Хот 2030 он хүртэл хийгдэх урт хугацааны бүтээн байгуулалтын 14 төслийг иргэдээр хэлэлцүүлж, тэдний саналын дагуу эрэмблэн ажил хэрэг болгохоор болсноо өнөөдөр мэдэгдлээ. Ингэхдээ АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай хэрэгжсэн Зөвлөлдөх санал асуулгын аргыг хэрэглэн иргэдийн саналыг авах юм. Санал өгөх 1500 иргэнийг санамсаргүй байдлаар сонгож, судалгаанд хамруулна. Тэднээс дахиад 400 иргэнийг түүвэрлэн сонгож, энэ сарын 12-13 ны өдрүүдэд төрийн ордонд болох хэлэлцүүлэгт оролцуулж, тухайн иргэдийн саналыг сонсох юм байна. Тус үйл ажиллагаанд оролцогчдод хэлэлцүүлэх сэдвийг тодорхойлж, тэдгээрийн танилцуулга үнэн зөв, тэгш тэнцвэртэй байх нөхцөлийг хангах, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хороог байгуулжээ. Мөн тус хорооны гишүүд санал асуулгад ажиглагчаар оролцож, хөндлөнгийн хяналт тавьж ажиллах юм.
Иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах 14 төслийг танилцуулбал Улаанбаатар метро, Туул усан сан цогцолбор, Туулын хурдны зам, Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эко парк байгуулах, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт, Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах, “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах, Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг байна.
Цаашид хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж үзжээ. Иймээс нийслэлийн Засаг даргын тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байгаа нь энэ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД