Ука шинэ цомгоо танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Ука шинэ цомгоо танилцууллаа

12-дугаар сарын нэгний өдөр 12 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Киви хамтлагийн ахлагч, СТА Д.Уламбаяр буюу Укагийн хоёр дахь бие даасан цомог хэвлэлтээс иржээ.

Энэ талаарх мэдээллийг өнөөдөр дуучин Ука, “Ocean Grey” продакшны захирал н.Ариунболд, болон “Marquee Entertainment Club”-ийн захирал н.Нармандах нар мэдээлэл өглөө.

Анхны цомгоо “I am in Love” нэртэйгээр 2012 онд гаргаж байсан дуучны энэ удаагийн шинэхэн цомог нь “11.06” буюу дуучин Укагийн төрсөн өдрөөр нэрлэгдсэн байна.

Цомог бүтсэн түүх:

2014 онд дуучин Ука жирэмсэн байхдаа “Амжиж хөтөлье гараас  чинь” дуугаа бичүүлсэн байсан бөгөөд, “Ocean Grey” продакшны захирал н.Ариунболдын санал болгосноор ийнхүү хоёр дахь цомгийн ажилдаа энэ оны наймдугаар сараас эхлэн оржээ.

Цомгийн бүх дуунуудын бичлэг “Ocean Grey” продакшнд явагдсан бөгөөд, mixing болон mastering шатны ажил дээр АНУ-д ажиллаж буй sound engineer Рагутай хамтарчээ. “Ocean Grey” продакшн цомогт орсон дуунуудын аяыг зохиосон бол үгийг реппер Цэцэ, D.N.K, Тэмүүлин гэх мэт уран бүтээлчидтэй хамтарсан байна.

“11.06” цомгийн дуунууд:

1. “Зүрхэн тэмдэгт” 

2. “Мөрөөдөл бид хоёр”

3. “Амжиж хөтөлье гараас чинь”

4. “Маргаашийн нар луу хамт аялах уу?”

5. “Араас минь тэврээч”

6. “Савхин хүрэм”

7. “Мөрөөдөл бид хоёр” /instrumental/.

Эдгээрээс гурван дуу нь одоогийн байдлаар клиптэй болсон байгаа бөгөөд цомогт орсон бүх дууг дүрсжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Дуучин Ука “11.06” шинэ цомгийнхоо нээлтэд зориулж маргааш буюу 12-дугаар сарын 4-ний үдшийг “Marquee Entertainment Club”-т  20.00 цагаас үзэгч сонсогчидтойгоо хамт өнгөрөөх гэж байна.

Тоглолтод түүний уран бүтээлийн хамтрагчид болох Хар Сарнай хамтлагийн Амараа, Улсын Филармоны дуучин Наагий, продюсер Оки мөн мэдээж Киви хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Тоглолтын тасалбар 30,000 төгрөгийн үнэтэй ба тоглолт болох үеэр шууд худалдан аваад орох боломжтой. 

Дашрамд дуулгахад, тоглолтын ивээн тэтгэгч болох “Marquee” клубт тоглолтын after party болох бөгөөд, тасалбар авсан хүмүүс шууд үргэлжлүүлэн оролцох боломжтой юм байна.

Эхэнд ирсэн 30 үзэгчдэд “Oriflame – The One” брэндийн сет бэлэг, 100 хүнд сормуусны будаг бэлэглэхээс гадна олон сюрприз байгааг дуучин Ука дурдсан юм.

                                                                                                                                   Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж