Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар нь Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зарим үйл ажиллагааны тодорхой чиглэлээр хамтран ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс батлах зөвшөөрөл олгосон нийт 16500 гаруй төрийн захиргааны алба тушаалын тодорхойлолтыг өнгөрсөн баасан гаригт /2020.04.24/ Авлигатай тэмцэх газарт албаны хэрэгцээнд зориулж цахимаар шилжүүлэн өгсөн байна. Учир нь Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг хянан үзэхдээ томилогдохоор нэр дэвшсэн байгууллага болон харьяа салбар нэгжид түүний эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх хүчин зүйл байгаа эсэх, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдох хувь хүн хуулийн этгээд байгаа эсэх, тухайн ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад хамрагдсан эсэхийг хянан үзэж уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхэд дүгнэлт гаргадаг.
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт төрийн албан хаагчийн анкет, ажлын байрны тодорхойлолт (хуучнаар), бусад шаардлагатай баримт бичгийг хавсаргана гэж заасан байдаг. Мөн цаашид батлагдах, шинэчлэн өөрчлөгдөх албан тушаалын тодорхойлолтуудыг тухай бүр Төрийн албаны зөвлөлөөс шилжүүлэн авч, хамтран ажиллахаар болсон бөгөөд энэ нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянах үйл ажиллагаанд ашиглагдах юм.
Тухайн ажлын байрны шаардлага, шалгуур үзүүлэлт хангаагүй этгээдийг нийтийн албанд томилох нь өөрөө бусдад давуу байдал олгож буй авлига ашиг сонирхлын зөрчлийн нэг хэлбэр тул нийтийн албанд томилогдож буй этгээд нь тухайн албан тушаалд тавигдах мэргэжил боловрол, ур чадварыг зайлшгүй хангах шаардлагатай юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ