Хятадын хамгийн баян хүн бол Жак Ма. Интернэт худалдааны “Alibaba” сайтыг үндэслэгч Жак Ма тэрбумтан бизнесмен гэдгээсээ илүү сайн үйлстэн болж тодров. Тэрбээр дэлхийн 150 гаруй орны эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас, амны хаалт зэргээр тусламж дэмжлэг үзүүлж, кампанит ажил өрнүүлж байна. Жак Ма өнгөрсөн гуравдугаар сард анх удаа твиттер хаяг нээн идэвхтэй жиргэж эхэлсэн юм. Түүний жиргээнүүд голдуу хандив, тусламжийнх нь талаар байх аж. Жак Ма “нэг дэлхий, нэг тэмцэл” гэх уриа дэвшүүлэн коронавирусийн халдварын эсрэг хүчин мөхөстөж буй улс орнуудад хандив, тусламж үзүүлж байна. Жак Ма коронавирусийн эсрэг доноруудын 12-т бичигджээ. Гэхдээ тус жагсаалтад мөнгөнөөс гадна бусад эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн хандивыг оруулсан бол Жак Магийн байр дээгүүр бичигдэнэ. Үүний зэрэгцээ тэрбээр коронавирусийн эсрэг вакцин гарган авах туршилт болон төрөлх Жөжян мужийн эмч нарынхаа боловсруулсан эмнэлзүйн гарын авлагыг дэлхийн 16 орны хэл рүү хөрвүүлэх зэрэг ажилд олон сая ам.долларын хандив өгчээ. Жак Ма интернэт худалдааны хүргэлтийн логистик системээ ашиглан хандив, тусламжаа хүргэж байна.
Харин Жак Магийн хандив тусламжийн кампанит ажлын ард Хятадын төрийн дэмжлэг бий эсэх нь өөр асуудал. Тохиолдлоор байж болох ч Жак Ма тусламж үзүүлэхдээ Бээжингийн дипломат харилцаанд чухал ач холбогдолтой орнуудыг сонгосон байх магадлал өндөр байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “Alibaba” сангаараа дамжуулан хандив, тусламж үзүүлж эхэлжээ. Тусламжийг Африк, Ази, Европ, Латин Америк тив мөн улсын улс төрийн ашиг сонирхлын зөрчил ихтэй орнууд болох Иран, Израйль, ОХУ, АНУ-д хүртэл хүргэжээ. Жак Ма саяхан Латин Америкийн 22 оронд хандив, тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Гэхдээ түүний хандив, тусламж үзүүлсэн орнуудын дунд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжсэн байр суурьтай орнууд бага байгаа нь хардлага төрүүлжээ. Жак Магийн “Alibaba” сангаас хандив өгсөн орнуудын дэлгэрэнгүй жагсаалтаа дэлгэхээс татгалзжээ.
Үүний зэрэгцээ Хятадын төрийн мэдээллийн агентлагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй эн тэнцэхүйц хэмжээнд Жак Магийн тухай мэдээлэл цацаж байна. Гэтэл Хятадын дарга Ши Жиньпин бол олон нийтийн анхааралд байх байр сууриа бусадтай хуваалцдаггүй нэгэн. Тухайлбал, сүүлийн жилүүдэд олон улсад алдаршиж, нэр нь цуурайтах болсон жүжигчид, мэдээний хөтлөгч, тэрбумтан энтерпрейнер бизнесменүүд нэг л мэдэхэд сураг алдарсан. Тэдний зарим нь өөрсдөд нь тулгасан ялаас айн зугтсан бол зарим нь шоронд хоригдож байна.
ХЯТАДЫН КОММУНИСТ НАМ ЯАГААД ЖАК МАГ СОНГОВ?
Жак Ма бол англи хэлний багшаас Хятадын хамгийн том технологийн компанийг үүсгэн байгуулсан нэр хүндтэй хүн. Тэрбээр 1999 онд үүсгэн байгуулсан жижиг компаниа дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын интернэт худалдааны зах зээлийг атгаж, АНУ-ын “Amazon” групптэй өрсөлдөх хэмжээнд хүртэл өсгөж чадсан. Жак Магийн хөрөнгийн хэмжээ 40 тэрбум гаруй ам.доллар гэж үнэлэгддэг. Жак Ма нь 1980-аад онд оюутан байхдаа л Коммунист намын гишүүн болжээ. Тэрбээр Коммунист намтай хэрхэн харилцахаа мэддэг зальжин бизнесмен аж. Жак Ма 2018 онд “Alibaba” компанийн захирлаас бууж, сайн санаа, буяны үйлст төвлөрөх болсон билээ. Гэхдээ тэрбээр компанийн төлөөлөн удирдах зөвлөлд байнгын гишүүн болон үлдсэн бөгөөд захирлаас бууснаар түүний нэр хүнд, хөрөнгө нь хоёр дахин нэмэгджээ. Жак Ма компанийнхаа захирлын суудлаас буусан нь түүний нэр хүнд Коммунист намыг сүүдэрлэж эхэлсэнтэй холбоотой гэж АНУ-д төвтэй Шинэ Америкийн аюулгүй байдлын төв нэртэй байгууллагын судлаагч Ашли Фен дүгнэжээ. Жак Ма гэнэт тэтгэвэртээ гарах шийдвэр гаргаснаа зарлаж, Бээжингээс ямар нэгэн шахалт, дарамт үзүүлсэн гэх сэжгийг үгүйсгэсэн. Түүнчлэн тэрбээр 2017 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хоёр орны худалдааны асуудлыг хэлэлцсэн нь албаныхны эгдүүцлийг төрүүлсэн гэж Жак Магийн хөрөгч Дункан Кларк ярьсан байна.
Жак Магийн хандивын аян Бээжингийн зааварчилгаагүй байсан ч үр дүн нь Хятад улсад ашигтай байна. Хятадын Засгийн газраас ч Европ, Зүүн Өмнөд Азийн коронавирусийн халдварт өртсөн орнуудад эмч нарын багаа илгээж, хандив, тусламж үзүүлсэн. Гэвч коронавирусийг тараасан гэж Хятадыг хардаж буй Барууны орнууд Бээжингийн сайхан сэтгэлийг хариуцлагаа ухамсарлах үйлдэл эсвэл нөлөөгөө бэхжүүлэх арга гэж хардах аж.
Эх сурвалж: CNN