Эрдэнэс Тавантолгой ХК-иас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.04.27/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд 2020 оны тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг тараах ажиллагаа эхэлнэ гэдгийг дуулгасан юм.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 18.5 хувийг эзэмшиж буй 2 сая 511 мянга 818 иргэнд 199 тэрбум 736 сая 1094 төгрөгийн ногдол ашиг тараана.
Иргэдийн ногдол ашиг нь брокер диллерийн компаниар дамжин, иргэдийн бүртгүүлсэн дансанд орно.
Өнөөдрийн байдлаар 2 сая 36 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд үүнээс ердөө 300 мянган иргэн нь банкны дансаа хувьцааны данстайгаа холбожээ. Иймээс банкны дансаа холбоогүй иргэдэд ногдол ашгийг нь НӨАТ-ын буцаан олголтоо авдаг дансаар нь шилжүүлэхээр ярилцаж тохирсон гэж тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэлэв.
УУРХАЙЧИД "ЭРДЭНЭС МАЙНИНГ" КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин компани болох "Эрдэнэс майнинг" компанийн туслан гүйцэтгэгч, гэрээт олборлогч Ти Ти Жи Ви Сөү гэдэг компани үйлдвэрчний эвлэлд элссэн шалтгаанаар өөрийн 10 ажилтнаа ажлаас нь чөлөөлөхийн зэрэгцээ Эрдэнэс Тавантолгойн есөн ажилтныг өөрийн техник дээрээ ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Тавантолгойн уурхай дээр уурхайчид эсэргүүцлийн жагсаал хийж, эхнээсээ үсээ хуссан байна. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр "Уурхайчдын зүгээс тавьсан хоёр шаардлага үндсэндээ биелсэн. Уурхайчдын асуудлыг шийдэхийн тулд компани болон УУХҮ-ийн сайд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар уурхай дээр ажиллаж, шаардлагыг нь хүлээн авч, шийдвэрлэсэн. Тухайлбал, нэгдүгээрт, хөдөлмөрийн маргаантай холбоотой эхний тавьсан шаардлага биеллээ олсон. Ти Ти Жи Ви Сөү компаниас халагдсан 10 ажилтныг "Эрдэнэс Тавантолгой" компани өөрсөд дээрээ шилжүүлэн ажиллах боломжийг нь өгсөн. Гэвч тухайн ажилтнууд шүүхээр өөрийн компанид үүсээд буй асуудлаа шийдүүлнэ гэсэн.
Хоёрдугаарт, Ти Ти Жи Ви Сөү компани "Эрдэнэс Тавантолгой"-н есөн ажилтныг техник дээрээ ажиллуулахгүй гэсэн. Иймээс ажлын байрыг нь өөрчилж, Баруун Цанхи дээр ажиллуулахаар болгосон байна.
Одоо уурхайчид "Эрдэнэс Майнинг" компанийг татан буулга гэдэг шаардлага тавьж байна. Энэ бол компанийн эрх мэдлээс хэтэрсэн асуудал тул эрх бүхий байгууллага нь шийднэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гэв.
Нэмэлт мэдээлэл дуулгахад, Үндэсний Аудитын газар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2019 оны үйл ажиллагаанд хяналт хийхэд ямар нэгэн зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь төрийн өмчит компаниуд дунд зөрчилгүй гарсан анхны компани болсон байна.
Мөн тус компани нь өнгөрсөн долоо хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. 2020 он гарснаас хойш нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 902 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 240 тэвш буюу 15 мянган тонн нүүрс олборлосон бол экспорт 133 тэвш буюу 10 мянган тонноор нэмэгдсэн дүнтэй байна.
Холбоотой мэдээ