Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд “заналхийлж” буй нэг үзүүлэлт нь хөрсний бохирдол. Агаарын бохирдлоос дутахааргүй бэрхшээл дагуулж буй уг асуудлаах нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Батцогттой ярилцлаа. Хот хөрсний бохирдлын асуудлаа хөндөх цаг хэдийнэ болсон. Тэрбээр “Хөрс хамгаалах өдөр”-ийг санаачлан, нийслэлийн ИТХ-аас хөрсний бохирдлыг бууруулахаар байгуулсан ажлын хэсгийн дарга юм.
-Өнөөдөр “Хөрс хамгаалах өдөр” тохиож байна. Улаанбаатарын хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн гэдэг үнэн үү?
-Улаанбаатар хотын хөрсний бохирдол ямар түвшинд байгааг ганцхан зүйлээс харж болно. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн 2017 оны 03/03 дугаарт зөвлөмжид “Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж” онцгой байдлын горимоор ажиллах тухай заасан байдаг. Ингээд энэ зөвлөмжийн хүрээнд гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, төрийн захиргааны байгууллагууд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэг үнэн.
Миний бие нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хөрсний бохирдлын эсрэг ажил хийхээр төлөвлөсөн. Нүдэнд харагдахгүй атлаа хүний эрүүл мэнд, хүүхдийн ирээдүйд хамгийн их аюул учруулж буй хүчин зүйл нь хөрсний бохирдол. 2017 оноос хойш нийслэлийн хөрсний бохирдлын асуудлаар холбогдох бүхий л түвшний төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, салбарын эрдэмтэн, судлаачид төдийгүй оюутан залуустай хамтран цөөнгүй ажил, арга хэмжээ өрнүүллээ.
-Хөрсний бохирдол өнөөдөр ямар түвшинд байгаа, бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ гээд та судалсан байх. Судалгааны хаа талаар тодруулахгүй юу?
-Салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаанаас харахад Улаанбаатар хотын хөрсний 80 гаруй хувь нь нянгийн бохирдолтой байдаг. Нянгийн бохирдол нь өөрөө дулааны улиралд ихсэж гол төлөв хүүхэд, багачуудад гэдэсний халдварт суулга өвчлөл үүсгэдэг. Гэдэсний суулга өвчин нь ходоод, гэдэсний өвчин ужиграх суурь шалтгаан болдог. Мөн тодорхой байршлуудад хүнд металлын бохирдолтой байгаа. Авто машины зах, тос тосолгооны материал худалддаг цэгийн орчимд гэсэн үг. Хүнд металлын бохирдол нь хамгийн их хор нөлөөтэй, хүний цусаар дамжиж тархи, мэдрэлийн шинжтэй өвчлөлийг удаан хугацаанд үүсгэдэг гэдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд тайлбарладаг. Энэ ч үүднээс хөрсний бохирдлыг “Чимээгүй тахал” гэж ч нэрлэдэг юм билээ.
Жишээ татахад, нэг автомашины хуучин тосыг солиход 3-5 литр муу тос гардаг. Үүнийг байгальд хор хөнөөлгүй байдлаар устгах зохицуулалт манай улсад байдаггүй. Засварын газрууд муу тосоо хурааж байгаад л гуу, жалга руу урсгачихдаг. Тэгэхээр тухайн орчмын хөрс хэдэн зуун жилийн турш дахин сэргэхгүйгээр бохирдож байна гэсэн үг.
-Хот хөрсний бохирдолтой тэмцэхэд хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөдөг юм бэ?
-2017 онд нийслэлийн төсөвт “Хөрсний бохирдлыг бууруулах” талаар төсөв батлах байтугай, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, төлөвлөгөөнд хөрсний бохирдолтой үг, өгүүлбэр ховор байсан шүү.
-Хор нөлөө нь ийм их, бас тодорхой байхад яагаад Нийслэлээс яг тусгайлан анхаарч үздэггүй, төсөв хөрөнгө баталдаггүй юм бэ?
-Бид сүүлийн 20 орчим жил Улаанбаатар хотын агаарын бохирдолд л анхаарлаа хандуулж, төсөв хөрөнгөө зарцууллаа шүү дээ. Гэтэл зундаа алга болдог утаа нь дулааны улиралд хөрсөнд бууж хөрсийг бохирдуулдаг байх жишээний. Энэ нь асуудлыг илүү өргөн хүрээнд, цогцоор авч үзээгүйн нэг алдаа юм. Нөгөө талаас асуудлыг урьдчилан тооцож сэргийлэх, хамгаалах чиглэлийн бодлогыг төр хэрэгжүүлдэггүйн жишээ өнөөдөр хөрсний бохирдлын асуудал дээр харагдаж байна. Хөрсний бохирдол энэ байдлаараа тав, арван жил үргэлжлэвэл нийслэлчүүд цэвэр усны хомсдолд орно. Учир нь хөрс, ус, агаар гээд энэ байгаль дэлхий чинь тасралтгүй холбоотой байна шүү дээ.
Иймээс л сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлын асуудлыг хөндөж олон хүмүүстэй хамтарч ажиллалаа. Дээр дурьдсанчлан хөрсний бохирдлын хор нөлөө урт хугацаанд далд хэлбэрээр эрүүл мэндэд нөлөөлдөг тул манай иргэд, олон нийт ч энэ талаар ойлголт, мэдээлэл багатай, нөгөө талаас урьдчилан сэргийлэх, хамгаалах бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй төр, засгийн дарга нар, удирдлага ч ойлголтгүй байдаг нь анзаарагдлаа.
-Тэгэхээр хөрсний бохирдлын эсрэг хэрэгжүүлэх бодлого зангидагдаагүй байна гэсэн үг үү ?
-Тал дээр цацсан будаа шиг бодлого хэрэгжиж байна гэхүү дээ. Анх 2017 онд асуудлыг хөндөн судлаад үзэхэд төр талаас яг хэн, ямар байгууллага хариуцдаг нь тодорхойгүй байсан. Ингээд 2017 онд “Хотын шийдэл – Хөрсний бохирдол” нээлттэй хэлэлцүүлгийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачид, оюутан, залуучуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс бид зөвлөмж гаргасан. Ингээд хөрсний бохирдлыг хариуцсан төрийн нэгж байх зайлшгүй шаардлагатай байна гэдэг тодорхой бөгөөд энгийн зөвлөмж гаргасан. 2015 онд “Нүхэн жорлонгийн стандарт”-ыг баталсан. Гэтэл хэрэгжилт нь өнөөдөр ямар түвшинд байгаа билээ. 2017 онд Хог хаягдлын тухай хууль шинэчлэн найруулж, аюултай хог хаягдлын ангилал, бүртгэл зэрэг асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн. Гэвч хуулийн хэрэгжилт бас л муу байна. Тэгэхээр төрийн нэгж байх зайлшгүй шаардлагатай байгаа биз. Мөн тус хэлэлцүүлгээс эрдэмтдийн судалгаа, мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн бааз бий болгох шаардлагатай гэдэгт санал нэгдсэн.
– ЧУХАЛ САНАЛ, САНААЧИЛГУУД УЛСТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛААР ШҮҮГДЭЖ, ДЭМЖИГДЭХГҮЙ БАЙХ НЬ ЭЛБЭГ-
–Та бүхэн зөвлөмжийнхөө хүрээнд ямар ажил өрнүүлэв, өнгөрсөн хугацаанд?
-Тухайн хэлэлцүүлгээс хоёр тодорхой үр дүнг харсан. Нэгдүгээрт, хөрсний бохирдлын асуудлыг хариуцдаг төр буюу төрийн байгууллагын нэгж бий болгох хэрэгтэй юм байна гэдгийг, ингэж байж тогтвортой, бодлогын түвшинд үйл ажиллагаанууд хийгдэх боломжтой. Хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшний хүмүүст, болон иргэд, олон нийтийн дунд хөрсний бохирдлыг хөндөн гаргаж ирэх нөлөөллийн, соён гэгээрлийн ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй юм байна гэдгийг харсан.
Ингээд төлөөлөгчийн хувиар шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад албан ёсоор хандаж эхэлсэн. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжний хүрээнд ажиллан, “Нийслэлийн засаг даргын тамгийн газар төрийн байгууллагын бүтэцдээ хөрсний бохирдол хариуцсан цомхон нэгж байгуулах шаардлагатай” байна гэдэг саналыг удаа дараа хүргүүлсэн. Үр дүнд нь жил гаруйн дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцэд “Хөрсний бохирдол хариуцсан” нэг мэргэжилтэн гэсэн орон тоо оруулсан. Ер нь зарим тохиолдолд чухал санал, санаачилгууд улстөрийн үзэл баримтлалаар шүүгдэж, дэмжигддэггүй тал байдаг.
Мөн өнгөрсөн хугацаанд “хөрсний бохирдол” гэх чимээгүй тахлыг чимээ оруулах гэж, олон нийтийн дунд мэдээлэл өгөх, нөлөөллийн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Тухайлбал, бид өнгөрсөн жил “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, ирсэн бүтээлүүдээр гэрэл зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн ном, тохимол хүртэл гаргасан.
-НИЙСЛЭЛИЙН “ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, ХӨРС ХАМГААЛАХ” ЧИГЛЭЛД НЭГДСЭН БОДЛОГО БАРИМТАЛЖ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ –
-Жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг нийслэлийн “ Хөрс хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Өнөө жил энэ өдрийг хэрхэн өнгөрүүлэх бол?
-2017 онд нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг санаачилга гаргасны дагуу Тэргүүлэгчид 66 дугаартай тогтоол баталж жил бүрийн энэ өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгосон байдаг. Хэдийгээр өнгөц харвал энэ нь нэг тунхаглалын шинжтэй юм шиг боловч нийслэлийн хөрс хамгааллын чиглэлээр цаашид хийгдэх ажлын маш том суурь болсон. Ядаж л бид жилдээ нэг өдөр нь хөрсийг хамгаалах юм байна гэдэг ойлголт, хөрсний бохирдлын талаарх мэдээллийг авч байна шүү.
Нийслэлийн иргэдийн итгэлийг хүлээж, төлөөлөгчөөр сонгогдсон хүний хувь хөрсний бохирдлын асуудлыг багахан ч болов шийдэхийг зорьж байна. Нийслэлчүүдийн цаашдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, цаашлаад хүнсний аюулгүй байдлын суурь болсон хөрсөө бид өнөөдрөөс л эхлэн нэгдсэн бодлого, чиглэл, төлөвлөлттэй урт хугацаандаа хамгаалж эхлэх цаг болсон. Иймээс НИТХ-ын даргад санал хүргүүлэн, Тэргүүлэгчдийн тогтоолоор өнгөрсөн жил Ажлын хэсэг байгуулсан. Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын дэгдэлтийн улмаас Ажлын хэсэг төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх боломж гарахгүй байна. Бид “Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах” бодлогын баримт бичиг нь богино хугацаанд бодит хэмжигдэхүйц үр дүнд хүрэх, төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан байх зэрэг жижиг гэлтгүй асуудал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ