Б.Бямбасайхан: Монголчууд бид хоорондоо хагарч бус, хамтарч байж л “Рио Тинтод” хариуцлага тооцох боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Б.Бямбасайхан: Монголчууд бид хоорондоо хагарч бус, хамтарч байж л “Рио Тинтод” хариуцлага тооцох боломжтой

Б.Бямбасайхан: Монголчууд бид хоорондоо хагарч бус, хамтарч байж л “Рио Тинтод” хариуцлага тооцох боломжтой

“Дубайн төлөвлөгөө” гээчийг байгуулахад оролцсон асуудлаар “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханыг хуулийн байгууллагаас тодорхой хугацаанд саатуулан шалгасан. Уг асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй хэвээр байна. Түүнтэй “Дубайн төлөвлөгөө”, түүнийг тойрсон асуудлаар ярилцлаа.


-Та “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Дубай хотноо “Оюу толгой” төслийн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ асуудлаараа хуулийн байгууллагад шалгагдаж буй. Тухайн үед ер нь юу болсон бэ?

-Тухайн үе гэж 2015 оныг хэлж байна уу?

-Тийм. Тэр үед “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гээчийг байгуулсан биз дээ.

-Цаг хугацааны хувьд 2013 оноос эхлэн товч ярих нь зүйтэй байх. Тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн харвал, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт 2013 оноос бүрэн зогсож гурван мянга гаруй хүн шууд ажилгүй, туслан гүйцэтгэгч 500 гаруй компанийн ажил зогсож, олон мянган ажилтны орлого тасарсан байсан. Улс орны эдийн засаг ч муудаж, улсын төсөв маш хүнд байсан гэдгийг иргэд санаж байгаа байх. Ингээд төрийн бодлогын хүрээнд “Оюутолгой”-н гацсан төслийг үргэлжлүүлэх шийдвэрүүд ар, араасаа гарч эхэлсэн байдаг юм. Энэ тогтоол, шийдвэрүүд маш тодорхой цаг хугацаатай байгаа.

“Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих тухай УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, мөн төслийг эхлүүлэх хэлэлцээрийг хийж 2015-2016 онд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татах тухай 2015 оны 41 дүгээр тогтоол гарсан. Улмаар Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-н болон тавдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрүүдийн дагуу далд буюу гүнийн уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө бэлэн болж, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан. Яг тухайн өдрийн үйл явдлыг телевизээр шууд дамжуулж байсан санагдаж байна.

-2013 оноос хойш хоёр жилийн хугацаанд УИХ, Засгийн газрын түвшинд бэлдсэн гэж л хэлээд байна уу. Төлөвлөгөөг байгуулахад яг таны үүрэг, оролцоо юу байсан юм?

-Тийм. Энэ төлөвлөгөөг 2013 оноос хойш хоёр жилийн турш хэлэлцэж, тохирч байж байгуулсан. Би 2015 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар томилогдоод, Засгийн газрын ажлын хэсэгт орж ажилласан. Өөрөөр хэлбэл, төрийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлсэн. Ажлын хэсэг энэ төлөвлөгөөний бүх заалтыг Монгол Улсын хуулийн дагуу хийж, зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байсан. Энд нэг ч нууц зүйл үгүй, ил тод. Мөн хариуцлагатайгаар хэлэхэд, хээл хахууль гэх мэт буруу үйлдэл байгаагүй.

-Та нар яагаад заавал Дубайд очиж төлөвлөгөө гээчийг байгуулав. Монголдоо болоогүй юу?

-Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд болсон үйл явдал. Ч.Сайханбилэг сайд шийдвэрээ гаргасан тул энэ асуултад ганцхан тэр хүн л хариулж чадах байх. Түүнийг ажлын хэсэг, бусад олон хүн дагалдан явж төрийн даалгавар биелүүлсэн. Дубай хотыг олон улсын хөрөнгө оруулалтын нэг төв гэж ойлгодог.

-Компанийн тухай хуульд зааснаар их хэмжээний хэлцэл хийхээр бол Төлөөлөн удирдах зөвлөл, эсвэл хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдэх ёстой. Тийм шийдвэр байсан уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Том, жижиг гэлтгүй аливаа хэлэлцээрийг компанийн захирал ганцаараа шийддэг юм биш. Тэр дундаа “Эрдэнэс Монгол” бол жирийн нэг компани биш шүү дээ. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь л гэхэд Засгийн газрын хуралдаан байх жишээтэй. Хуулийнх нь энэ хүрээнд буюу Засгийн газрын хуралдаанаар удаа дараа хэлэлцэж шийдвэрүүд гардаг байсан. “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулах үүрэг, даалгаврыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвшөөрлийн дагуу байгуул гэсэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурлын 2015 оны 17 дугаар тогтоолоор гүйцэтгэсэн. Өнөөдөр онцгой байдлын газрын ажилтнууд Улсын онцгой комиссоос үүрэг, даалгавар аваад үүргээ гүйцэтгээд цалингаа авч байгаатай л адил.

-Яагаад заавал ХХК-ийн захирал энэ том ажилд оролцож, гарын үсэг зурсан юм?

-Засгийн газрын удирдамж, шийдвэр, Ерөнхий сайдын захирамжаар ажилласан. “Оюу толгой” ХХК нь хоёр хувь нийлүүлэгчтэй компани. Засгийн газрын 34 хувийг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК 2009, 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээг анх байгуулсан байдаг. Энэ зарчмын дагуу л ажилласан. Хувь нийлүүлэгчийн асуудал хэн нэг сайдын гарын үсгээр бус, компаниар дамжиж хэрэгждэг дүрэмтэй.

-“Оюутолгой”-н хөрөнгө, лицензүүдийг гадаадын 15 банкны барьцаанд тавьж мөнгө босгох эрхийг Дубайн төлөвлөгөөгөөр олгосон гэдэг. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө бус хөрөнгө оруулалтын гэрээ гэж ярьж, бичдэг…?

-Нэгт, энэ төлөвлөгөө нь ямар нэгэн зээл болон барьцааны гэрээ биш ээ. Энэ төлөвлөгөөний 2.2 дахь заалтаар Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө тодорхой илэрхийлж баталгаажуулсан. Улмаар “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгийг барьцаалах, энэ талаар шийдвэр гаргах ажиллагаа нь энэ төлөвлөгөөгөөр зохицуулагдаагүй, харин Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд зохицуулахаар тохирсон.

Хоёрт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тогтворжуулсан гэрээг Хөрөнгө оруулалтын гэрээ гэж үздэг. Гэтэл энэ төлөвлөгөөнд эрх зүйн орчныг тогтворжуулсан нэг ч заалт байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ биш гэсэн дүгнэлтийг хуулийн зөвлөхүүд болон Засгийн газрын хуульчид 2015 онд гаргасан. Товчхондоо, гүний уурхайн төлөвлөгөө бол ажлын төлөвлөгөө болохоос хөрөнгө оруулалтын гэрээ биш, ямар нэгэн хөрөнгө, лицензийг барьцаалаагүй.

-Тэгвэл 2010 оны ТЭЗҮ-д гүний уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хийнэ гэж тусгасан. Гэтэл 2015 оны Дубайн төлөвлөгөөгөөр уг хөрөнгө оруулалтыг зээлээр санхүүжүүлэхээр болсон. Ингэх хэрэг байсан юм уу?

-Энэ маргаан 2010 оноос хойш үргэлжилсэн юм билээ. Одоо ч зарим хүн энэ талаар ярьсан хэвээр байгааг ойлгож байна. Товчхондоо, 2010 оны ТЭЗҮ хагас дутуу хийгдэж батлагдсан байсан. Аливаа ТЭЗҮ нь ирээдүйг урдьчилан төсөөлөх гэсэн оролдлого. Цаг хугацаа, зах зээл, шинэ мэдээллээс шалтгаалж өөрчлөгддөг жамтай. Мөн хуулиараа ТЭЗҮ-ийг таван жил тутамд шинэчлэх ёстой. Уул уурхайн хайгуулын ажил тасралтгүй хийгдэж байдаг учраас “Оюутолгой” төсөл ч мөн адил хуулийн дагуу 2015 онд ТЭЗҮ-ээ шинэчлэн батлуулах цаг нь болсон байсан.

Хууль бол хууль, ТЭЗҮ бол хууль биш шүү дээ.ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллагууд, олон улсын стандартын дагуу судалж хийдэг. 2015 оны шинэчлэгдсэн төсөөллөөр “Оюутолгой”-н гүний уурхайн төслийг барьж байгуулахад нэмэлт санхүүжилт зайлшгүй хэрэгтэй болсон. Зээлийн асуудлыг бүр 2010 оноос хойш л Засгийн газар хэлэлцэж эхэлсэн юм билээ. Ингээд 2015 онд гүний уурхайн төлөвлөгөөгөөр зээл авах зарчмаа л тохирсон хэрэг.

-Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар “Оюутолгой” компаниас нэг тэрбум гаруй ам.долларын хэтрэлт гарсан гэдгийг тогтоосон. Гэтэл үүнийг Дубайн төлөвлөгөөгөөр хаасан нь ямар учиртай вэ?

-Та 2013 онд томилогдсон сайд нарын ажлын хэсгийн талаар ярьж байх шиг байна. Энэ ажлын хэсэг нь хоёр жил ажиллаад, тайлангаа Засгийн газрын хуралдаанаар 2015 онд хэлэлцүүлээд шийдэгдсэн тул журмын дагуу татан буугдсан байдаг. Ингэснээр тус ажлын хэсгийн дүгнэлтийг гүний уурхайн төлөвлөгөөгөөр хүчингүй болгосон гэх асуудал хууль зүйн хувьд ч байх боломжгүй. Сайдын ажлыг компанийн захирал цуцлах эрх хаана ч байхгүй, тийм биз дээ. Төлөвлөгөөнд зөвхөн Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг л тайлбарлан тусгасан.

-Дубайн төлөвлөгөөг хэлэлцэж байх үеийн УИХ-ын чуулган дээр таныг “…Оюутолгойгоос авах ногдол ашиг 2037 он хүртэл хойшилсон…” гэх утгатай үг хэлснийг санаж байна. Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа яагаад хойшилсон юм бэ?

-“Оюутолгой” төсөл 60, магадгүй 100 жил үргэлжилнэ. Зэсийн үнэ 2015 оны тавдугаар сард өмнөх зургаан жилийн хамгийн доод түвшинд хүртлээ буурсан байсан. Хэрвээ үнэ ийм байвал ногдол ашиг авах хугацаа зүй ёсоор өөрчлөгдөнө гэсэн тооцоог ажлын хэсгийн зүгээс УИХ дээр танилцуулсан юм. Мөн гүний уурхайн төслөөс Монголын хүртэх өгөөжийг доод тал нь 47 тэрбум ам.доллар гэж тооцсон.

-Яаж тооцсон билээ?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 15 тэрбум ам.доллар, AМНАТ төлбөрт есөн тэрбум ам.доллар, ногдол ашиг найман тэрбум ам.доллар, НӨАТ болон гаалийн татвар, хураамжинд долоон тэрбум ам.доллар, Суутган татварыг хоёр тэрбум ам.доллар, бусад татварыг 0.5 тэрбум ам.доллар буюу нийт Монголын хүртэх өгөөжийг доод тал нь 47 тэрбум ам.доллар болох төсөөллийг танилцуулсан. Хэрэв гүний уурхай баригдахгүй бол Монгол Улс ердөө л зургаан тэрбум ам.долларыг “Оюутолгой” төслөөс авна гэдгийг мөн хэлснээ санаж байна.

-Монгол Улсад орж ирээгүй зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг орсон гэж хүлээн зөвшөөрсөн нь буруу, санхүүгийн луйврыг дэмжсэн үйлдэл гэж үзэх хүн бий шүү дээ. Энэ мөнгө Монголд бүрэн орж ирээгүй гэдэг нь үнэн үү?

-Заа даа… “Гүжир үгэнд сөөм хариулт олдохгүй” гэдэг байх аа. Компанийн захиралд тийм эрх мэдэл байгаагүй ээ. УИХ-аар баталсан 2009 оны “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшихээр тохиролцсон байсан. Улмаар 2011 онд Засгийн газраас баталсан хувь нийлүүлэгчдийн гэрээний 13.1-т зааснаар хувь нийлүүлэгчийн зүгээс санхүүжилт буюу хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээр хийхээр тусгасан. Мөн хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээр хийхийг Монгол Улсын хуулиар хүлээн зөвшөөрсөн, өнөөдөр бүх л төсөл энэ хэлбэрээр явж байгаа. УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Засгийн газрын 34 хувийг хадгалж үлдэхийн тулд зээл авах шаардлага бүр 2012-2013 онд үүссэн байсан юм билээ.

-Бид “Оюутолгой”-н 34 хувийг зээлээр эзэмшсэнээрээ л хамгийн том алдаа хийсэн. Ирээдүйд бидний хүртэх ашиг зээлээр эзэмшсэн 34 хувьд оногдох хөрөнгө оруулалтын зардлын хүүнд л төлөгдөнө. Ер нь, баялгаа бид хэдээр үнэлээд байгаа юм бол?

-2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад би огт оролцоогүй, Монголд тэр үед байгаагүй. Тухайн үеийн хуулийн дагуу 34 хувийн шийдвэрийг УИХ гаргасан юм билээ. 2015 онд “Оюу толгой” ХХК 34 хувийг ямар нэгэн байдлаар зарах, барьцаалах даалгавар ажлын хэсэгт байгаагүй. 34 хувийн асуудал өнөөдөр их л олон хүний анхааралд байна. Би бол зах зээл бол үнэхээр чөтгөр юм даа л гэж хэлнэ. Учир нь зэсийн үнэ таван мянган ам.доллар байхад 34 хувь шиг хэрэггүй юм үгүй мэт. Шийдвэр гаргасан хүмүүс бүгд муухай гэх. Гэтэл зэс 10 мянган ам.доллар хүрвэл эдгээр хүн шиг холыг харсан эх оронч байхгүй л болох юм уу даа.

-“Рио Тинто” нийт санхүүжилтийн найм орчим хувийг хөрөнгө оруулалтаар, бусдыг нь одоогоор жилд арав орчим хувийн хүүтэй санхүүжүүлж байна. Энэ бүх өндөр хүүтэй зээлийн санхүүжилтийг Дубайн гэрээгээр баталгаажуулсан гэдэгтэй санал нийлэх үү?

-Өнөөдөр хэдий хэмжээний санхүүжилт аваад, олон улсын зах зээлд зээлийн хүү ямар хэмжээнд хэлбэлзэж байгааг ажлаа хариуцаж байгаа хүмүүсээс тодруулах нь зөв болов уу. Таван жилийн өмнөх санхүүгийн загвар, тооцоолол хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээлэл надад одоо байхгүй. Тухайн үедээ 7-8 хувийн зээл нь хамгийн бага зардалтай санхүүжилт байсан гэдгийг олон улсын зөвлөхүүд тооцож гаргасан. Ийм учир, Засгийн газар шийдвэрээ гаргасан. Тэр үед Засгийн газар хүртэл гадаад зах зээлээс 11 хувийн хүүтэй мөнгө зээлж байсан үе. Зах зээлийн хүү байнга хэлбэлзэж байдаг.

-“Рио Тинто” бол хөрөнгө оруулагч биш, зээл зуучлагч шүү дээ. Зардлаа зориуд өсгөснөөр өндөр хүүтэй зээлээр удаан хугацаанд ашиг олох боломжтой. Та үүнтэй санал нийлж байна уу?

-“Рио Тинто” компани “Оюутолгой” төсөл дээр тун хариуцлагагүй ажиллаж байгаа тухай мэдээ өдөр болгон гарч байна. 10 жил ажиллачихаад удаа дараа алдаа гаргаж байвал тэр гүйцэтгэх захирал нь хариуцлагаа хүлээх ёстой. Гэрээний болон төлөвлөгөөний заалтуудаа бариад, шахаад явахад бидэнд боломж бий, бид ялна шүү дээ. Үнэндээ би “Рио Тинто” компанид дургүй. Магадгүй энэ компанитай хамгийн их “дайнд” орсон тул тэр байх. Ер нь энэ дэлхий дээр “Рио Тинто”-д дуртай хүн байхгүй биз. Улс дамнасан ийм корпорациудыг зарим үед АНУ-д ч дийлдэггүй.

Гэвч энэ компани Монголд хөрөнгө оруулаад, татвар төлөөд явж байгаа цагт бид төрөөс нэгдсэн бодлого гаргаж, Монголын тал хагарч биш, хамтарч ажиллах нь бидэнд хэрэгтэй. Бас ч гэж 10 гаруй жилийн туршлагатай боллоо шүү дээ. Ямар ч байсан “Оюутолгой”-н төсөл дампуурахад хүрвэл бүх зээлийг “Рио Тинто”-гоор төлүүлэхээр л бид тохирсон. Манай газар нутаг, газрын доорх нөөц ямар ч эрсдэлгүй байх хамгаалалтыг зориуд хийж өгсөн.

-Уучлаарай. Гэхдээ 2018 оны тавдугаар сард “АмЧам” болон таны удирддаг “Монголын бизнесийн зөвлөл”-өөс УИХ-ын гишүүдэд татварын хуульд өөрчлөлт оруулж, татварыг бууруулах талаар ил захидал хүргүүлсэн. Энэ үйлдэл таны ярьж байгаагаас зөрүүтэй санагдах юм?

-Би тэр үед хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан тул мэдэхгүй. “Монголын бизнесийн зөвлөл” бол төрийн бус байгууллага. 200 орчим гишүүн компанитай, 80 хувь нь монгол компаниуд, тэр дотор төрийн өмчит компаниуд ч байгаа. Гол зорилго нь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дуу хоолойгоо нэгтгэдэг. Би удирдах зөвлөлийн даргаар 2012 оноос хойш гишүүдээсээ сонгогдоод ирсэн. Цалин хөлс авдаггүй. Удирдах зөвлөл 15 гишүүнтэй, намайг үгүйд бусад нь орлоод л явдаг. Өнөөдөр бид МҮХАҮТ-тай хамтран бизнесийн орчныг сайжруулах, татварын дарамтыг бууруулах, хүнд суртлыг үгүй хийх талаар идэвхтэй ажиллаж байна. Би МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгчөөр 2019 онд томилогдсон. Засгийн газарт татвар төлөгчдийн дуу хоолойг бид байнга хүргэдэг.

-Тэгээд таныг яагаад хардаад байдаг юм бэ?

-Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ биз дээ. Би бол итгэлтэй байна. Гадаад хүнтэй уулзахаар л гаднынханд үйлчилсэн болдог энэ зангаас хурдан салахсан. Бид бизнесийн ёс зүй, зарчимтай ажиллахад гаднынхнаас илүү гарна уу л гэхээс дутахгүй.

-Дубайн төлөвлөгөөнд менежментийн зардал зургаан хувийг бууруулж, гурван хувь болгосон. Монголын талын хүртэх өгөөжийг 53 хувь болгон баталгаажуулсан гээд сайн тал бий байгааг дурдах нь зөв байх. Ер нь Монголын талын стратегийн бодлогууд хэр их туссан байдаг гэж Та боддог вэ?

-Энэ төлөвлөгөө уг нь Монголын эрх ашгийг урт хугацаанд хамгаалах “дайны” стратегийн эхлэл гэж би хэлнэ. Маш нарийн тооцож, олон зүйлийг төлөвлөсөн. Таны хэлж байгаачлан бид хэд хэдэн ололтод хүрсэн. Энэ талаар УИХ дээр ажлын хэсэг хэд хэдэн удаа тайлбарласан. Тоож сонссон хүн цөөхөн дөө. “Рио Тинто”-г зардал хэтрүүлсэн тул торгоод менежментийн зардлыг 50 хувь бууруулсан. Мөн нийт үр өгөөжийн 53 хувийг баталгаатай авах болсон.

Монгол компаниуд өнөөдөр “Оюутолгой” төслийн ажлын 80 хувийг гүйцэтгэдэг болсон. Өмнө нь 20 хувь байсан. АМНАТ-аа “Эрдэнэт” үйлдвэрийн зарчмаар илүү авдаг болсон. Нийтдээ нэг тэрбум гаруй ам.доллар нэмж авахаар болсон. “Оюутолгой” ХХК санхүүгийн зардал 30 хувь буурсан гээд зөндөө л юм бий. Зэсийн үнээс шалтгаалан 40-50 тэрбум ам.доллар нэмж авахаар болсон гэх мэт. Гол нь Монголчуудын хүртэх татварын орлого нэмэгдсэн. Шууд үр дүн нь 2016 онд гэхэд л 280 сая ам.доллар давсан татварын орлого авсан санаж байна. Өнөөдрийн ханшаар бол нийт 77 мянган хүнийг “приус” автомашинтай болгох хэмжээний хөрөнгө юм. Өнгөрсөн жил энэ нь бараг 90 мянгатай тэнцэх болж өссөн байна лээ. Бизнесийн зарчмаар цааш явахад монголчууд бид илүү хожих стратегийг эхлүүлсэн юм.

-“Оюутолгой”-н гэрээ байгуулагдаад арван жил, Дубайн төлөвлөгөө хийгдээд таван жил өнгөрч. Бид юун дээр алдсан бэ гэдгийг эргэж бодоход хангалттай хугацаа тийм үү?

-“Оюутолгой” төсөл эдийн засгийн хувьд ямар ч байсан үүргээ гүйцэтгээд байх шиг. Харин монголчуудыг хагалж, улстөржүүлж, талцуулахын тухайд “Оюутолгой”-н гэрээ маш муу гэрээ юм байна. 2009 онд юу болсныг би мэдэхгүй л дээ. Эдийн засгийн болон улс төрийн шийдвэрийн процесс өөр байдаг юм байна. 2013-2015 онд Засгийн газар улс төрийн бүхий л шийлдвэр, үйл хөдлөл бүрээ нээлттэй хийсэн бол арай л бага хэл ам дагуулах байсан биз. Зөвхөн хууль, журмаа дагах нь хангалтгүй юм байна. Илүү ил тод, нээлттэй байх ёстой юм байна.

Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэгт “… Та нар бизнесийн зарчмаар тооцооллоо бод, манай талд ашигтай байдлаар ажлаа хий, харин улс төр нь миний ажил…” гэж үүрэгдсэн. Ажлын хэсэг бол даалгавраа сайн гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Улс төр нь харин болоогүй л байна. Парламентын гишүүдэд, олон нийтэд ойлгуулж чадаагүй. Үүнээс болоод зөвийг буруутгаад, цагааныг харлуулаад байгаа мэт харагдаж байна.

-Энэ төлөвлөгөөг хийх гэж олон хүн Засгийн газрын шийдвэр, Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилласан л байх. Эргээд гүйцэтгэх түвшинд ажилласан хүмүүс нь буруутгагдаж байна. Шийдвэр гаргасан Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд нь яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монголоос оргон гарсан ч гэх шиг…

-Улс төрийг би сайн ойлгохгүй л явна. Засгийн газрын хуралдаанд сууж байсан сайд нар энэ бүгдийг мэдэж байгаа. Жишээ нь, татварын холбогдолтой шийдвэрийг ажлын хэсэг гаргах боломжгүй. Хэн нэг даргын өмнөөс бид шийдвэр гаргах нөхцөл, боломжгүй. Засгийн газар удаа дараа хуралдаж, шийдвэрлээд ажлын хэсэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даалгавар өгсөн. Биелүүлсэн хэд нь бүгд шүүх дээр л байна. Өмнө нь таньдаггүй байсан, одоо ч танихгүй улсуудтай бүлэглэсэн л гэнэ. Гол шийдвэр гаргасан Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн нь Монголд байхгүй тул бид ямар буруу хэрэг хийснээ тодруулж чадахгүй, өөрсдийгөө яаж өмгөөлөхөө мэдэхгүй л сууж байна даа. Гаргасан захирамжууд нь хүртэл шүүхээс хүчингүй болчихоод байдаг. Б.Ариунсан дарга бид нар тэр захирамжийг гаргаагүй биз дээ?

-Тийм л байх. Одоо тэгээд юу гэж бодох юм?

-Оюутолгойг тойрсон улстөржилтийн хор уршиг улам бүр тодорхой харагдаж байна гэж бодож байна. Дэмжээд дугарахаар улс төр нь уначих гээд, эсэргүүцээд гүйхээр эдийн засаг нь сөхөрчих гээд жинхэнэ “ацан шалаа”-нд улстөрчид өөрсдийгөө оруулсан байна. “Оюутолгой-”н гэрээ тойрсон 10 жилийн маргааныг тойрсон эвдрэлцэл нь монгол хүн монгол хүндээ итгэл алдарч, ёроолдоо хүрсний том жишээ байх. Монголчууд бид нэгдмэл байхдаа хүчтэй гэдэг. Гаднын хэн нэг золбин “эрдэмтэн” гэгчээс санаатай, санаагүй шидсэн өгөөш мэт “тоон” дээр хоёр мoнгол хоорондоо маргаад 10 жил боллоо.

Бидний дунд чулуу хөөлгөх, хагаралдуулах бусдын тоглолтыг хангалттай харж суулаа. Зогсоох цаг аль хэдийнэ ирсэн. УИХ-аас 2019 онд “Оюутолгой”-н гэрээг сайжруулах тогтоол ч мөн гарлаа. Иймд бид хамтдаа зохион байгуулалттай, хариуцлагатай, тооцоотой, асуудлаа, мөн түүхээ ойлгож байгаад эдийн засгийн ухаалаг шийдвэр гарган “Рио Тинто” мэтийн үндэстэн дамнасан том компаниудыг ялах юм сан. Ийм л бодолтой байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж