Б.Ундармаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал бодлыг сонслоо

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Б.Ундармаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал бодлыг сонслоо

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг дэлхий нийтээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улсын хүн амын 10 хувь нь оршин суудаг, нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа дүүргийн ЗДТГ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан, амьдрал ахуйтай нь танилцан,  шаардлагатай тэргэнцэр, сонсголын аппарат, гарын бэлэг гардууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тэднийг урьж санаа бодол, амьдрал ахуйг чинь сонсохын зэрэгцээ сэтгэлийн дэм өгсөнд баярлаж талархаж буйгаа уулзалтад ирсэн иргэд илэрхийлж байв.

НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа уулзалтын үеэр "Монгол Улсын хэмжээнд 70 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 46 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 33 хувь нь төрөлхийн, 67 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй дотнын хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл энэ тоо их өндөр гарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдмал орчинд амьдарч байна. Та бүхэн бусдын л адил амьдрах, хийж бүтээх хүсэл, тэмүүллээр дүүрэн байдаг боловч эмнэлэг, сургууль, дэлгүүрээр үйлчлүүлэх, тээврийн хэрэгслээр зорчих, хэрэгцээтэй мэдээллээ бүрэн дүүрэн хүлээж авах боломж хязгаарлагдмал байдаг. Үндсэн хуульдаа хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахаар тунхагласан манай орны төр засгийн бодлогын нэг хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн, тэдний эрхийг хамгаалсан, хүний хөгжлийг дээдэлсэн бодлого байх ёстой. Тиймээс төрийн бодлогоор ажлын байртай болох, тусгай хэрэгслээр хангагдах, сургалтад хамрагдах, мэргэжил эзэмших зэрэг боломж нөхцөлөөр хангагдах ёстой"-г онцолсон юм. 

Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг улам сайжруулах, төрөөс тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр олон бүтээлч арга хэмжээг үгүйлэгдэж буйг дурдаж байв. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нь ажил, албан тушаалынхаа 4-өөс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахаар тусгажээ. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт төдийлөн хангалттай биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмж нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед наад захын хэрэгцээг нь хангаж чадахгүй байгаа талаар ч иргэд ярьсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж