалгаа хийлгэсэн зэрэг шалтгаантай хүмүүсийг цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх зохион байгуулалт хийсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад тайван байна гэж байгаа боловч коронавирусийн халдвар бидний ард биш урд байна.

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан тохиолдлуудаас өвчлөл бүртгэгдэж байгаа учраас халдварыг тархаахгүй барьж байна. Гэхдээ аюул ойрхон байна. Хүн амын дунд халдвар тархах эрсдэл өндөр. Тиймээс ЭМЯ-наас дүүрэг, нийслэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах чиглэлд анхаарч байна” гэв.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг коронавиурсийн халдварын бэлэн байдалд дараах байдлаар ажиллах аж.

  ХАЛДВАР ДЭГДСЭН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ҮНДСЭН ХЭСГЭЭС ТУСГААРЛАГДСАН ХЭСЭГ БИЙ

Тус эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Манай эмнэлгийн хувьд коронавирусээс хэрхэн сэргийлэх болон коронавирусийн дэгдэлт гарвал хэрхэн ажиллах талаар бэлэн байдлаа хангаж байна. Улмаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн урсгалыг багасгах зорилгоор утсаар цаг өгч, зөвлөгөө өгч байна. Хэрэв эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл 25 ор, мөн нөөцөд гурван ор бэлэн.

Хэрэв халдвар дэгдсэн тохиолдолд эмнэлгийн үндсэн хэсгээс тусгаарлагдсан 140 орыг бэлдсэн. Тус  хэсэгт халдвар авсан хүний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд шаардлагатай бүх шинжилгээ хийх багаж төхөөрөмжүүдийг бэлдсэн.

Мөн амьсгал, зүрх судасны системийг орлуулах, уушгины дурангаар эхо хийх төхөөрөмж ЭМЯ-наас шийдвэрлэж өгсөн. Хэрэв дэгдэлт гарлаа гэж бодоход эрчимт эмчилгээний орыг хоёр дахин нэмж, найман баг гаргаж сэлгэн ажиллах төлөвлөгөө боловсруулж шаардлагатай хувцас хэрэгсэл эм бэлдмэлийн гурван сарын нөөц бэлдсэн. Болзошгүй халдвараас сэргийлэхээр хамгаалалтын хувцсыг өмсөж тайлах гэхчлэн сургалтууд их явж байна” гэлээ.

ШААРДЛАГАТАЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН 500 ГАРУЙ ОРЫГ БҮРЭН АШИГЛАНА

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусийн халдварын оношилгоо хийх чадавх, эрэмбэлэн ялгах бэлэн байдлыг хангаж, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг бэлэн байдалд бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцсон аж.

Үүнээс гадна Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг ирэх зургадугаар сард ашиглалтад орох бөгөөд тус эмнэлэг нь  880 өрөөтэй, төрөх эмэгтэйчүүдийн 160, хүүхдийн 140 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм. Түүнчлэн тус эмнэлэг нь коронавируст халдварын үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр 1600 хүртэл ор дэлгэж, тусгаарлах байр болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж