Гэрээр тусгаарлагдсан иргэд рүү өдөрт хоёр удаа утасддаг

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Гэрээр тусгаарлагдсан иргэд рүү өдөрт хоёр удаа утасддаг

Гэрээр тусгаарлагдсан иргэд рүү өдөрт хоёр удаа утасддаг

“За та хэд маань дажгүй юу” хэмээн гараа даллан зогсох энэ эмэгтэйг Г.Алимаа гэдэг. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын ажилтан. Гадаад орноос ирээд эмнэлэгт хянагдан, гэрээр тусгаарлагдсан иргэдэд зөвлөгөө өгч, хяналт тавин ажиллаж яваа нь энэ. Долоо хоногийн хоёр өдөр иргэдээ гэртээ байгаа эсэхийг очиж, шалгадаг ажээ. Гэрт нь орох боломжгүй учраас байрных нь гадна зогсч, утсаар холбогдон бие биетэйгээ мэндчилнэ.

 Түүн шиг сайн дурын ажилчид болон олон нийтийн цагдаа, хорооны хэсгийн байцаагчид гадаад улсаас эх орноо зорин ирж, тусгаарлагдаж буй иргэдийн гэрийн ажиглалтад хяналт тавьж байна. Тиймээс ХӨСҮТ болон тусгаарлах байрнаас гэртээ шилжиж буй иргэдийг холбогдох байгууллагууд хэрхэн хянаж байгаа талаар өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Өнгөрөгч гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Улсын онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд хяналтад орох 2696 хүний нэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлжээ. Энэ хугацаанд гэрийн хяналтад орсон 2362 хүн байна. Тэднээс 1685 хүнийх нь гэрийн хяналтын хугацаа дуусчээ.

Одоо 119 өрхийн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн хяналтад 673 хүн байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Улсын онцгой комиссоос өдөр бүр хяналтад байгаа иргэдийн нэрийг шалган ирүүлдэг. Энэ мэдээлэл дүүргийн Шуурхай штабаар дамжин хороо, өрхийн эмнэлгүүдэд очиж байгаа ажээ. Улаанбаатар хотод нийт 142 өрхийн эмнэлэг бий. Нэг дүүрэгт 4-41 өрхийн эмнэлэг байдаг аж.

Ингээд Баянгол дүүргийн долдугаар хороог зорин очлоо. Тус хорооны өрхийн эмнэлгийнхэн үйлчлүүлж буй иргэдийн халууныг үзэж, овог нэр, гэрийн хаяг, холбогдох утсыг нь цаг минутаар нь тэмдэглэн авч, гарыг нь ариутган оруулж байв. Хэрвээ сэжигтэй тохиолдол илэрвэл үүдний хэсэгт байрлах өрөөнд тусгаарлахаар бэлтгэжээ.

Тус өрхийн эмнэлэгт таван сувилагч, таван их эмч, эрүүл мэндийн ажилтан нэг, туслах ажилтан хоёр бэлэн байдалд ажилладаг. Хөл хориотой холбоотойгоор өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн тоо цөөрсөн ч өдөрт дунджаар 120-150 хүнд үйлчилдэг гэдгийг эмч нар хэлсэн юм.

“Манай өрхийн эмнэлгийн гэрийн ажиглалтад 10 хүн байгаа. Нийтдээ тусгаарлах байрнаас гарсан 39 хүн байсны 29 хүнийх нь  хяналтын хугацаа дууссан. Эдгээр 39 хүнийг хянаж байх явцад гэрээр орж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдол гараагүй. Өрхийн эмнэлгээс өдөрт хоёр удаа ажиглалтад байгаа хүмүүс рүү утастаж, биеийн байдлыг нь асууж, гэрээс гарч болохгүй гэдэг зөвлөмжөө өгч байна.

Хяналтад байсан хүмүүс дунд нэг жирэмсэн эмэгтэй байсан. Хоёр хоногийн өмнө тусгаарлалтын хугацаа нь дуусч, жирэмснийхээ хяналтад орлоо. Одоо биеийн байдал хэвийн байна. Хяналтад байгаа 3-4 хүний утас нь холбогдохгүй хоёр хоног болсон. Дүүргийн шуурхай штаб, цагдаагийн албан хаагчид гэрээр нь очиж уулзаад, одоо гэртээ дэглэмээ сахиад байж байгаа” талаар өрхийн эмнэлгийн дарга Н.Эрхэмжаргалан ярилаа.

“Та дөрөв маань яаж байна. Биед нь зовиур байна уу. Биеийн халуунаа үзсэн үү. Гэртээ байгаа юу” хэмээн өрхийн эмнэлгийн сувилагч бүсгүй гэрийн хяналтад байгаа нэгэн гэр бүл рүү утасдав. Хариуд нь “Бид сайн байна. Оройн биеийн халуунаа арай хэмжээгүй байна. Бид гадуур гараагүй гэртээ байна” гэлээ.

Өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд шаардлагатай тохиолдолд тухайн айл руу орохдоо нэг удаагийн малгай, амны хаалт, бээлий, халадтайгаа орно. Тэрнээс биш халдвар авсан өвчтөн юм уу, сэжигтэй тохиолдол дээр орж байгаа юм шиг заавал нэг удаагийн иж бүрэн хувцас өмсөхгүй гэнэ.

Ингэхийн тулд хамгийн түрүүнд өрхийн эмнэлгийн дарга дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач эмч рүү ярьж, зөвлөгөө авна. Уг зөвлөгөөний дагуу гэрээр тусгаарлалтад байгаа иргэдийн гэрт орж, эмнэлгийн тусламж үзүүлэх юм байна.

Зарим хүмүүс “Бид гэмт  хэрэг хийсэн юм уу. Яагаад байнга хаяг тодруулж асуугаад байгаа юм бэ. Эвгүй сэтгэгдэл төрж байна” гэж гомдол хэлдэг байна. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс “Таны гэрийн хаяг, утасны дугаар тодорхой байх хэрэгтэй. Эмнэлгээс гарахдаа тухайн хаяг дээрээ тусгаарлагдах шаардлагатай. Бид нэг хүнийг ч харааанаасаа алдах эрх байхгүй. Ингэхийн тулд таны хаяг, утсыг байнга лавлаж асууж байгаа. Битгий эмзэглээрэй” хэмээн тайлбарладаг аж.

Долдугаар хорооны хэсгийн байцаагч, дэслэгч О.Цагаанхүү “Өрхийн эмнэлгээс хяналтад байгаа иргэдийн нэрсийг авч, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн нэрстэйгээ тулгаж үзнэ. Өдөрт хоёр удаа гар утас руу нь залгаж, мэдээлэл авч байгаа. Саяхан гэрийн хяналтынх нь хугацаа дуусаагүй байхад хоёр хүн гадуур гарсныг тогтоосон. Тэдэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 150 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Хяналтаас гарсан 29 хүн байна. Одоо 10 хүн хянаж байна. Хэрвээ гэртээ байхгүй бол зайлшгүй гэрт нь очиж, шалгаж байгаа” гэв.

Сүүлд Шуурхай штабаас тусгаарлалтад байгаа иргэд утасны дугаар, гэрийн хаягаа худал бүртгүүлж буй талаар мэдээлснээс хойш иргэдийн ухамсар сайжирч, энэ төрлийн зөрчил гарахгүй байгааг албаныхан дуулгалаа. Гэрийн хаяг, утас нь холбогдохгүй байгаа иргэдийн хувьд тодорхой шалтгаан байсан гэдгийг мэргэжилтэн хэлж байв. Жишээлбэл, олон жил гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэд анх амьдарч байсан газрынхаа хуучин хаягийг өгөх, хуучин ашиглаж байсан утасны дугаараа бичих, төрсөн ах, дүүс нь тухайн иргэнийг гэртээ байлгахгүй гэх мэт асуудлаас болж, ийм зөрчил гарч байжээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.ГанцэцэгГэрийн ажиглалт хяналтыг хийх түр журам гэж гарсан. Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын түр заавар гарсан байгаа. Энэ зааварт өрхийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн эмч нар эрүүл мэндийн хяналтыг хийхдээ гар утсаар нь өдөрт хоёр удаа лавлаж, хяналтаа тавина. Шаардлагатай тохиолдолд нэг удаагийн хувцас, хэрэгслээ өмсч, очоод тусламж үзүүлнэ гэж тусгасан. Харин хяналтад байгаа хүмүүс хаяг дээрээ байгаа эсэхийг хорооны цагдаа, Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын ажилтан, олон нийтийн цагдаа хяналт тавина. Эдгээр хүмүүс маань долоо хоногт хоёр удаа гэртээ байгаа эсэхийг хянана.

Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлгийн эмч болон дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч гарган өгч байгаа. Хэрэв шинэ коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл,  ХӨСҮТ-ээс зөвлөгөө авч, яаралтай шинжилгээнд хамруулна. Эдгээр иргэдэд гэнэт мэс засалд орох, жирэмсэн эмэгтэйн төрөх хугацаа нь болсон бол хяналтын 36 хоног дотроо ХӨСҮТ-д тусгайлан бэлтгэсэн төрөх тасагт эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Хэрвээ хяналтын 36 хоног өнгөрвөл эмнэлгийн тусламж үйлчилгээг харьяа дүүргийн эмнэлэгтээ авна. Иргэд ажиглалтын байрнаас гэртээ гарсан ч эмнэлгийн байгууллагын хяналтад байх учраас айж, сандрах хэрэггүй. Хамгийн гол нь ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайтар хийх хэрэгтэй” гэв.

Одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авч, эдгэрсэн хоёр хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Эдгээр иргэнийг тусгайлан хянаж байгаа бөгөөд гэрт нь долоо хоногт 2-3 удаа очиж, шалгаж байгаа гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн. Энэ хоёр хүний хувьд эмнэлгээс гараад 28 хоног ажиглалт хяналтад байх шаардлагатай. Тодруулбал,  тусгаарлах байранд 14, гэртээ 14 хоног хяналтад байна гэсэн үг. Эдгэрсэн хоёр иргэний биеийн байдал хэвийн, гэрийн хяналтад байх хугацаандаа эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэллээ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж