Дархан нэхийд нэг ч ширхэг хувьцаа эзэмшдэггүй

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Дархан нэхийд нэг ч ширхэг хувьцаа эзэмшдэггүй

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай ярилцлаа.

 

-С.Бямбацогт гишүүн та хоёр шатахууны үнийг бууруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт үг хэлэхдээ алслагдсан аймгуудад шатахуун литр тутамдаа 230-260 төгрөгөөр, ойр орчмын аймгуудад литр тутамдаа 100 гаруй төгрөг буухаар болсныг мэдэгдсэн. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

 

-Монгол Улсын эдийн засаг, Монгол Улсад үнэ бүрдэхэд нефть бүтээгдэхүүн шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Манай улс үндсэндээ эцсийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авдаг. Монгол Улс хамгийн их алдагдлыг нефть бүтээгдэхүүн дээр амсдаг. Дэлхийн нефтийн бүтээгдэхүүний зах зээлд маш таатай зүйл бий болоод байна. Үндсэндээ нефтийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хоёр дахин хямдарсан энэ таатай нөхцөл ойрын хэдэн жил үргэлжлэхээр байгаа юм.

 

Ерөнхий сайдын хэлсэн үгнээс харахад нефтийн бүтээгдэхүүн 10 орчим хувь хямдрах нөхцөл бүрдэж байгаа юм билээ. Шатахууны үнэ хямдарч байгаа нь сайн хэдий ч хангалтгүй байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ хоёр дахин хямд хэвээрээ байгаа юм чинь хоёр дахин буулгах хэрэгтэй. Нефтийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх шалтгааныг Засгийн газар бийболгож байгаа гэдгийг хэлэх ёстой.

 

-Тэр нь юу гэсэн үг вэ?

 

-Засгийн газар Онцгой албан татварыг нэмж авч байгаа. Тиймээс шатахууны үнэ хямдрахгүй байгаа юм. Ерөнхий сайдын хэлсэн 10 хувийн хямдрал гэдэг бол нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг зүйл л дээ. Яагаад гэхээр эдийн засгийн өсөлттэй үед өндөр үнийг Монголын эдийн засаг шингээгээд явж ирсэн. Харин өнөөдрийнх шиг эдийн засаг хүчтэй унаж буй, Монголын уламжлалт экспортын бүтээгдэхүүн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа алдаж байгаа энэ цаг үед өөр бодлого барих ёстой. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон Эрдэнэт үйлдвэр нэг тонн зэс олборлох өртөг нь 5150-5200 ам.доллар болж байна.

 

Гэтэл олон улсын зах зээлд борлуулалтын үнэ нь 4000 ам.доллар байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа биз. 2016 оны прогнозоор дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 3000 ам.доллар байна гэж гарсан байгаа юм. Өнөөдөр олборлож буй зэсийн өртөг яагаад өндөр байна вэ, манайхан гадаад орнуудад тэрбум тэрбумаар нь улс орноо сурталчлах арга хэмжээ авч байгаа ч жуулчид яагаад ирэхгүй байна вэ. Энэ бүгдийн хамгийн том шалтгаан нь тээвэрлэлтийн зардал өндөр байгаад байна. Нисэх онгоц гэхэд дэлхийн зах зээлээс 2-3 дахин өндөр үнэтэй шатахуунаар цэнэглэдэг.

 

Үүнээсээ болж жуулчдыг татах чадвараа алдаж байгааг хэлэх хэрэгтэй. Өндөр үнэтэй шатахуун хэрэглэдгээсээ болоод Эрдэнэт үйлдвэр өрсөлдөх чадвараа алдаж байна. Нүүрсний экспорт унаж байгаа нь үүнтэй холбоотой. Амьжиргаа, цахилгаан, дулааны үнэ өндөр байгаа нь мөн л шатахуунтай холбоотой. Гурил, будаа, сүү, талхны үнэ өндөр байгаа нь ч гэсэн үүнтэй хамаатай юм.

 

УИХ татвар тогтоох онцгой бүрэн эрхийнхээ тэр дундаа нефтийн бүтээгдэхүүнтэй холбоотой татварыг зохицуулах эрхийг Засгийн газарт өгөөд удаж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар эдийн засаг ийм хүнд үед хамгийн баталгаатай төлдөг татвар болох Онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Тэр татварынхаа мөнгөөр төрийн албаны урсгал зардлыг санхүүжүүлж байгаа.

 

-Тэгээд яах ёстой гэж?

 

-Энэ цаг үед цөөн хүнд зориулж ард түмний эрх ашгийг хохироож болохгүй. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ хямдарсан энэ үед бид өрсөлдөх чадвартай болохын тулд шатахууны Онцгой албан татварыг тэглэчихвэл МИАТ тасалбарынхаа үнийг нэг дахин хямдруулна. Эрдэнэт үйлдвэрийн зардал нэг дахин багасна. Тог, цахилгаан, дулааны зардал буурна. Үүнийг дагаад нийтийн тээвэр, талхны үнэ багасна. Бид дэлхийн зах зээлээс хоёр дахин өндөр үнээр тариалалт хийгээд үр тариа хурааж авч байгаа. Ерөөсөө үүний чинь суурь шалтгаан нь шатахуун байхгүй юу.

 

Үүнийг нь Засгийн газар өдөөгөөд байна л даа. Ийм хүнд үед гурван сая иргэнд нөлөөлдөг дулаан, цахилгаанаас эхлээд маш олон зүйлийн үнийг буулгая гэж байгаа бол Онцгой албан татвараа тэглэчихэд болох байлаа. Хэрэв тэгж чадвал ард түмэн, аж ахуйн нэгжүүд нэг амьсгаа авахтайгаа болно. Борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь зардал багасахыг хүн бүр л хүсч байгаа биз дээ. Ингэснээр өрсөлдөх чадвар нэмэгдэж эдийн засгийн энэ хямралд тэсч үлдэх боломж бүрдэнэ. Ийм байж АН-ынхан жижиг дунд үйлдвэр бизнесийг дэмжинэ гэж яриад яах юм.

 

-Онцгой албан татварыг тэглэнэ гээд байх юм. Үнэндээ улс төрийн хүчнүүд та нарын сонгуульд өгсөн амлалтын мөнгийг чинь энэ татварын мөнгөнөөс бүрдүүлж өгч байна шүү дээ. Нэг талдаа та нарын хариуцлагагүй амлалтын уршиг юм биш үү?

 

-Үүн дээр л шийдэл хэрэгтэй байхгүй юу. Улс төрийн тооцоололгүй хийрхсэн амлалтыг хангахын тулд ард түмнийг хохироож, улс орныхоо өрсөлдөх чадварыг боомилж байгаа асуудал юм. Шаардлагагүй төсөв хөрөнгийн санхүүжилтээ болих хэрэгтэй. Зүгээр л Онцгой албан татвараа аваад хаячихад л шатахууны үнэ хямдарна. Дээр хэлсэнчлэн бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Цөөн үгээр хэлбэл иргэдийн орлого нэмэгдэж, зарлага нь багасна гэсэн үг.

 

Энгийн үгээр хэлэхэд Н үүрс хөтөлбөр хэрэгжүүлж хэдэн хүнээр нүүрс шуудайлуулаад зарах хэрэггүй л байхгүй юу. Нүүрс олборлож буй уурхайнууд хоёр дахин бага зардлаар нүүрсээ олборлоод эхэлнэ.

 

Эрдэнэт үйлдвэр чинь алдагдалгүй ажиллаад эхлэхээр улсад төлдөг татвар нь нэмэгдээд л ирнэ. Зүйрлээд хэлэхэд морийг чөдөрлөчихөөд  гуядаад байгаагаас өөрцгүй л байна. Чөдөртэй морь цовхчихоос цаашгүй байдаг биз дээ. Одоо бол бид сүрийг бадруулан морин дээрээ суучихаад л гуядаад байна. Яаж явах юм. Өөрсдөө л бодлогоороо чөдөрлөчихсөн. Дөнгөж хил гараад л шатахууны үнэ 600 төгрөг, нэг кг гурил 500 төгрөг байна. Хил давж орж ирээд 1600-1800 төгрөгөөр нэг литр шатахуун авдаг. Хил даваад л нэг кг гурил 1000-1200 төгрөг болдог. Ийм байхад бид яаж өрсөлдөх юм. Хувийн хэвшил чинь яах юм. Бид өөрсдөө зовлонгийнхоо үрийг тарьчихаад түүнийгээ тойроод хэрэлдээд байгаа байхгүй юу. Дэлхийн улс орнууд эдийн засаг хямраад ирснийг зөв ашиглаж байна.

 

Эдийн засаг хямрангуут суурь үнээ чөлөөлж, банкууд нь зээлийн хүүгээ багасгаж эдийн засагтаа аль болох мөнгө нийлүүлдэг. Гэтэл Монгол Улс яагаад эсрэгээр нь Онцгой албан татвараа 3.5 дахин нэмж байгаа юм бэ. Ийм асуудлыг Засгийн газар нь оруулаад ирэнгүүт УИХ дахь АН-ын гишүүд олонхоороо хүч түрээд баталсан. Ийм ухаан гаргасан Засгийн газрыг ерөөсөө ойлгохгүй юм.

 

-Ер нь бензиний үнэ хэдэн ч төгрөгөөр буурсан гэлээ бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурдаггүй. Харин буцаад нэмэгдэнгүүт нь бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Үүний жишээ нь махны үнэ буучихаад байхад хуушуурны үнэ буухгүй байгаатай адил. Махны үнэ нэмэгдэнгүүт хуушуур, буузны үнэ нэмэгддэг дээ…

 

-Шатахууны үнэ тэгж айхтар нөлөөлдөг нь мэдрэгдэж байгаа биз. Туйлын таатай, нөгөө талдаа түүхэн боломж гарч ирж байгааг бид ашиглах ёстой. Бид олон зүйл дээр үнийн зохицуулалт хийдэг. Эрчим хүч, нүүрс, цахилгаан, дулаан гээд төрийн татаастай зүйлс олон бий. Үүнийгээ шийдчих бололцоотой. Нөфтийн бүтээгдэхүүний үнэ буурангуут эрчим хүчний салбар чинь төрөөс татаас авахаа больчихно. Үндсэндээ Монголын эдийн засаг зах зээлийн зарчим руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Монголд тариа тарих, Орост тариа тарих хоёр адилхан үнэтэй болно гээд ойлгочих. Ийм суурь үнэ дээр л бизнес өрсөлдөж эхэлнэ.

 

-Энэ жил манай орны хувьд ургац алдсан. Улаан буудай гэдэг бол манай орны стратегийн хүнсний бүтээгдэхүүн болохоор байнгын хорооны даргын хувьд асууж байгаа юм. Бидэнд дутагдалтай 300 орчим мянган тонн улаан буудайгаа яах ёстой вэ. Ирэх онд тарих үр алга гэж тариаланчид ярьж байна?

 

-Асуудал ноцтой байгаа. Аливаа салбарыг хөгжүүлэхэд шинжлэх ухааны тооцоо судалгаатай байж хөгждөг. Энэ ажлууд өнөөгийн байдлаар нэлээд орхигдсон. Энэ жилийн байдлаар гурилын үйлдвэрүүд 124.3 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.5 мянган тонн гээд нийтдээ 130 мянган тонн л буудай хүлээн авсан. Аж ахуйн нэгжүүд худалдахгүй гээд хурааж, нөөцөлсөн юм байхгүй. Ноднингийн мөн үеэс бид 3.5 дахин бага ургац авсан. Нэг үгээр хэлбэл бид ноднингийн ургацынхаа 30 хувийг авч 70 хувийг алдсан гэсэн үг. Гангийн байдалтай холбоотойгоор Монгол Улс үрээ бүрэн алдсан. Ирэх оны хаврын тариалалтад тарих үр алга.

 

Бид 1990 оноос өмнө жилдээ 800-900 мянган тонн үр тариа авчихдаг байлаа. Дотоодынхоо хэрэгцээг хангаад үлдсэнийг нь экспортолчихдог байсан. Зах зээл бүгдийг зохицуулна гээд бид бүгдийг унагаасан. Үр дүнд нь Монголын бүх газар тариалангийн салбар уналтад орсон. Үүнээс болж монголчууд хэдэн жил ясны гурил идсэн шүү дээ. Улс төрийн намууд төсөл хөтөлбөр гаргаад Атар аяны хүрээнд бид 450 мянган тонн үр тариа хурааж авсан. Аж ахуйн нэгжүүд газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт хийж технологийн болон техникийн шинэчлэлт хийсэн нь амжилттай болсон. Одоо бид энэ салбар Монгол Улсад хэрэгтэй юу, үгүй юу гэдгийн шийдэл дээр ирж байна.

 

Бид дотоодынхоо гурилын хэрэгцээ, ирэх хавар тарих үрийнхээ хэрэгцээг хангаж чадахгүй нь тодорхой болчихлоо. Хүссэн хүсээгүй импортоор хүнсний улаан буудайг хэдэн зуун мянган тонноор нь авна. Мөн бэлэн гурил мянга мянган тонноор нь авахаас өөр аргагүй болно. Бэлэн гурил орж ирлээ гэхэд гааль татвараа төлөөд кг нь 600 төгрөгөөр орж ирнэ. Үүнтэй холбоотойгоор Монголын гурил үйлдвэрлэх салбар бүхэлдээ дампуурна. Нэг үгээр хэлбэл өрсөлдөх чадвараа алдана. Бид ийм л зааг үе дээр байна.

 

-Импортоор улаан буудай оруулж ирлээ гэхэд бөөн улстөржилт явагдах байх даа. Ноднин бол нэлээд асуудал болсон санагдах юм?

 

-Ноднингийн хувьд улаанбуудай хангалттай байсан. Энэ жил өөр байдалтай байна. Газар тариалангийн салбар ийм эмзэг. Энэ бол их мөнгө ордог ажил биш ээ. 200 гаруй тэрбум төгрөг л шаардагдана.

 

-Сүүлийн үед Хөгжлийн банкны санхүүжилт нэлээд асуудал болж байгаа. МАН- ын гишүүд шоудаад байсан чинь өөрсдөө санхүүжилт авсан байна. Таныг гэхэд Дархан нэхий компанидаа 14 тэрбум төгрөг гаргуулсан байна гэх юм?

 

-Хөгжлийн банкийг яах гэж байгуулсан юм. Улс оронд хэрэгтэй томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд улс орноо барьцаанд тавьж байж маш олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Тиймээс үүний зарцуулалтын асуудал олны анхаарлыг татаж байгаа юм. Үндсэндээ сүүлийн 25 жилд аваагүй их хэмжээний мөнгө авч зарцуулж дууслаа. Зарцуулсан юм бол үр ашгийн тооцоо байх хэрэгтэй. Энэ бүгдийг ил болгох хэрэгтэй гэж үзсэн болохоор Ардын нам уг асуудалд хандаж байгаа. Бид ард түмнээс нуухгүй. Үүнд ноцтой асуудлууд байгаа болохоор харин ч бүр ил гаргах ёстой. Үүнийг залуу хүмүүс та, бид төлнө. Энэ мөнгөний ашиглалт, зарцуулалттай холбоотойгоор Монгол Улсын ирээдүй шалтгаална.

 

Дархан нэхий хувьцаат компани бол Монгол Улсын ууган үйлдвэрийн нэг. Монголд байгаа хамгийн том арьс шир боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр. Энэ үйлдвэр ардчиллын дараа дампууралд орсон. Үйлдвэр хаалгаа бариад таван жил болчихсон байхад нь бидний хэсэг нөхөд уг үйлдвэрийг сэргээхээр хөрөнгө оруулсан юм. Бид үйлдвэрийн байранд анх очиж хурал хийхэд нохой, шувууны үүр болсон тог цахилгаан ч үгүй газар лаа бариад хурлаа хийж байлаа. Шил цонх нь хагарчихсан, усанд автчихсан тийм л газар байсан юм.

 

Гэтэл өнөөдөр 300 гаруй ажилтантай, бүс нутагтаа хамгийн их татвар төлдөг, хамгийн их ажлын байраар хангадаг тийм үйлдвэр болсон. Ж.Энхбаяр гэдэг хүн энэ үйлдвэрт нэг ч ширхэг хувьцаа эзэмшдэггүй. 1990-ээд оны тэр үед энэ үйлдвэрийг босгоход гар бие оролцсон багийн нэг гишүүн нь би. Дархан нэхийд эзэмшдэг байсан бүх хувь хувьцаагаа тэр хамт олонд нь өгөөд энэ төслөөс гарсан. Хуучин зүйлтэй холбон ярьж байна. Тоног төхөөрөмжөө сайжруулж орчин үеийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагыг хангаж Хөгжлийн банкны зорилтот төсөлд нийцсэн тул санхүүжилт аваад явж байгаа юм билээ. Дархан нэхий компанийн хамт олон эсэргүүцэл гаргасан байна лээ.

 

-Тэр нь ямар эсэргүүцэл гэж. Та хэдэн хувийг нь эзэмшдэг байсан юм бэ?

 

-Үйлдвэрийн үйл ажиллагааг улс төрийн үйл ажиллагаатай холбохгүй байхыг хүссэн байна лээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэдэг хүн болон тэдний гэр бүлийнхэн Дархан нэхий ХК-д хувь эзэмшдэггүй, үйл ажиллагаанд оролцдоггүй гэсэн няцаалт гаргасан байна. Дархан нэхий компани 5000 орчим хувьцаа эзэмшигчтэй, нэг сая гаруй хувьцаатай улсын томоохон үйлдвэр. Миний хувьд уг компанийн 20 гаруй хувийн хувьцааг эзэмшдэг байсан.

 

Хамгийн сүүлд миний нэр дээр 200 ширхэг хувьцаа үлдээд 10 гаруй жил болсон юм. 200 ширхэг хувьцаа үлдсэн байсныг би ч гэсэн анзаараагүй явсан юм билээ. 200 ширхэг хувьцаа гэдэг бол нийт хувьцааны 0.001 хувьтай тэнцэнэ. Уг хувьцаагаа би ноднин Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан. Ноднин Дархан нэхий компанитай холбоотой бүх асуудал дууссан. Ийм үйлдвэр л бидэнд хэрэгтэй болохоос заяагдмал баялгаа зарчихаад бид хөгжихгүй.

 

Ж.Энхбаяр Дархан нэхийтэй холбоогүй гээд шууд хэлчихэд бас хэцүү л дээ. Учир нь миний залуу насны хүч хөдөлмөр шингэсэн үйлдвэр юм. Энэ үйлдвэрийг босгочихъё гэсэн омголон зүрх сэтгэл байсан болохоор боссон. Бид тэр түүхэн үйлдвэрийг босгож чадсан. Энэ үйлдвэрийг босгох үйл хэрэгт гар бие оролцсондоо баяртай байдаг.

 

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж