
Өвөрмонголын алдарт зураач Ө.Үүрцайхын “Бөртэ Чоно, Гуа Марал” сэдэвт бар зургийн олон улсын үзэсгэлэнгийн аян Монголын уран зургийн галерейд гарч байна. Тэрбээр 2001 оноос эхлэн энэхүү үзэсгэлэнгээ Хятад, Өвөрмонгол, Герман, Рүмын, Малайз, Япон зэрэг улсуудад дэлгэж байжээ. Ө.Үүрцайх “Бөртэ Чоно Гуа Марал” зургаараа БНХАУ-ын төрийн хамгийн өндөр шагнал болох “Алтан өнгө” шагналыг хүртэж байсан байна. Үзэсгэлэн нь энэ сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт өнөөдөр 18 цагаас болж үндэсний их найрал хөгжимчид болон тус чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Уртын болон ардын богино дуу, үндэсний бүжиг, хөөмий, цамын бүжиг, уран нугаралтаас бүрдэх энэхүү тоглолтоо зуны турш өдөр бүр дотоод гадаадын үзэгчид, жуулчдад хүргэх буй ажээ.
Байгалийн түүхийн музейд уламжлалт арьсан урлагийн үзэсгэлэн үүдээ нээсэн байна. Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоо үзэсгэлэнг нээсэн ба энэ сарын 18-ныг хүртэл гарна.
Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд “Солонгосын үндэсний хувцас тэнгэр өөд тэмүүлсэн таван өнгийн зохицол” сэдэвт үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд гарч байна. Үзэсгэлэнд Солонгос үндэстэний хувцас, гоёл чимэглэл, гар урлалын бүтээлүүд тавигдсан бөгөөд таван зүйлийн гоёмсог өнгө, буян хишиг, урт наслахыг бэлгэдсэн хатгамал, уран зангилаа зэрэг хэдэн зуун дамжин хөгжсөн уламжлалт өв соёлыг монголын үзэгчдэд толилуулна. Үзэсгэлэнгийн 8-р сарын 4-ныг хүртэл үргэлжилнэ. Мэдээллийг www.mongold.mn сайтаас авав.
Б.Бямбаа