Сайд Ч.Улаан ширэн нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Сайд Ч.Улаан ширэн нүүрлэв

Сайд Ч.Улаан ширэн нүүрлэв

Засгийн газрын амлалтаас болж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд малчидтай уулзах нүүргүй болсондоо бухимдалтай байна.  Гишүүн бүрийн гар утсанд малчид “Манай аймагт ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ” гэсэн агуулгатай мессеж ирүүлэх болжээ.

Гэвч ноолуурын үнийг нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх шийдвэр гаргаснаа мэдээлсэн сайд нь чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед “Хэзээ байтлаа Архангайн ноолуур нэг кг нь 100 мянган төгрөгт хүрч байсан юм бэ” гэхчлэн бухсанд гишүүд уурлаж, зарим нэг нь огцорвол яасан юм бэ гэх үг чулуудсан бол зарим нь “Та ч улайхгүй ярих юм даа” гэхчлэн үгээр “балбав”.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ч.Улаан сайд та улайхгүй л их ярих юм даа. Таны өмнөөс нүүр улайгаад малчидтайгаа уулзах ч боломжгүй  болох юм. Гадаад зах зээл рүү гаргадаг экспорт зогссоноос ноолуурын үнэ ханш уначихсан болохоос биш үйлдвэрлэгчид шантаажлаад, зах зээлээр боогоод хямдхан авах гээд байгаа зүйл байхгүй. Маш олон үйлдвэр зогсож байна, 40-70 хувийн зогсолт хийж байна. Ажилчдаа халж байна, гадаад зах зээлийнх нь гэрээ цуцлагдаж байна. Том зах зээл нь ажлын байраа цомхотгож байна.  Сая мэргэжилтэн тань хэллээ. Дэлхийн ширхэг бүтээгдэхүүний зах зээлийн 0.0.2 хувийг ноолуур эзэлдэг гэж… Дэлхий дээр ноолуурын талаар бодож, санаа зовж байгаа юм алга. Гэтэл манай зах зээл тэр чигээрээ буюу 70 гаруй хувь нь урд зах зээлээс хамааралтай.  Энд аваад үлдэж байгаа ноолуурынхаа 15-20 хувийг бид гадаад зах зээл рүү гаргаж ашиг олдог. Ноолуурын зах зээл бүгд гаднаас хамааралтай.  Гарцуудаа одоо яримаар байна. Нийт ноолуурын 30 хувийг 100 мянган төгрөгөөр авна гэж хэлж байна, үлдсэн 70 хувийг яах юм бэ. Одоо малчдад энэ тухай хэлэх цаг нь боллоо шүү дээ. Хэдэн төгрөгөөр авч чадах юм. Тодорхой хэлээд өгөөч” гэж шахамдуулсан юм.

Харин Сангийн сайд Ч.Улааны тайлбараар бол БНХАУ-д ноолуурын үнэ буугаагүй байгаа. Монголын түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн ноолуурын 90-95 хувь Хятад улсад борлуулагддаг.  Хятадад нэг кг ноолуурын үнэ 140-160 мянган төгрөг байгаа аж.

Эх үүсвэр байдаг бол үлдсэн 70 хувийг ч худалдаад авах хүсэлтэй. Гэвч 70 хувь дээр эх үүсвэр гаргах боломж байхгүй гэдгийг Сангийн яам учирлах болсон. Хөгжлийн банк 300 тэрбум гаргасан нь чинээндээ тулсан эх үүсвэр аж. Тиймээс гадаадаас хөрөнгө оруулагч оруулж ирж, 70 хувийг борлуулъя гэдэг төлөвлөгөө барьж буй юм байна. Харин шинэ коронавирусийн халдвараас болж, хөл хорио тавьснаас эхлээд дэглэмтэй байгаа тул хөрөнгө оруулагч оллоо гэхэд хэзээ орж ирэх нь тодорхойгүй гээд асуудал үүсэх нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж