
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд эрүүгийн нөхцөл байдал хүнд байж насанд хүрээгүй хүүхдүүд гэмт этгээдийн халдлагад өртөж, харамсалтайгаар амиа алдсан, мөн таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ гарт өртөж эрүүл мэндээрээ хохирсон хэрэг гарсан. Дээрх хэргүүдийг үйлдсэн эзэн холбогдогчдыг нь цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны дүнд гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Тухайлбал, Баянхонгор аймагт долдугаар сарын 19-нд таван настай охин алга болж, гурав хоногийн дараа нь хогийн цэг орчмоос нь цогцос нь олдсон билээ. Талийгаач охины цогцост хийсэн задлан шинжилгээгээр гадны нөлөөтэй, аваар осолд өртсөн байж болзошгүй байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хэргийг шалгаж байсан Эрүүгийн цагдаагийн газар, Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтэс долдугаар сарын 30-нд гэмт этгээдийг илрүүлэн тогтоосон байна. Хэргийн газрын үзлэг болон бусад баримтаар гэмт этгээдийг уг хэргийг үйлдсэн болохыг тогтоосон ч охины амийг хөнөөсөн Б гэгч өөрийгөө буудан егүүтгэсэн байжээ. Мөн долдугаар сарын 30-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Бургасан тасархай гэдэг газарт нутаглаж байсан иргэн Ц-гийн гурван настай охин Э-гийн хоолойг нь хэрчиж, амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан байна. Аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шуурхай ажилласнаар гэмт этгээдийг илрүүлжээ. Гэмт этгээд нь талийгаач охины авга эгч буюу аавын нь төрсөн эгч Л гэгч байжээ. Тэрбээр сэтгэцийн өөрчлөлтэй нэгэн байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Гэмт этгээд Л охины хоолойг нь хэрчиж хөнөөснийхөө дараа өөрийгөө мөн егүүтгэжээ. Тэрбээр гарын шуу, цээж зэрэгтээ нэжгээд хутгалж, мөн л хоолойгоо хэрчиж амиа хөнөөсөн байжээ.
С.Отгон