"Айлын хаяа" бараадсан алслагдсан гурван дүүрэг цэнхэртэх үү, улаарах уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

"Айлын хаяа" бараадсан алслагдсан гурван дүүрэг цэнхэртэх үү, улаарах уу?

"Айлын хаяа" бараадсан алслагдсан гурван дүүрэг цэнхэртэх үү, улаарах уу?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу нийслэлийн алслагдсан гурван дүүргийг онцолж байна.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Багахангай, Налайх, Багануур гурван дүүргийг нийлүүлж хоёр мандаттай бие даасан 21-р тойрог болгосон. Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуулиудаар тус гурван дүүргийг хотын төвийн аль нэг дүүрэгтэй нэгтэж байсан. Шулуухан хэлэхэд, Багахангай, Налайх, Багануур дүүрэг шоовдорлогдож ,хотын нэг дүүрэгтэй хаяа барааддаг байв. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар Багануур дүүргийг Сүхбаатар дүүрэгтэй нэг тойрог болгож МАН-ыг багаар нь гаргасан. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ,Сү.Батболд, Ц.Цогзолмаа нар өдгөө тус хоёр дүүргийн сонгогчдыг УИХ-д төлөөлж буй.

Налайх дүүргийн хувьд Чингэлтэй дүүрэгтэй нэгдэж, мөн л МАН-ын гишүүдэд 100 хувь итгэл үзүүлсэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд нар сонгогдсон. Харин Багахангайг Хан-Уул дүүрэгтэй нэгтгэж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт итгэл үзүүлсэн.

МАН-ААС ХОТЫН ДАРГА ХҮЧ ҮЗНЭ 

2020 оны УИХ-ын сонгуулиар хамгийн жижиг гурван дүүрэг нэг тойрог болох бөгөөд тэндээс хоёр гишүүн сонгогдоно. Энэ удаад эрх баригч нам сонгуулийн томсгосон 26 тойргийг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн төлөөлөл, тухайн тойргийн хил тасралтгүй байх зэргийг баримтлан хуваарилсан. Ингэхдээ нийслэлийн алслагдсан гурван дүүргийг нэгтгэсэн нь тус тойргийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд зориулсан гэх. Хотын дарга С.Амарсайханы хувьд Налайх дүүрэгт төрсөн. Тэрбээр бизнес, эрхзүйн чиглэлээр тус тус мэргэжил эзэмшсэн бөгөөд 2019 оны хоёрдугаар сараас хотын даргаар ажиллаж эхэлсэн. Хотын дарга С.Амарсайханы шийдвэрүүд байсхийгээд л шүүмжлэл дагуулдаг. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн төсвөөс 3.2 тэрбум төгрөг гарган, Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэгт усан оргилуур барих шийдвэр нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Тэрбээр шүүмжлэлийг үл тоон “Улстөржүүлэх тусам талбайн өмнөх бүтээн байгуулалтыг заавал хийнэ” хэмээн зүтгэж, ирэх зургаадугаар сард бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг багтаан дуусгахаар ажил нь ид өрнөж байна.

С.Амарсайхан өмнө нь төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Хан-Уул дүүргийн Зүүний хүчний холбооны дарга, Монголын “СЕО” клубын ерөнхийлөгч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдах зөвлөлийн гишүүн, ”Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын бодьбилдингийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Хангарьд УБ Клубын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашиж байна.

МАН-ын нэг нэр дэвшигчийн нэр ус нь ийн тодорхой бөгөөд хоёр дахь мандатад нэр дэвших хүн бол Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир юм.

Ц.Сандаг-Очир намынхаа нэр, нүүрээр 2008-2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Түүнийг “зодоонч”, “газрын наймаачин” гэх “шошго” цаг үргэлж дагадаг. Хувийн намтрыг нь сонирхвол, “Тэнгэр” дээд сургуулийг төгссөн, философич, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, 2001 оноос Багануур дүүргийн IV дүгээр хорооны нийгмийн ажилтан, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, Багануур дүүргийн МАН-ын дэд дарга, өдгөө хоёр дахь удаагаа Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж буй.

Харин Ардчилсан намаас Багахангай, Налайх, Багануур дүүрэгт сойх нэр дэвшигч одоогоор тодорхойгүй байна.Албан бус мэдээллээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, эрх зүйч Д.Алтанхуягын нэр дуулдаж буй.

Багануур дүүргийг хотын статустай болгох асуудлыг олон жил ярьж байгаа. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар энэ гурван дүүргийг нийлүүлж хоёр мандаттай болгосноор тус гурван дүүргийн хөгжилд бодитой анхаарлаа хандуулах төлөөлөлтэй болно гэж иргэд нь хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж