Горилогчийн голоо цохисон бэлэг

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Горилогчийн голоо цохисон бэлэг

Сүүлийн саруудад УИХ-д нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгаа горилогчид нийслэлийн гэр хорооллынхныг халамжлан үнэгүй бэлэг тараадаг болов. Нэг муу уут нүүрсээр сонгогчдын саналыг татна гэж эндүүрсэн эрхмүүд цөөнгүй. Өнөөх нь үнэн хөгийн, уут биш торонд л хийсэн нүүрс юм даа. Тэгээд бас нүүрс тараахдаа шалгуур тавиад байгаа, гар утасны дугаараа өгсөн хүнд олгоно гэж… Хэнээс хаанаас тарааж байгаагаа жигтэйхэн нууцална. Гэхдээ нүүрс нь Шарын голынх, хөөгөөд явбал эзэн нь олдох болов уу.  

Нүүрс тараах “моод”-ыг анх Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай дэлгэрүүлж, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд шуудай, шуудайгаар нь тараасан. Харин уржигдар Улиастайд нэрээ нууцалж нүүрс тараасан байгаа юм. Нэрээ нууцлаад, утасны дугаараа үлдээхийг шаардсан нь иргэдэд сэжигтэй санагдсан бололтой.  Авах хүн олдохгүй л байна гэсэн.

Нэрээ нууцалсан “өвлийн өвгөн”-ий араас  “Гацуурт”-ын захирал Л.Чинбат Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд үнэгүй төмс тараана гэдэг “шуум” дэгдэх нь тэр. Твиттер хуудсандаа тавьсан жиргээгээр нь бол тэрээр “Хямралын эсрэг “Дэм дэмэндээ” аяны хүрээнд дүүрэгт бүрт хүнсний ногоогоо 1 кг-ийг нь 550 төгрөгөөр борлуулах болсноо зарласан байна билээ. Наймааны ухаан гэж энэ юм болов уу. Гэхдээ цахим ертөнцөд түүнийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэдэг яриа түгснээс харахад эр хүний цээжинд эмээл хазаартай морь багтана гэж. Энэ үнэн бол ногоогоо ч борлуулаад нэр дэвших ажлаа ч амжуулахаар нэг сумаар хоёр туулай буудахаар шийдсэн байж мэдэх л юм. Бас бизнесийн хүн болохоор төмсөө үнэгүй тарааж төвдөөгүй биз.

Сонгинохайрханчуудад “Монос”  хүчилтөрөгчийн коктейль үнэгүй тарааж байгаа гэнэ. Энэ мэдээж, Л.Эрдэнэчимэг сонгууль угтаг өглөг байж таараа.

Энэ мэтээр горилогчид сар шинээр тойргийнхондоо мах үнэгүй тараагаад эхэлбэл гайхах зүйлгүй л болох нь байна шүү гэж…

Цагаан сар дөхөхөөр аяга таваг, будаа агшаагч гээд юм, юм л тараагдах байхдаа. Одоо үйлчилж байгаа сонгуулийн хуулиар бэлэг тараахыг хориглосон байдаг ч үйлчлэх ч юм уу даа.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж