УИХ-ын 2016 оны сонгуульд З.Энхболдоор удирдуулсан АН ердөө есөн суудал авсан бол С.Эрдэнээр удирдуулсан АН ахиад дөрвөн жил гудамжинд лааз өшиглөж мэдэхээр дур зураг харагдаж эхэллээ. Товчхондоо, З.Энхболдоос болж, С.Эрдэнийн нам ахин “хагарч”, АН дахин ялагдал хүлээж болзошгүй нь тус намын лидерүүд бие даан нэр дэвшихээ зарласан нь байв.
Өмнөх сонгуулиар ялагдсан шалтгаанаа АН-ынхан одоо ч ойлгоогүй, С.Эрдэнийн дор фракцигүй, бодлогын нам болсон нь худлаа байсныг тус намын лидерүүдийн зөрчил харуулж байна. Тэр тусмаа өнгөрсөн хугацаанд АН-ын дэд даргаар, С.Эрдэнэтэй нэг баг болж ажиллаж байсан Б.Дэлгэрмаа бие даахаар болсон нь нэг ёсондоо намынхаа бодлогын эсрэг ажиллахаа зарлаж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн намын сонгуулийн тактик, тойрог хуваарилалт, нэр дэвшүүлэлт дэд даргадаа хүртэл таалагдсангүй гэж харагдаж байна.
Хандив нэрээр хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгасан, Үндсэн хуулиар олгогдсон бусдын сонгох ба сонгогдох эрхэнд халдаж байгаа нь АН-ын үндсэн үзэл баримтлалтай нь, төдийгөөс өдий хүртэл “өмчилж” ирсэн ардчилалтай нь зөрчилдөж буй явдал.
Ардчилсан төрөө сонгох, сонгохдох эрхийг АН мөнгөөр үнэлж зарсан нь эхнээсээ мордохын хазгай болсон нь үнэн.
Хотын дарга асан Э.Бат-Үүл, С.Эрдэнийн албан ёсны ахлах зөвлөх З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө ил тод зарласнаар АН ямартаа ч нэг суудал алдах нь нэн тодорхой болов. З.Энхболдыг амлаж авсан нь ганц Э.Бат-Үүл биш, АН-ын гишүүн асан Л.Наранбаатар түүний халз тулаанд дуудаад удаж байгаа билээ. Тэгэхээр тэрхүү тойрогт АН-ын санал гурав хуваагдах нь ойлгомжтой.
С.Эрдэнийн гарын үсэгтэйгээр намаасаа хөөгдсөн С.Баярцогт бие дааж нэр дэвшихээр болсон нь АН-ын хувьд бас л ашиггүй хувилбар. Үндсэндээ, тус намаас лидерүүд бие даагчид болсон нь С.Эрдэнийн хувьд сайн мэдээ, сайн үйл явдал лав биш. Э.Бат-Үүл, С.Баярцогт бие даах нь З.Энхболдод хамаагүй байж болох ч С.Эрдэнэд бол хамгийн хамаатай шийдвэр. Наад зах нь намын санал хуваагдаж, том зургаараа АН үзэл санааны эв нэгдэлгүй, үнэт зүйлгүй болж харагдана.
Энэ удаагийн сонгуулийн АН-ын ялалт, ялагдал бүхнийг З.Энхболд хүлээхгүй. Албан ёсны бүртгэл дээр нь С.Эрдэнэ учраас АН ялагдвал тэр хариуцлагаа хүлээж, АН ялбал тэр эрх мэдэлд хүрнэ гэсэн үг.
Харамсалтай нь, АН өнөөдөр нам биш компани. Дарга нь С.Эрдэнэ биш З.Энхболд болсныг Э.Бат-Үүл өмнө нь сануулж байсан удаатай. Тиймээс намаасаа гарч, бие даагчдыг буруутган зэмлэхээс илүү алдаагаа засах нь С.Эрдэнийн үүрэг.
Том тулааны өмнө АН-ыг хагалан бутаргаж, хөгшин, залуу, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хувааж буйн алдааг З.Энхболд хэзээ ч үүрэхгүй.
Ардын намын дарга У.Хүрэлсүх сор болсон хүмүүсээ нэр дэвшүүлэхээ зарлахдаа, өөрийнхөө багийг, мөн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй нэр цэвэр хүмүүсээ, хөгшин, дунд, залуу үетэйгээ хамт сонгуульд орохоо мэдэгдсэн. Гэтэл С.Эрдэнэ гарман дээр ирчихээд морио З.Энхболдод өгч, намтайгаа, юутайгаа усанд “норох” хэрэг юу байв аа. Яг ийм учраас л АН-д ахиад итгэх шалтгаан үлдсэн гэж үү!
Б.БАТ
Холбоотой мэдээ