Залуусаа нэр дэвшүүл, одоо тэд ачаа үүрэх цаг нь болсон!

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Залуусаа нэр дэвшүүл, одоо тэд ачаа үүрэх цаг нь болсон!

Залуусаа нэр дэвшүүл, одоо тэд ачаа үүрэх цаг нь болсон!

Ардчилсан нам том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг улс төрийн хүчин болсныг Ардын намынхан одоог болтол ойлгоогүй бололтой. Э.Бат-Үүлийг бие даан нэр дэвших сургаар хөөрцөглөн, дарцаглацгааж байна.

Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэж үг бий шиг Э.Бат-Үүл нарын гурван гишүүн бие даан УИХ-ын сонгуульд өрсөлдлөө ч Ардчилсан нам хуваагдахгүй, суудал алдахгүй.

Учир нь З.Энхболд, Э.Бат-Үүл хоёрын  хоорондоо тулах тойрог Дархан-Уул аймаг гэдгийг бодолцоорой. Энэ тойрог руу МАН бурхан илгээлээ ч суудал авах боломжгүй. Дархан-Улаанбаатар чиглэлийн 220 гаруй км замыг шинэчлэн барих ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүйгээс өнгөрсөн жилээс эхлээд сонгогчдоос “тэнсэн” авсан. Зөвхөн Дархан-Уул аймгаар тогтохгүй, Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт авсан өмнөх суудлуудаа ч хамгаалах боломж ч хомсодсон. Иймээс Э.Бат-Үүл, З.Энхболд хоёр саналаа хуваалцсанаар дундуур нь гараад ирнэ гэж МАН-ынхан хөөрцөглөх нь хөрсөн дээрээ л буугаагүй хэрэг болно.

Дээр нь Э.Бат-Үүл  Сонгуулийн ерөнхий хороонд бие даан нэр дэвших хүсэлтээ өгөөгүй байгааг тооцоорой. Үндэсний аудитын газарт өргөн барьсан мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хууль, дүрэмд нийцэж байна уу гэдэг нэг шүүлтүүр бий. Дараа нь Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшүүлэх эсэхийг эцэслэнэ. Сарын хугацаа байна гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн даргын хэлсэн үг их учиртай шүү.

Хамгийн гол нь одоо Ардчилсан нам дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн шинэчлэлээ ажил хэрэг болгохын тулд нэр цэвэр, боловсролтой залуустаа итгэл үзүүлж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэх ёстой. Тэр цагт МАН-ынхны ЖДҮ, тендер зохицуулж, хуулийн хулгай хийсэн улстөрчдийн дэргэд Ардчилсан намын нэр цэвэр залуус цойлно.

Сонгогчид ч сонгуулиас сонгуульд хэрсүүжсээр хэн нь хэн бэ гэдгийг таньдаг ч болсон. Шижигнэсэн залуу үеэ дэмжээд гаргаад ирэхэд итгэл хүлээлгэх сонгогчид нь бэлэн байгаа. Харин хуучин хүмүүс нь амбицлаад зүтгэвэл МАН-ынхнаас ялгарахгүй, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар шиг ад үзэгдэх болно. Сонголтгүй ч сонгууль болж, өндөрлөхийг үгүйсгэх аргагүй.

Иймээс Ардчилсан нам шинийг эхлүүлдэг гэдгээ энэ сонгуулиар баталгаажуулж, шинэ үеэ гаргаад ир.

С.Эрдэнэ даргад энэ зэргийн зориг, ухаан бий болов уу. Энэ сонгуулиар л Ардчилсан намын өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын шинэчлэл харагдах ёстой. Фракцгүй, бодлогын нам болж төлөвшсөн эсэх нэр дэвшүүлэлтээс тодорхой болно.

Тэр ч фракцаас эдэн квот оруулж ирэхгүй бол гомдоно, энэнээс ч эдийг нэр дэвшүүлэхгүй бол барьцана гэдэг өмнөх удирдлагын жишгээр хандвал хуучин хөгжмөө л тоглох болно.

Нэр дэвших хүмүүсээсээ 100 саяыг авч, сонгуулийн санхүүжилтээ ил тодоор зарласан шигээ  одоо шууд тэндээсээ залуусаасаа хамгийн шударга, хамгийн боловсролтой, хамгийн ёс зүйтэй, хамгийн ачаа даах хүнээ нэрийг нь зарлаад гаргаад ир.

Энэ л зарчим жинхэнэ утгаараа Ардчилсан намын, удирдлагын имиж болог.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж