"Бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн нэг ч хүн байхгүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

"Бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн нэг ч хүн байхгүй"

"Бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн нэг ч хүн байхгүй"

АН-ын зөвлөл өнөөдөр /2020.04.27/хуваарь ёсоор хуралдаж, цаг үеийн зарим асуудлын талаар хэлэлцжээ. Тухайлбал, энэ долоо хоногт Цар тахлаас сэргийлэх тухай Ж.Энхбаяр нарын өргөн барьсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хийнэ. Үүнтэй холбогдуулан тус төслийн талаар АН-ынхан байр сууриа илэрхийлж, ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй саналуудаа оруулахаар шийдвэрлэжээ. Зарчмын зөрүүтэй саналд Үндсэн хууль, Төсвийн тухай хуулийн зөрчилгүй байх. Мөн урьдчилсан байдлаар дөрвөн удаагийн саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж байгаа үед Үндсэн хууль зөрчихгүй байх, гишүүний бүрэн эрх парламентын дархлааг бууруулахгүй байхад чиглэсэн зарчмын ямар байр суурь баримтлах нь зүйтэй вэ гэдгийг хэлэлцжээ.

Хэлэлцсэн асуудлын талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн о.Баасанхүү нар мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт О.Баасанхүү гишүүн өөрийн итгэл үнэмшлээрээ АН-д элссэн. Тиймээс  АН-ын зөвлөл найман гишүүнтэй бүлэг буй болж байгаа тухайгаа энэ долоо хоногт УИХ-ын дарга өргөн мэдүүлсэн нь зүйтэй гэж үзэж байгаа. Пүрэв гарагийн чуулганаар энэ асуудлыг өргөн барина гэж төлөвлөж байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд гурван үндсэн зарчим зөрчигдөж байгаа. Төсвийн тухай хууль болон Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас анхааруулга өгөх нь зүйтэй гэж үзсэн.  Эрх баригчид зохицуулалт хийх мөнгө санхүүгийн эрхийг нь Засгийн газар өгч болно гэж тайлбарлаж байгаа нь хууль зөрчиж, цар тахлын үед өөрсдийнхөө эрх мэдлийг нэмж байгаа гэж харж байна. УИХ-ын бүрэн эрхийг хэн ч зөрчиж болохгүй зөвхөн УИХ өөрөө шийдвэрлэх онцгой бүрэн эрх юм.  Мөн төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх гэсэн заалт бий. Төсвийн ерөнхийлөн захируулагч нарын төсөвт тодотгол хийх гэсэн заалт бий. Энэ заалтад төсвийн ерөнхий захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ гэсэн тодорхой заалт байсаар байтал   Төсвийн тухай хууль зөрчиж баталбал шууд Үндсэн хуулийн Цэцийн маргаан үүсгэнэ. Ийм зөрчилтэй хуулийг гаргаж болохгүй.

"ХЭТЭРХИЙ ӨНДӨР ДҮНТЭЙ ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ НЬ ЭНЭ ЦАГ ҮЕД ЗОХИСГҮЙ"

Хоёрдугаарт, энэ хууль эдийн засгийг сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудлыг бараг тусгаагүй. Коронавирусийг далимдуулж, хөл хорио дор яаж ял шийтгэл оногдуулах вэ гэдэг тал руу   хэт анхаарсан нь маш буруу. Тийм учраас манай нам эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар таван багц 38 зүйл заалтаасаа есөн заалтыг энэ хуульд тусгуулах саналтай байна. Мөн энэ хуулиар Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалт зөрчигдөнө. Эрүүгийн хуульд тусгасан заалтуудыг давхардуулж оруулж байгаа нь буруу. Хэтэрхий өндөр дүнтэй торгууль оногдуулах нь энэ цаг үед зохисгүй. Сануулах арга хэмжээг огт тусгаагүй байна. Ингэж дарангуйлсан хуулийг гаргаж болохгүй.

Мөн УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Үндсэн хуулийн зөрчилтэй зүйл заалтууд орсон. Тухайлбал, УИХ-ын дарга бол хуралдаан зохион байгуулах эрхтэй болохоос шийдвэр гаргах түвшний хүн биш. УИХ-ын даргын эрх хэмжээ Үндсэн хуулийн зөрчилд хүргэх олон заалтыг тусгасан. Хоёрдугаарт, УИХ-ын Тамгын газарт хэтэрсэн эрх мэдлийг олгох гэж оролдсон, гуравдугаарт гишүүдийн бүрэн эрхэд халдсан заалтууд орсон. УИХ-ын хамгийн их дархлаатай байгууллага байх ёстой. Сонгогчдын төлөөллийн байгууллагыг сонгогчийн саналгүйгээр засах, нэмэх эрх УИХ-д байхгүй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хоёрхон үндэслэл байж болно” гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү гадаад улсад байгаа иргэдийн талаар авах арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "МАН гадаадад байгаа иргэдийн талаар арга хэмжээ авч байгаа боловч бүх хүнд тэгш хүрч үйлчлэхгүй байна. Үүнийг иргэд эсэргүүцэж өнөөдрийн байдлаар БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гадна иргэд суулт зарлаж байна. ОХУ, Энэтхэг, Туркт мөн ийм байдал гарч байгаа. Хил дээр ирсэн Монгол Улсын иргэнийг шалтгаан нөхцөлгүйгээр нэвтрүүлэх ёстой. Тиймээс үүнийгээ зарлаач. Монголд өнөөдөр  20 мянга гаруй зарагдаагүй байр, маш олон зочид буудал бий. Эдгээрийн урсгал зардлуудыг тооцоолж, гадаадад байгаа иргэдээ авчирч тусгаарлаач ээ гэдэг саналыг тавьж байна. Австралид байгаа иргэд өөрсдийнхөө мөнгөөр тухайн улсын онгоцоор эх орондоо ирье гэдэг саналыг тавьж байна. Ийм байдлаар иргэдээ яаралтай татах хэрэгтэй.  ОХУ-д байгаа оюутнуудын нөхцөл байдал хэцүү байна. Өртөг өндөртэй газар оюутнууд маань маш хэцүү байдалтай байгаа. ОХУ-аас ирсэн 20 гаруй оюутан шинэ коронавирусийн халдвар авсан. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зуслан гэж байна. Тэнд нь тусгаарлалт хийж болно шүү дээ.

-АН-ын зөвлөл бүлэг байгуулах боломжгүй гэдгийг хэлж байна, үүнд тайлбар өгнө үү?

-Сонгуулийн үр дүнгээр наймаас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж заасан. 2016 оны сонгуулийн үр дүнгээр АН есөн суудал авсан. Энэ сонгогчийн тоог хэн ч өөрчлөх эрхгүй. Манай бүлгээс хоёр гишүүн гараад бүлэг байгуулах боломжгүй болсон. Харин одоо О.Баасанхүү гишүүн орж найман гишүүнтэй болсон нөгөөтэйгүүр сонгуулийн үр дүнгийн 9 суудал одоо хүртэл хадгалагдаж байгаа учраас  АН-ын бүлэг үйл ажиллагаагаа сэргээх боломжтой.

-АН-ын зарим гишүүн 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшихээ илэрхийлж эхэлсэн. Тухайлбал, дэд дарга Б.Дэлгэрмаа бие дааж нэр дэвшихээ хэлсэн. Энэ байдлаас харахад танай нам дотроо ойлголцохгүй байгаа юм уу?

-Сонгуульд бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн нэг ч хүн өнөөдрийг хүртэл байхгүй. Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагч болон улс төрийн намуудыг ирэх тавдугаар сард шийдвэрлэх хуультай. Тэгж байж хэн бие дааж нэр дэвших үү гэдэг тодорхой болно. Бие дааж нэр дэвших хүсэлтэй болон бодолтой хүмүүс Аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн болохоос биш тэд өнөөдөр  СЕХ-нд албан ёсоор бие даан нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээгүй. Сарын хугацаа байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж