"Тавдугаар сарын 1-ээс сургалтын төвүүдийг нээх боломжийг судалж байна"

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

"Тавдугаар сарын 1-ээс сургалтын төвүүдийг нээх боломжийг судалж байна"

"Тавдугаар сарын 1-ээс сургалтын төвүүдийг нээх боломжийг судалж байна"

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.04.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


“ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДАД АЧААЛАЛ НЭМЖ БАЙНА”

Хаврын хуурайшилтын энэ үед шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймэр гаргахгүй байх, иргэд оршин суугчид эд хөрөнгө, амь насаараа хохирохгүй байх боломж нөхцлийг холбогдох байгууллагууд есөн дүүргийн нутаг дэвсгэрт хяналт тавин ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд нийслэлд давхардсан тоогоор 1200 гаруй алба хаагчид гал түймрийн дуудлагаар ажиллаж, 429 авто машин оролцсон.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хийж байгаа газруудад 25 зөрчил өнгөрсөн өдрүүдэд бүртгэгдсэн. Айл өрхүүдэд гал түймрийн аюул осолд өртөх эрсдэл өндөр байна. Тухайлбал, эргүүлийн хугацаанд Сүхбаатар дүүргийн Өвөрсогоотын аманд зургаан га газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгайд нэг га газар, Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Жаргалантын аманд 2.5 га газар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын 10 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Сүүл даваанд зургаан га газарт гарсан ой хээрийн түймрийн дуудлага дээр нийт 265 алба хаагч цаг тухайд нь очиж ажиллажээ. Мөн өчигдөр /2020.04.26/ Хан-Уул дүүргийн нутагт орших Зайсангийн аманд 2.5 га газар, Арцатын аманд найман га газар гал түймэрт өртжээ. Галт түймрийн дуудлагаар нийт 86 алба хаагч, 18 авто машинтай очиж ажилласан.

Хаврын хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул учирч болзошгүй тухай иргэдэд байнга зөвлөж, уриалж байгаа. Харамсалтай нь, зарим иргэд хувцас шатаах, санамсаргүй байдлаар гал тавих зэргээс шалтгаалан ой хээрийн түймэр дэгдэж,  халдварт өвчинтэй тэмцэж байгаа энэ үед Онцгой байдлын алба хаагчдад ихээхэн ачаалал нэмж байна. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.

“7466 АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД 2914 ЧИГЛЭЛД АРИУТГАЛ ХИЙСЭН”

Хотын удирдлагын зүгээс цаашид ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд анхаарч ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх тухай 373 дугаар захирамж үйлчилж байгаа.  Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 20-26-ныг хүртэл нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудлуудыг цэвэрлэж, ариутгасан. Нийт есөн дүүргийн 133 метр.кв талбай бүхий орчинд 14 компанийн ажилчид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлээ. Энэ ажилд давхардсан тоогоор 7466 ажилтан албан хаагчид 2914 маршрут чиглэлд ажиллаж, 44 мянга гаруй иргэнд биечлэн зөвлөмж, мэдээлэл өгчээ.

АВТО ТЭЭВРИЙН ТОВЧООГООР ДОЛОО ХОНОГТ 77 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТЭРЧЭЭ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 6600 гаруй ажилтан ажиллаж байна. Хот хоорондын тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж байгаа. Дөрөвдүгээр сарын 20-26-ны хооронд нийслэл рүү 37.631 тээврийн хэрэгсэл орж, 39.688 тооны тээврийн хэрэгсэл гарчээ. Нийтдээ 77299 тээврийн хэрэгсэл долоо хоногийн хугацаанд Улаанбаатар хотод орж, гарсан гэсэн үг. Нийтдээ 232 мянган иргэн нийслэлд орж гарсан. Тодруулбал, 114472 хүн зорчиж хот руу орсон, 118 мянган иргэн хотоос гарчээ.

Тусгаарлалтад байсан одоо гэрийн хяналтад байгаа 2618 хүнийг хянаж байна. Нийт 1750 хүн гэрийн хяналтаас гаран ажлаа хийн хэвийн байдал руу шилжсэн. Одоо 858 иргэн гэртээ тусгаарлагдаж байна. Эдгээр иргэд дунд хяналтын хугацаагаа сунгасан тохиолдол ч бий. Зарим иргэд хаяг дээрээ байхгүй, гадуур гарах зөрчил гаргаж байгаа. Онцолж хэлэхэд “Таны эрхээр бусдын эрүүл мэнд хязгаарлагдаж байгаа шүү” гэдгийг анхааруулъя.

БАРИЛГА НЬ ДУУСААГҮЙ БАЙХАД БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВДАГ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАНА”

Орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн талбайн асуудлыг шийдвэрлэж байна. ХӨСҮТ нь таван гарцтай байх ёстой байтал ганцхан гарцтай байгааг шийдвэрлэж эхнээс нь шийдсэн. Машинаараа хойшоо ухарч байж гэр рүүгээ ордог байсан асуудлыг шийдвэрлэж Нарны гүүрний асуудлыг мөн шийдсэн. Үүнд аж ахуй нэгжүүдийг буруутгахаас илүүтэй зөвшөөрөл олгосон, хариуцсан албан тушаалтнуудыг чиглэж ажиллаж байна.

Барилгынх нь ажил дуусаагүй байхад барилгыг хүлээн авах асуудал гардаг. Барилгын тохижилт үйлчилгээ нь дуусаагүй байхад худалдсанаас болж иргэд хохирч байгаа талаар мэдээлэл өмнө нь өгсөн. Холбогдох хяналтын байгууллагууд үүн дээр хяналт шалгалт хийн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийн дагуу иргэдээс 49 санал гомдлын дагуу 51 мэдээлэл ирсэн. Бид мэдээллийн дагуу дүүрэг, хороо, аж ахуй нэгжийн чиглэл, улсын комиссын бүрэлдэхүүнтэй нь шалгаж байна.

ТАНХИМЫН СУРГАЛТЫГ НЭЭХЭЭР БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай ярилцаж, зөвшилцсөн. Ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг сургалтын байгууллагуудыг 5-10 хүнээс хэтрэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах талаар хэлэлцэж, нээх тал дээр судалж, бэлтгэл ажлаа хангаж байна. Эхний ээлжинд маш сайн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн сургалтын төвүүдийг нээж эхэлнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
26
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж