УИХ-ын чуулганы хуралдаанаар ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн "Хамтын тэтгэвэр"-ийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тус хууль 2017 оноос хэрэгжиж эхэлнэ. Жилд 21 тэрбумыг зарцуулах юм. Гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулаад 15 жил хамтран амьдарсан хосуудад тус хууль нь үйлчилнэ. Ингэхдээ нийгмийн даатгал төлж байгаад тэтгэвэрт гарсан байх ёстой. Хуулийн гол агуулга нь албан ёсоор гэр бүлээ батлуулсан эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь нас барвал нөгөөдөө тэтгэврээ өвлүүлэх тухай юм.
Уг хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд санал хэлсэн юм.
Тухайлбал, тус хуулийг боловсруулагчдын нэг УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Энэ хуулийг бид арай эрт батлах байсан юм. Шалтгаангүйгээр янз бүрийн зүйлд барьцаалагдсаар байгаад тус хууль маш их хугацаа алдсан. Ахмадууд утасдаж "Та нар хэрэлдээд сууж байх юм. Энэ хуулиа батлаад өгөөч" гэж хэлдэг. Одоо тус хуулийн дагаж, мөрдөх журмын тухай хуулийг гаргахдаа 2012 оноос хойшхи хүмүүсийг хамруулаасай гэж хүсч байгаа юм. Хамтын тэтгэврийн хуулийг батлах гэж яаравчилсаны учир нь өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн дийлэнх нь социализмын үеийн бүтээн байгуулалтыг хийсэн юм. Энэ хүмүүст өмч, хадгаламж байхгүй. Энэ хууль нэг хүн биш гэр бүлийн асуудлыг хөндсөн юм. Ялангуяа эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй хууль. Өнөөдөр эмэгтэйчүүд нөхрөө өндөр цалинтай ажил хийлгэхийн тулд өөрөө гэртээ хүүхдээ харж ар, гэрээ авч явж байна. Тиймээс байнгын тогтвортой ажил хийж чаддаггүй. Хүн, амын амьжиргааны судалгаагаар хамгийн ядуу хэсэгт өрх толгойлсон эхчүүд багтсан байна. Ер нь цаашдаа халамжийн бодлогуудаа багасгаад зорилтод бүлгүүд рүүгээ хандсан хуулиудад анхаарал хандуулах ёстой ёстой. Энэ бол халамжийн хууль биш. Иргэн насаараа ажил хийгээд, нийгмийн даатгал шимтгэл төлсөн мөнгөө авах гэж буй асуудал юм. Зарим оронд тэтгэвэрт гарах өдөр нь "Та тэтгэврээ бөөнөөр нь авах уу хэсэгчилж авах уу" гэж асуудаг. Манайд бол насаараа хүнд ажил хийчихээд тэтгэврийнхээ үр шимийг хүртэж чадахгүй тохиолдол их. Нас барсан тохиолдолд гэр бүл нь бас хохирч үлддэг" гэлээ.
Холбоотой мэдээ