Өнгөрсөн Баасан гаригт Соёмботой ууланд, Ням гаригт Богд уулын Арцатын-Ам болон Зайсангийн Амны баруун талд ой хээрийн түймэр гарч, үлэмж хэмжээний газар "үнс" болж хувирсан. Хаврын хуурайшилттай энэ өдрүүдэд гал түймрийн аюул нөмрөх эрсдэл маш өндөр байгааг албаныхан анхааруулсаар. Гэвч, байгалийн давагдашгүй хүчин зүйл гэхээсээ илүү хүний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж, гал түймэр гарсаар байгаа юм.
- Богд уулын Арцатын аманд хоёр иргэн муу хувцсаа шатааж байгаад гал алдаж, найман га талбайг “хуйхалжээ”.
- Соёмботой ууланд хоёр иргэний дутуу унтраасан тамхины ишээс болж нийт арван га галд өртөж шатсан.
- Зургаан өдрийн өмнө Жаргалантын аманд хоёр залуугийн дутуу унтраасан тамхины иш 2.3 га талбай шатаав.
- Сарын өмнө “Хүннү молл”-ын зүүн урд Хүйсийн аманд 7-11 насны хоёр хүүхэд шүдэнзээр тоглож байгаад гал алдаж, нэг га газар шатсан.
Ийнхүү иргэдийн хайхрамжгүй буруутай үйлдлээс болж байгаль, экологид асар их хохирол учирч байгааг албаныхан онцолж буй.
Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-т 2020 он гарсаар 900 орчим гамшиг осол, гал түймрийн дуудлага бүртгэгдсэний 90 орчим хувийг объектын гал түймрийн дуудлага эзэлж байна. Үүнээс 200 орчим нь нийслэлийн бүсэд шар өвс шатааж байгаад өөрийн болон бусдын өмчийг хохироосон бол том хэмжээний ой хээрийн түймэр гурав бүртгэгджээ. Энэ нь зөвхөн нийслэлийн хэмжээнд юм.
Хэт хуурайшилтаас үүдэн татсан тамхи, асаасан гал, үсэрсэн оч бүхэн гамшиг дагуулж, гал түймэр болон дэгдэж байгаа нь зөвхөн нийслэлийн хэмжээнд биш гэдгийг энд дурдъя.
Улсын хэмжээнд он гарснаас хойш буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв аймаг, Ховд зэрэг арван аймгийн 35 суманд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, гурван айлын өвөлжөө, нэг автомашин шатаж, нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
ШАР ӨВСИЙГ ШАТААХ БУС ХАДАЖ АВ, ХУУЧИН ХУВЦСАА ШАТААХААР БОЛ ЗОРИУЛАЛТЫН ТАГЛААТАЙ САВАНД ХИЙЖ ШАТАА
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:
-Сүүлийн үед ялангуяа амралтын өдрүүдэд ой хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Учир нь, амралтын өдөр иргэд агаар салхинд, зуслан руу гарахдаа сонор сэрэмжээ алдаж байгаагаас үүдэн ойн түймэр гарч байна. Иргэдийн хувьд жил бүрийн өдийд зуслан дээрээ шар өвсийг ихээр шатаадаг. Зуслан дээрээ очлоо гэхэд өнжмөл шар өвсийг шууд шатаах бус залхууралгүй хадаж авах хэрэгтэй. Шар өвс бол хуурай цаас л гэсэн үг. Нэгэнт гал алдах юм бол маш хурдан тархаж ойр орчмын байшин, цаашлаад ногоон бүс рүү орох өндөр эрсдэлтэй. Хэрэв хуучин хувцсаа шатаахаар бол зориулалтын таглаатай саванд хийж аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй. Иргэдэд сэрэмжлүүлэг болгож, нэг жишээг дурдъя.
Саяхан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд иргэн Г нь зуслангийнхаа байшингийн төмөр хашааг гагнаж байгаад улмаар гагнуураас оч үсэрч гал авалцсан тул дүүгийнхээ байшин болон ойр орчмын иргэдийн байшинг шатаасан хэрэг гарсан.
Мөн өнгөрсөн жилийн өдийд Гоодойн зусланд нэгэн иргэн гагнуурын оч алдсаны улмаас 16 айлын байшин бүрэн шатсаныг та бүхэн санаж байгаа байх. Хэн нэгэн санаатай ч бай, санамсаргүй ч бай гал алдаж, түймэр гаргасан тохиолдолд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болохоор хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил гаргасан иргэнд торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэдэг. Тухайн түймрийн эзэн холбогдогч, шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллага тогтоодог.
Тодруулбал, иргэнийг 100 мянган төгрөгөөр аж ахуйн нэгж байгууллагыг нэг сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Иргэдийн хувьд 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрдөг гэж боддог юм шиг байгаа юм. Гэхдээ энэ нь хөнгөн торгууль мэт сонсогдох боловч заавал нөхөн төлүүлдэг гэдгийг онцолмоор байна.
Хэрэв хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулна. Азаар ойн хээрийн түймрийн улмаас хүний амь нас эрсдээгүй. Гэхдээ ялангуяа зуслангийн бүсэд хүний амь нас эрсдэх магадлал маш өндөр. Тиймээс ил задгай гал гаргахгүй байх асаасан шүдэнзийг бүрэн унтраах, цахилгаан гагнууртай холбоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа бол онцгой сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Энэ дашрамд хэлэхэд, Богд уулын Арцатын аманд гарсан түймрийг унтраахад нийслэлийн гал унтраах, аврах ангийн найман ангийн 100 орчим алба хаагч дээр нэмэгдэн 200 иргэн сайн дураараа тусалсан. Түймрийг унтраахад туслалцсан нийт иргэддээ НОБГ-аас талархал илэрхийлж байна” гэв.
ЭГЦ УУЛЫН ОРОЙ ДЭЭР ЯМАР Ч ТЕХНИК ГАРАХГҮЙ УЧРААС ГАР АРГААР УС ЗӨӨЖ УНТРААДАГ
Арцатын Амны галыг унтраахад алба хаагчид болон иргэд гинжилж зогсон галыг унтраасан. Тэдний зургийг харсан иргэд цахим хуудаснаа НОБГ-ыг ойн түймэр унтраах техник хэрэгсэл хангалтгүй байгааг шүүмжилсэн. Энэ талаар "Газар орчны нөхцөл байдлаасаа шалтгаалан түймэр унтраах арга ажиллагаа харилцан адилгүй. Одоогоор Онцгой байдлын газарт Австри улсад үйлдвэрлэсэн ой хээрийн түймэр унтраах зориулалтын машин болон БНСУ-д үйлдвэрлэсэн бага оврын автомашиныг ашиглаж байна. Дээрх хоёр машин нь ой хээрийн түймэр унтраахад зориулагдсан учраас өндөр даралтын хоолойгоор 500 метрээс нэг километр буюу 1000 метр талбайд хоолой дэлгээд ус шахах хүчин чадалтай. Нэг километрээс хол газарт бол алба хаагчид гар аргаар ус зөөж унтраана. Гэхдээ эгц уулын орой дээр ямар ч техник гарахгүй учраас гар аргаар ус зөөж унтраадаг. Дэлхийн аль ч улс оронд хэрэглэдэг түгээмэл аргуудын нэг. Үнэхээр хөгжил сайтай улс орон нэмэлтээр онгоцоор ус шүршиж унтраадаг. Монгол Улсын хувьд ийм боломж байхгүй. Онгоц алга, ус ч хомсдолтой” гэж НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан ярьсан юм.
Гал түймрийн үед шанага ус, үер усны гамшигт хүрз шорооны үнэ цэнийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол онцгойгийнхон. Тэд дүрэлзэн асах гал, үерлэн шуугих ус, нүүр нүдгүй шуурах цас, элдэв гамшгийг сөрж, аврал эрсэн нэгний төлөө ухрах эрхгүй зүтгэдэг.
“Тэдний хийх ёстой ажил шүү дээ, ингэж зүтгэснийхээ төлөө цалин авдаг” гэж хэлэх хүн цөөнгүй байж болох ч иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байвал гал түймрийн аюул, учирч болох эрсдлээс эх орон, байгаль дэлхий, өмч хөрөнгөө хамгаалж чадна.
Гэрэл зураг сонирхогч Д.Жавхлантөгсийн зөвшөөрлөөр зургуудыг нийтлэв
Холбоотой мэдээ