Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр өнөөдөр ИЗНН-ын удирдлага, гишүүдтэй уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө танилцууллаа.
Тус төсөлд парламентын бүрэн эрхийн хугацааг 5 жил, гишүүдийн тоог 99 болгохоор заагаад байгаа юм. Мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж танхимаа бүрдүүлэх эрхийг олгохоор тусгасны зэрэгцээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхаар зааж өгсөн. Сумыг дүүрэгтэй харьцуулж үздэг одоогийн тогтолцоог өөрчлөх. Сумын Засаг даргыг иргэд нь сонгож, Иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн барьцаанаас гаргах. Дархан-Уул, Орхон аймгийг хотын статустай болгохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан юм. Эдгээр асуудлыг ИЗНН дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Онцлоход, УИХ-ын даргаас өгсөн удирдамжийн дагуу энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан 10 гишүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд парламентад суудалтай бүхий л намаас төлөөлөл оролцсон бөгөөд ИЗНН-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн С.Оюун багтаж ажилласан юм.
Г.ДАРЬ