АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 15 жил ханилсан гэргий Меланиа Трампдаа өчигдөр/2020.04.26/ 50 насны төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж “Бидний гайхалтай тэргүүн хатагтай Меланиад төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн жиргэсэн байна.
Ийнхүү тэргүүн хатагтайн төрсөн өдөр эхэлж, Трампын гэр бүл цагаан ордонд хөл хорионы дэглэмийг зөрчилгүй, цомхон бүрэлдэхүүнтэйгээр чимээгүйхэн баярлацгаасан тухай Меланиагийн туслах Стефани Гришам мэдэгджээ.
Трампаас гадна түүний охин Иванка Трамп, хүү Эрикийн эхнэр буюу бэр Лара Трамп нар мөн тэргүүн хатагтайд төрсөн өдрийн халуун баяр хүргэжээ. Мөн цахим ертөнцөд түүний олон мянган шүтэн бишрэгчид Меланиад төрсөн өдрийн мэнд дэвшүүлсэн байна.
Коронавирус цар тахлын сүүдэр АНУ-ыг нөмөрсөн өнгөрсөн сараас эхлээд Меланиа Трамп олны анхааралд өртөөгүй билээ. Ийнхүү гуравдугаар сарын 10-наас хойш олны өмнө гараагүй тэргүүн хатагтай өнгөрсөн долоо хоногт дэлхийн өдрийг тохиолдуулан нөхөртэйгөө хамт цагаан ордны гадна мөд тарихаар гарч ирсэн юм. Олны өмнө ил гарахгүй байгаа ч Меланиа цахим орчинд идэвхтэй байж, олон зөвлөмж бичлэг нийтэлж байсан билээ. Гэхдээ тэрбээр төрсөн өдрөөрөө гэр бүлийнхэнтэйгээ илүү дотно байхаар шийдсэн бололтой.
Гришам тэргүүн хатагтайн төрсөн өдөрт ирсэн зочдын тухай тодорхой мэдээлэл өгөөгүй ч өнгөрсөн жилийнхээс тун цөөн хүн ирсэн гэнэ. Өнгөрсөн жил түүний 49 насны төрсөн өдрөөр цагаан ордонд хаалттай оройн зоог болж, түүнд нь Шинзо Абэ эхнэр Аки Абэ нар оролцсон билээ.
Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK
Холбоотой мэдээ