УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийв

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр (2020.04.27) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 14 бүлэг 126 зүйлтэйгээр шинэчлэн боловсруулсан байна.

Улсын Их Хурал 2007 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш 26 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэхүү хуулийн төслөөр Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулжээ.

Хуулийн төслийн онцлогийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарлахдаа,

1) хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, хуулийн төслийг эцэслэн батлах гэсэн 4 үе шаттайгаар хэлэлцэн батлах;

2) нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулах;

3) холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад төслийн талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах;

4) Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг төслийн зүйл бүрээр хэлэлцэх;

5) Байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн батлагдсанд тооцох;

6) төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх журам;

7) төслийн Найм, Есдүгээр бүлгээр бусад асуудал, албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журмууд;

8) Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулга, асуултын хариуг сонсох, Засгийн газар, холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүдийг оруулсан гэв.

Түүнчлэн хууль батлах босгыг хоёр дахин өндөрсгөж өгсөн байна. Одоо 39 гишүүнээр ирц бүрдэж, түүнээс дийлэнх нь дэмжсэнээр хууль баталдаг. Тэгвэл хуулийн төсөлд дэмжсэн гишүүдийн тоо 39+ байхаар тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж