Гонгорын Дамдинням
Уул уурхайн засаглал, бодлого судлаач
/ Хоёрдугаар хэсэг/
Энэ удаад Канадын эдийн засаг ба олборлох салбар, тэдний амьдралын хэв маяг үнэт зүйлс зэрэг асуудлуудыг хөндлөө.
Канад бол үнэхээр тогтвортой хөгжиж байгаа орон. Нийгмийг тогтвортой хөгжүүлэх асуудал бол орчин үеийн чухал ач холбогдол бүхий судалгааны сэдэв юм. Эдүгээ улс төр, эдийн засаг, экологи хийгээд бусад хэрэглээний шинжлэх ухааны эрдэмтэн, мэргэжилтэн нарын олон талт оролцоог шаардсан, нийгмийн олон бүлгүүдийн ойлголцол дээр тогтсон бодлогын чухал асуудал болоод байна. Судлаачид төдийгүй улс төрчид өөрийн орны тогтвортой хөгжлийг хангах, тодорхойлохдоо бүс нутаг, дэлхийн хөгжил, манай гаригийн байгалийн нөөц, уур амьсгалын өөрчлөлт, соёлын ижилсэл, үндэстэн дамнасан эдийн засаг, шинэ хэрэгцээ, эрүүл мэндийн асуудлуудыг тооцдог болсон. Монголчууд бидэнд ч өөрийн орны тогтвортой хөгжлийн хүрээнд хөгжингүй улс орнуудын туршлагаас судлах хэрэгцээ шаардлага бий.
Чинээлэг дундаж давхарга бол Канадын гол хүч. Тэдний улс төрийн намуудын үзэл суртал, зарчим, Засгийн газрын явуулж байгаа бодлого зэргээс харах юм бол бүхэлдээ зүүний чиг баримжаатай социал-демократ үзэл санаа зонхилсон орон гэж үзэж болно. Тус орон улс төр, нийгэм, эдийн засгийнхаа бүхий л хүрээнд ардчиллыг төлөвшүүлэхийг чухалчилдаг. Нийгмийн баялгийн хувиарлалтад нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, эдийн засагт нийгмийн хяналт, төрийн зөв оролцоог хангаж чаддаг. Нэг сонирхолтой жишээ бий. Миний амьдарч байсан Ванкувер хотод далайн эргийн хамгийн сайхан байрлалтай газар чинээлэг иргэдэд зориулсан тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол байгуулагдсан юм. Гэтэл Канадын Засгийн газар хөрөнгө гаргаад ижил байрлалд зэрэгцүүлээд яг адилхан орон сууцны хороолол бариад нийгмийн эмзэг давхаргын иргэдэд хямд үнээр түрээслүүлэв. Нэг үгээр, иргэд хөрөнгө баялгаараа ялгаран хуваагдаж, баян хоосны ялгаа гарахаас сэргийлж, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээ авч байгаа нь тэр аж. Улс төр судлалд ч тэр Канад нь зүүн төвийн үзэлд суурилсан хөгжлийн загвартай орны гол төлөөлөл хэмээн тооцогддог. Зүүн төвт үзэл суртлын гол үнэт зүйлс нь: -нийгмийн аливаа зорилтуудыг ардчилсан тайван арга замаар хэрэгжүүлэх, -хүмүүнлэг үзэл хандлага зонхилдог байх, -аливаа асуудалд нийт ард түмний ашиг сонирхлын үүднээс хандах, -нийгмийн зөвшилцөлд суурилсан, эрх тэгш нийгмийг байгуулах эрмэлзэлтэй байх, -хамтач үзэл санааг дэлгэрүүлдэг байх, -парламентат ёс, -улс орнуудын эв нэгдлийг хангах энх тайванч бодлоготой байх, -олон ургалч байдлыг дэмждэг байх тус тус багтана.
Эдийн засаг ба олборлох салбар: Канад бол олборлох салбараар өөрсдийн эдийн засгийг босгож ирсэн орон. Тиймээс энэ салбараа эдийн засгийн их чухал багана гэж үздэг. Гадаад бодлого нь ч тэр олборлох салбар дээр эдийн засаг нь явж байгаа орнууд дээр тусгайлан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Канадаас Монгол улсыг сонирхох байр суурь ч үүнтэй холбоотой. Канад бол байгалийн баялгаа ашиглан сүүлийн 40 орчим жилийн хугацаанд үсрэнгүй хөгжсөн орон. Энэ улсын эдийн засгийн үндэс, хөгжлийн бааз суурийг харах юм бол Канад уул уурхайн орон гэж шууд хэлж болно.
Clusters of Canadian mining activity. (Map: Mining Association of Canada)
Дэлхий дээр байгаа нийт уул уурхайн компаниудын 75% нь Канадаас гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл тэдний оролцоо, сонирхол дэлхийд ийм нөлөө бүхий байна гэсэн үг. Ойлголтын хувьд олборлох салбар бол дангаараа уул уурхай биш газрын тос, байгалийн хийг мөн хамардаг. Гэхдээ бодлогын хувьд өөр өөр, газрын тосны бодлого уул уурхай дээр таардаггүй, байгалийн хий дээр явагддаг бодлого бас уул уурхай дээр бас таарахгүй. Тиймээс манай Монгол улс гэхэд эхлээд дээрх бүх ойлголтыг нэгтгэж олборлох салбар гэж ерөнхий харж байж, том бодлого нь гарах учиртай. Канад бол үүнд дээр илүү том хардаг. Зөвхөн өөрийн улсын олборлох салбарын хүрээнд биш дэлхий даяар ямар байна. Түүнд зориулсан бодлого явуулдаг улс. Сонирхолтой нь Канадын эдийн засгийн дөнгөж 8%-ийг уул уурхай бүрдүүлдэг. Чөлөөт худалдааны системтэй, өндөр технологи хөгжүүлсэн энэ орны гол орлого бүрдүүлэгч нь 1. Далайн аж ахуй 2. Ойн аж ахуй 3. Газрын тос 4. Хөдөө аж ахуй байх жишээтэй. Канад нь NAFTA буюу Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Байгууллагын гишүүн орон. Мөн энэ орон газрын тосны экспортоороо дэлхийд 4-рт ордог. Тэгсэн мөртлөө дэлхийд хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг орнуудын нэг. Хамгийн хямддаа 1 литр шатахуун 1.60 кан.доллар буюу манай ханшаар 3200 орчим төгрөг. Өөрийнхөө дотоодын аюулгүй байдлыг хангах хэмжээний нефть боловсруулалт эрхэлнэ. Гэхдээ дийлэнх боловсруулалтыг гадаадад буюу АНУ-аар хийлгээд мөн тэндээсээ шатахуун авдаг. Учир нь нефть үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх аюул эрсдэл, хор хөнөөлөөс газар нутгаа, ирээдүйгээ хамгаалах арга нь юм. Энэ бол тэдний нэг онцлог, бас ухаалаг шийдэл гэлтэй. Түүхийн турш ихэнх улс орнуудын эдийн засгийн өсөлт хөгжил нь байгаль орчны доройтолтой шууд хамаардаг байлаа. Харин эдүгээ Канад эдийн засгийн тогтвортой өсөлттэй, хамгийн эвдрээгүй байгаль орчныг хослуулж чадсан маш цөөхөн орны нэг.
Амьдралын хэв маяг, үнэт зүйл: Хүчтэй, өөрийн амьдралдаа хангалуун нийгмийн дундаж давхаргыг бий болгоход боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, эрүүл, аюулгүй орчин, хүний сайн сайханд чиглэсэн хот төлөвлөлт маш чухал. Түүнээс гадна иргэн хүний хариуцлага, ухамсар, сэтгэлгээ гол нөлөөтэй. Анх Бритиш Колумбын Их Сургуулийн хаалгаар ороод профессор багш нартай уулзаад за эд нар манайхан шиг костюм зангиа болдоггүй юм байна гэдгийг анзаарсан. Дээр нь спорт, дасгал хөдөлгөөн. Профессортойгоо орой хамт хоол идэж, судалгааны ажлынхаа туршлага, Монгол орныхоо тухай ярилцахаар цаг болзоод сургуулийнхаа хотхонд байдаг нэгэн зоогийн газар уулзах болов. Арай зангиа зүүсэнгүй, гэхдээ л цагаан цамц пиджактай очлоо. Харин манай профессор маань унадаг дугуйны хамгаалалтын малгай, богино бариу шорт, бэлтгэлийн цамцтай орж ирдэг байгаа. Тэрээр унадаг дугуйтай иржээ. Ер нь Канадад илүүдэл жинтэй хүн маш ховор. Тэд зав л гарвал спортоор хичээллэнэ. Өдөр цайны цагаар гудамжинд гүйх нь түгээмэл, хот нь ч эрүүл амьдралын хэв маягт зохицсон дурын нийтийн бие засах газарт хүн усанд орох шүршүүр чөлөөтэй бий. Үүний зэрэгцээ цэцэрлэг, гүйлтийн зам дагуу нисэх онгоцны буудлуудад байдаг шиг цэвэр усны цорго хай сайгүй. Хэн дуртай нь ууж болно. Манайхан юу гэдэг билээ. Эрүүл биед саруул ухаан оршино. Яг энэ зарчим тэнд үйлчилдэг. Нөгөөтэйгүүр энэ бүгдийн нэг шалтгаан бол эрүүл мэндийн үйлчилгээний өртөг юм. Канадад хүн өвдөж болохгүй, эмнэлгийн зардал их өндөр. Тиймээс бүх нийтээрээ амьдрах орчноо эрүүл байлгахыг, мөн эрүүл хоол хүнс хэрэглэхийг хичээдэг. Үүнийгээ дагаад зардал их. Тэдний эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, түүнийхээ төлөө нийгмээрээ зүтгэх нь үнэхээр гайхалтай.
Канадууд ер нь их эелдэг хүмүүс. Жишээ нь бидний сайн мэдэх барууны орнуудад байдаг Black Friday. Зул сарын баярын маргааш өглөө буюу 12 сарын 26-нд болдог хямдралтай худалдаа. Америк дахь энэ үйл явдлыг харуулсан дэлгүүр лүү шахалдан орж, бараагаа булаацалдан зодолдож, муудалцаж байгаа бичлэгүүд зөндөө байдаг. Үзээгүй хүмүүс ховор байх. Харин Канадад энэ хямдралын үеэр дэлгүүр нээгдэхээр харилцан бие биендээ найр тавиад та ор, та ор гээд зогсоод байдаг. Үүнтэй холбоотой нэг онигоо маягийн яриа байдаг. Канадад хамгийн их хэрэглэгддэг үг юу вэ? гэсэн чинь Нэгдүгээрт – уучлаарай, хоёрдугаарт – баярлалаа, гуравдугаарт– намайг өршөөгөөрэй. Ийм 3 үгийг хамгийн их хэрэглэдэг гэж. Үнэхээр тийм, мэдээж олон дотор ганц нэг онцгүй хүмүүс таарна. Гэхдээ та хаана ч очсон нүүр дүүрэн мишээн мэндлэх Канад хүмүүс дүүрэн байна гэдэгт итгэж болно. Канадад итгэлцэл их чухал, гудамж, талбай, авто машины зам, зогсоол гээд хаа сайгүй хяналтын камер тун ховор. Аливаа ажил төрөл, хөөцөлдөх болоход тамга тэмдэг болсон албан бичгийн хэрэг бага. Өөрсдөө ч хэрэглээд байдаггүй. Чамайг тодорхойлоод хэн нэгэн цахим шуудан бичсэн байхад л хангалттай. Харин итгэл эвдэх юм бол шийтгэл хатуу, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, зогсоолд машинаа буруу байршуулах гээд л өндөр торгуультай, төлөхгүй жаахан удвал бол бүр нугалж төлөх, цаашлаад шүүхийн хаалга татна шүү дээ.
Канад бол 150 жилийн түүхтэй орон. Гэхдээ тэр анх байгуулж байсан хүмүүсийн ухаалаг байдлыг биширмээр. Бид нар цагаачлан ирж энэ улсыг бүтээж байна. Тийм болохоор чи Англи, Франц, Испани, Герман, Монгол, Хятад, Орос байх нь давуу гэсэн үг биш гэдэг дээр ойлголцсон байдаг. Мэдээж эхэндээ хэн нэг нь бусдаасаа илүү гарах гэж үзээд, тэр нь боломжгүй юм гэдгийг сайн ухаарсан улс. Ингээд дундын шийдвэрт хүрсэн ба бүгдээрээ тэнцүү, бүгдээрээ оролцоо жигд байх ёстой гэсэн сэтгэлгээг нийгэмдээ суулгаж өгчээ. Канад амьдралын хэв маяг бол бие биенээ ойлгох, хамтаараа асуудлыг шийдэх, хамтдаа даван туулах явдал юм. Иймээс найрсаг байхаас өөр арга байхгүй.
/ Үргэлжлэл бий …/
Холбоотой мэдээ