Б.Үйзэнмаа: Шинийг ургуулж бодохгүй бол хөгжихгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

Б.Үйзэнмаа: Шинийг ургуулж бодохгүй бол хөгжихгүй

Б.Үйзэнмаа: Шинийг ургуулж бодохгүй бол хөгжихгүй

Германы Баварын кино наадамд "Над руу ингэж битгий хар" киногоороо оролцож, “Шилдэг залуу найруулагч”-аар шалгарч байсан найруулагч Б.Үйзэнмаатай онлайнаар холбогдон ярилцсанаа хүргэе. Тэрбээр 2004-2006 онд Германы Франкфурт хотын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судалж, дараагаар нь алдарт Мюнхений Телевиз, кино урлагийн их сургуульд суралцаж төгссөн уран бүтээлч юм.  


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа?

-News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг зочноор урьж, ярилцаж байгаад баярлалаа.

-Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо ирэв?

-Би хамгийн сүүлд “Хар сүү” киноны зураг авалтаар Монголд өнгөрөгч 2019 оны тавдугаар сард очсон. Энэ жил бас эх орондоо очмоор байгаа ч цар тахлаас болж хойшлогдоод байна.

-Таны шинэ уран бүтээл болох “Black milk” кино сонирхлыг минь их татлаа. Кинонд хамтран ажилласан уран бүтээлчдээ танилцуулахгүй юу?

-Хар ѳнгөний тухай ойлголт энэ кинонд их чухал. Бидний амьдарч буй нийгэм ѳнѳѳг хүртэл маш их манипулацид ѳртсѳн. Хар бол муу, наранд харласан царай муухай, хар арьстанд дургуй… гээд л ер нь цагаан байх дуртай. Хүмүүс заримдаа юманд анхаарлаа ѳнгѳц л хандуулдаг талтай. Тэд юмны цаана, дотор нь байгаа эрч хүчийг харахгүйгээр ѳѳрсдийн бодлоор ханддаг нь олонтоо. Бас тэр эрч хүч, сайн талаа ѳѳрсдѳѳ нууцлаг, харанхуйд хийх нь ч бий.

Ѳѳрсдийгѳѳ танихгүй, инстинктээ мэдрэхээ больсон, хүч чадлаа мэдэхгүйгээс ѳѳрт байгаа гоо сайхан, бусдын сайхныг олж харахгүй болдог. Мэдээж сүү цагаан өнгөтэй. Хѳхнѳѳс сүү цацагдаж гарахаас ѳмнѳ ямар ѳнгѳтэй вэ? Миний хувьд энд л маш их эрч хүч далд оршиж буй. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний тэр их тэвчээр чадал, жинхэнэ гоо сайхан тэнд л  оршдог гэж боддог.

Энэ удаагийн киноны маань гол дүрд надтай цуг миний үеэл Ц.Гүнсмаа тоглосон юм. Түүний хойд эцгийн дүрийг миний аав Б.Борхүү бүтээж, Д.Тэрбиш хэмээх нэгэн малчны дүрд тоглосон. Бас манай үеэл ах Р.Баярсайхан нэгэн чухал дүрд тоглосон. Түүнд маш их баярласан гэдгээ хэлье.

-Таны уран бүтээл нэг тийм хачин, үл таних мэдрэмжээр аялуулдаг. Найруулагчийн хувьд энэ удаа ямар мэдрэмжээр аялуулахыг хүссэн бол?

-Миний бодлоор кино маань Монголд гарахаараа тэс ѳѳр утга учиртай болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ удаагийн кино маань ёс заншил, консерватив үзлийн тухай асуудал дэвшүүлж буй. Нэгэн залуу эмэгтэй энэ бүхнийг үгүйсгэж, юунд хэрэгтэй юм гэж асуух болно. Миний хувьд энэ бол маш чухал асуулт.

Би яагаад, ямар учраас гэдгийг асуухыг хүссэн юм. Хариулт нь ч энд хамаагүй. Чухам шинийг ургуулж бодох орон зайг бий болгож, нээх нь амьсгалах мэт чухал. Тэгэхгүй бол бид хөгжихгүй зогсонги байсаар байна. Тэрнээс юу улбаалах нь тодорхой. Ялангуяа Монголд ѳѳрсдийгѳѳ танин мэдрэх, хэн болохоо тодорхойлох, нийгмийн болон оюун ухааны хѳгжил, тэгш эрх гэх мэт асуудлууд маш чухал санагддаг. Бид бусдыг дуурайдаг. Жишээлбэл,  АНУ-ыг. Харин тэднийг нийгмийн систем нь эвддэг. Ядууст тусалдаггүй, үл тоомсорлон мартдаг. Энэ Монголд хэр тохирох бол. Түүнээс гадна бас Монголд бүх муу муухайг авчирдаг дэндүү сохор консерватизм харагддаг.

-Шинэ уран бүтээлээ олон улсын кино фестивалиудад гаргах уу?

-Тэгнэ. Бид өнгөрөгч гуравдугаар сард Саудийн Арабийн “Red Sea” олон улсын кино наадамд оролцох байсан боловч цар тахлаас болоод чадаагүй. Маш харамсалтай. Түүнээс гадна Тайпэй, Израйль болон Хонгконгт киногоо гаргах тѳлѳвлѳгѳѳ гаргасан байсан. Одоо эдгээр кино наадмуудыг зохион байгуулах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд аль болох сайн талаас нь харахыг хичээж байна. Энэ бол бүхнийг шинээр эхлэх боломж.

-Кино театрт зориулан кино хийх, фестивальд зориулан хийх хоёрын дунд ямар  ялгаа  байдаг вэ?

-Ер нь бол нэг сайн киногоороо олон улсын кино наадамд оролцсоны дараа кино театрт гаргахыг чухалчилдаг. Маш олон уран бүтээлчид зѳвхѳн зах зээл рүү хандсан кино хийдэг. Тэд аль болох олны танил жүжигчинг тоглуулж, олон үзэгчдээс тѳлбѳр авч, киноны чанарыг орлогоос дээгүүрт авч үзэх нь багассаар байна.

Хэдийгээр уран бүтээлч хүн ч олны өмнө тэр бүр гарч, хэвлэлд ярилцлага өгдөггүй. Та нам жим амьдралыг илүүд үздэг юм шиг?

-Үгүй дээ, Харин ч би олны дунд байх дуртай. Ямар тѳсѳл дээр ажиллаж байгаагаас л шалтгаалдаг байх. Би одоохондоо маш их уншиж судлан бас бичиж байгаа. Дараагийн киногоо бэлтгэх хэрэгтэй. Тэр бүтээл маань жинхэнэ тэсрэлт байх болов уу.

-Герман улсад кино урлаг дахь шүүмж судлал хэр хөгжиж байна вэ. Таны хувьд шүүмжлэгчдээс хэр шүүмж сонсдог вэ?

-Миний бодлоор шүүмжлэгчдэд хүмүүс дургүй байдаг. Бусад уран бүтээлчидтэй санал солилцоход тэд “Муу сайн юмнууд, юугаа ч мэдэхгүй байж шүүмжиллээ, бүтээлийг минь доош нь хийлээ” гэдэг. Би тэднийг сайн ойлгодог. Нээрээ яг голыг нь олсон эсвэл нотолгоотой шүүмж байдаг. Ихэнх нь ѳнгѳцхѳн, заримдаа ер энэрэлгүй, эсвэл хуучинсаг, ад үзсэн, арьс ѳнгѳѳр ялгаварласан … ийм зүйлс миний хувьд шүүмж биш ээ. Нэгэн Герман зохиолч, бас кино уран бүтээлч танил маань нэг шүүмжлэгчийг муу юм бичсэнийх нь хариуд шанаадчихаад “шангыг нь хүртээсэн юм” гэж байж билээ.

-Монгол нутагтаа хэр татагддаг вэ. Хүүхэд насныхаа тухай яриач. Ирээдүйд эх орондоо амьдрахыг хүсдэг үү?

-Монголын бүх юм надад сайхан. Хүүхэд насны сайхан дурсамжуудаа хэзээ ч мартдаггүй. Гурилтай шѳл идэж, говь нутагт гадаа тоглож, салхитай уралдан тоглодог байснаа.. гээд л. Одоо Улаанбаатарт очих болгонд зүрх хүчтэй дэлсдэг. Маш сонин амт, үнэр, мэдрэмж авдаг. Тэгэхдээ би энэ дэлхийн бусад бүх газар нутагт хайртай. Энэ дэлхий тэр чигтээ бидний нутаг.

“Би монгол хүн болж төрсөндөө бахархдаг” гэдэг үгийг их сонсдог. Герман улсад нацистууд бас тэгж хэлдэг. Их сонин, бас хуучинсаг. Энэ үгээр их ховор хүмүүс л ѳѳрсдийгѳѳ чимэх эрхтэй гэж би боддог. Гэхдээ тэгж хэлэхийн тулд энэ оронд нэг юм хийсэн байх хэрэгтэй биз дээ. Газрын баялгаа АНУ, Япон, Хятад гэх мэт улсад зарчихаад, тэр мѳнгѳѳр Лондон, Нью-Йорк, Парист байр худалдаж аваад мундаг гэх утгагүй. Энэ бол зүгээр л шунал, тэрэнд бахархах зүйл ер байхгүй.

Харин гэр хороололд хүүхдүүдэд зориулсан сургууль барьчихаад, ѳдрийн хоолыг нь өгч, номын санг нь байгуулсан хүмүүс жинхэнэ бахархалтай монголчууд.  Ирээдүйн хүүхдүүдэд хайр, үнэлэмжийг ѳѳрийн хүч чадлаар ѳгч байвал хэдий бага ч гэсэн чадах хэрээрээ энэ л үнэ цэнэтэй зүйл.

-Аавыг тань зураач хүн учраас охиноо урлагийн замыг сонгоход нөлөөлсөн үү. Эсвэл өөрийн хүсэл мөрөөдөл байв уу?

-Мэдээж намайг уран бүтээлч болоход аавын нѳлѳѳлѳл их. Би багаасаа их эмзэг мэдрэмжтэй хүүхэд байсан. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Зарим хүүхдүүд хэдэн цагаар хүнийг ажигладаг даа. Би яг тийм ѳѳрийн ертѳнцтэй хүүхэд байсан.

Яг үнэндээ би хэзээ ч өөрийгөө уран бүтээлч болно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ би багаасаа урлагт хайртай, бүхий л киног цаг алдалгүй үздэг байсан. Түүнчлэн шүлэг бичих, дуулах, бүжиглэх, ном унших сонирхолтой хүүхэд байлаа.

Харин цаашид юу хийвэл илүү их өөрийнхөөрөө байж, хүссэн мэдрэмжээ авах вэ гэж бодож үзсэн. Мѳнгѳ олох бол манай гэр бүлд чухал сэдэв биш байсан. Би дуртай зүйлээ л хийдэг, чѳлѳѳтэй хүүхэд байв. Ѳѳрийнхѳѳ доторхыг сонсдог. Энэ л их чухал байх.

-Урлагийн гэр бүлд өссөн гэдгийг нь хүмүүс мэднэ. Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу. Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Миний ээж Д.Адьяадулам 1970-аад онд Берлинд суралцаж, ажиллаж байсан учраас манай гэр бүл Германд амьдрах болсон. Манай аав Б.Борхүү бас багш, зураач хүн. Тэд хоёулаа говийн нутгийн уугуул хүмүүс. Манай эгч Б.Чагсалмаа бол загвар зохион бүтээгч. Ах Б.Чингүнжав аялал жуулчлалын салбарт ажилладаг, бас кино хийдэг. Би хамгийн бага нь. Нѳхѳртэй, нэг хүүгийн хамт амьдардаг. Хүү маань одоо 12 нас хүрч байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж