Сонгогчийн боловсролд анхаарахгүй байгаа нь алдаа

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Сонгогчийн боловсролд анхаарахгүй байгаа нь алдаа

Сонгогчийн боловсролд анхаарахгүй байгаа нь алдаа

“Зөв сонголт-Бидний ирээдүй” ТББ нь сонгогчдод боловсрол олгох, сонгогчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байгууллагаас өнөөдөр /2020.04.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Иргэд сонгуульд идэвхтэй оролцдоггүй, сонгох эрхээ эдэлдэггүй учраас сонгуулийн үр дүнд төрийн эрхэнд гарч буй улстөрч болон намууд иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд гүйцэд илэрхийлж, төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж, улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чадахгүй байна. Тиймээс 2020 оны сонгуулийн өмнө бид,

-УИХ болон шат шатны сонгуульт засаглалын бүтцэд хууль дээдлэгчид, шударга ёсыг үлгэрлэн эрхэмлэн сахигчдыг нэмэгдүүлэх,

-Олны дэмжлэг авсан, тухайн нэр дэвших тойргийнхоо сонгогчдын дэмжлэгийг шударгаар авсан нэр дэвшигчдийг дэмжих,

-Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг эрхэмлэн, ёс зүйтэй, шударга засаглалыг ард түмэнтэйгээ хамтран байгуулахын төлөө иргэдтэйгээ хамтран ажиллана.

Удахгүй 2020 оны УИХ-ын сонгууль болох гэж байна. Гэвч өнөөдөр хэн, хаана нэр дэвших гэж буй, сонгуулийг хэр хэмжээний хөрөнгөөр зохион байгуулах тухай л яригдаж байгаагаас биш сонгогчийн боловсрол, сонгуулийн ирцийн талаар  хөндөж байгаа төрийн  байгууллага, улс төрийн нам алга. Сонгогчийн боловсролд анхаараагүй нь Монголын төрийн өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан хамгийн том алдаа. Хуулиараа сонгогчийн боловсролыг  дээшлүүлэх чиглэлээр ажиллах ёстой төрийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. Гэтэл зөвхөн сонгууль зохион байгуулах ажлыг л ярьж, хийж ирснээс биш, сонгогчийн боловсрол, сонгуулийн ирцийн асуудлыг ямагт орхигдуулж ирсний горыг бид өнгөрсөн сонгуулиудаар хангалттай амсаж байна.

Сонгогчдын ирцийг сүүлийн таван удаагийн УИХ-ын сонгуулийн байдлаар авч үзвэл

  • 2000 онд 82.4%
  • 2004 онд 82.2%
  • 2008 онд 76.5%
  • 2012 онд 67.3%
  • 2016 онд 73.6 хувьтай байна.

Энэ ирцийг нэмэгдүүлэхийн тулд, шударга сонгууль явуулахын тулд иргэдийн сонголт хийх боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэж бид үзэж буй.

Тиймээс бид сонгогчийн боловсролд анхаарах, сонгогчийн эрхийг хамгаалахдаа дараах  зарчмуудыг баримтална. Үүнд,

Бид өөрсдөө улс төрийн сонгуульд нэр дэвшихгүй. Шат шатны бодлого боловсруулагчид шударга, цэвэр байхаас Монгол Улсын ирээдүй шууд хамааралтай тул аливаа нам эвслийн нэр дэвшигчдэд хяналт тавьж ажиллана. Нэр дэвшигч бүр дээр итгэл даах эсэх асуудлаар анализ хийн олон нийтэд танилцуулна. Сонгууль хүртэлх тухайн тойргийн нэр дэвшигчид аливаа хууль бус үйлдэл гаргах эсэхэд хяналт тавина. Бид сонгуульд хэн нэгний эсрэг сөрөг үйл ажиллагаа явуулахгүй.

Өнгөрсөн хугацаанд УИХ-д сонгогдсон гишүүд ёс зүйн доройтолд орж, сонгогч иргэдийн төлөө биш, амин хувийн ашиг хонжооны төлөө шийдвэр  гаргаж ирснийг халах  сүүлийн найдвар нь иргэд сонгогчид  өөрсдөө юм. Тиймээс боловсролтой сонгогчид зөв хүнийг таньж дэмжих бололцоог олгохын төлөө  “Зөв сонголт-Бидний ирээдүй” ТББ ажиллаж байна.

Олон улсад яг энэ чиглэлээр буюу сонгогчдод зөв сонголт хийх боловсрол олгох замаар улс төрийн тогтолцоогоо цэвэр, шударга болгоход хувь нэмрээ оруулж буй гаднын жишээнүүд байдаг. Өөрөөр хэлбэл, сонгогчид оролцоотой байх нь тухайн нийгмийн тогтолцоог эрүүл байлгадгийг бидэнтэй адил гараанаас гарсан ЗХУ-ын  бүрэлдэхүүнээс тусгаарласан улсуудын  жишээ нотолно. Төрийн  байгуулал,  улс төрийн тогтолцооны хувьд манайхтай бараг адил Латви, Литва, Эстони улсуудын эдийн засаг өнөөдөр Монголоос хол тасарчээ. Латви улсад л гэхэд 2018 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ нь 18,172 ам.долларт хүрсэн  байна. Энэ үзүүлэлтээр дэлхийд 43 дугаарт орж байхад манайх 113 дугаарт буюу нэг хүнд ногдох ДНБ 4,430 ам.доллар байгаа юм.

Польш, Финланд, Чех, Словак, Гүрж гээд авлигыг нийгмээсээ халж чадсан улсуудын хөгжлийг ч дурдаж болно. Эдгээр улс нь аз жаргалын индекс, амьдрахад таатай нөхцөл, иргэдэд үзүүлдэг нийгмийн халамж үйлчилгээ, улс төрийн тогтвортой байдал, хөгжлөөрөө биднээс хол тасарсан.

Харин манайх шиг иргэд нь саналаа идэвхтэй өгдөггүй, улс төрийн эрхээ эдэлдэггүй, сонгогчийн боловсролын асуудлыг орхигдуулснаасаа болж зөв сонголт хийгээгүй, улс төрийн тогтолцоо нь унаж доройтсон, улс орны хөгжил  нь  уруудсан  орон ч байна. Бас л гараанаас зэрэг хөдөлсөн Тажикстан, Кыргызстаны жишээг энд дурдаж болно. Эдгээр нь Төв Азийн орнууд дотроо сүүл мушгиж буй орнуудад багтана. 1992 онд төрийн  эрхэнд гарсан Ерөнхийлөгч нь өнөөдрийг  хүртэл  халаагүй засаглаж байгаагаас харахад  иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлдэггүй улс ямар байдалд хүрдгийн жишээ. Бид эдгээр хоёр орны араас орохгүйн тулд ардчиллын амин сүнс болсон иргэдийн оролцоо, сонголт хийх эрхийг хангах нь хамгийн чухал зүйл болоод байна. Өөрөөр хэлбэл, сонгогч боловсролтой, саналаа идэвхтэй өгөхийн чухлыг иргэдэд ойлгуулах хэрэгтэй байна. Бид үүний төлөө л  өнөөдрийн  хэвлэлийн  бага хурлыг хийж байгаа юм гэлээ.

Хэвлэлийн бага хуралд "Зөв сонголт-Бидний ирээдүй" төрийн бус байгууллагын тэргүүн С.Гантөр, тус байгууллагын гишүүн П.Нямлхагва, Б.Билгүүн нар оролцлоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж