Нэг хот-Нэг стандарт зорилтот жилийн хүрээнд дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг тохижуулах, гэрэлтүүлэг, эд хөрөнгийг сэргээн засварлах, эвдэж сүйтгэсэн гэм буруутай этгээдийг олж тогтоож, хохирол барагдуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/188 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн эд хөрөнгөд хяналт тавин ажиллах юм.
Тус ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт ажиллаж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлах ажлыг зохион байгуулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг баримтлан ажиллаж, тухай бүр хийсэн ажлын тайланг нэгтгэн гаргаж дээд шатны байгууллагуудад уламжилж ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.
Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлах шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад зохих хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг мэргэжлийн ангиудад үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.