Дөрвөдийн хэсэг ноёд Монгол Улсад дагаар оров /1912.04.29/

Хуучирсан мэдээ: 2020.04.27-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Дөрвөдийн хэсэг ноёд Монгол Улсад дагаар оров /1912.04.29/

NEWS АГЕНТЛАГ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ БАГЦЛАН ХҮРГЭЖ БАЙНА

1912.04.29 Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөн, Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд бэхлэн сууж, шинэ тутам Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж, нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.

1921.05 Барон Унгернийн умард зүгт хийх довтолгоон эхлэв. “Улааны аюулаас” сэргийлэх зорилгоор Монгол-Орос цэргийн бүрэлдэхүүнтэй Цагаантны цэргийн зарим бүлгүүд умард зүгт довтлов. Мөн үед Барон Унгернийн  мэдэлд Цэвээн тэргүүний 300, Бишрэлт гүн Сундуйгийн 700, “Тосон Заамар” гэдэг газраар баруун этгээдийг тохинуулахаар томилогдсон Балжинням гүний 500, Баяр гүний 500, бэйс Дугаржавын 200, Дарьгангад Найдан вангийн 300, Егүзэрийн хийдэд Дарь Эх ламын захирсан Монгол цэрэг гээд бүгд 3000 орчим монгол цэрэг байжээ.

1926.05.03 БНМАУ-ын V Бага хурал хуралдав.

1930.05 БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд малын халдварт өвчин, тариалан ба бэлчээрийн хордуулагчидтай тэмцэх тухай, ариун цэврийн тухай зэрэг конвенци гэрээ байгуулав.

1930.05 Үндэс, угсаатны зөвлөл байгуулах шийдвэр гаргаж байв.

1931.05.01 Дотоод явдлын яамыг татан буулгаж, үүргийг нь ардын засгийн газрын захирах, байгуулах хэлтэст шилжүүлжээ.

1931.05 Гар үйлдвэрийн хоршоолол байгуулагджээ.

1944.04.28 БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгов. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.

1944.05 Үйлдвэр барилгын яамыг “Аж үйлдвэрийн яам” болгон өөрчлөв.

1950.05 БНМАУ-БНРАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

1952.05 Ю.Цэдэнбалыг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдаар томилжээ.

1955.05 БНХАУ-аас БНМАУ-д туслах анхны 6000 ажилчин ирэв.

1960.05 БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу-Энь-Лай БНМАУ-д айлчлав. Айлчлалын хүрээнд БНХАУ-тай харилцан туслалцах гэрээ байгуулав.

1961.05 Шинжлэх ухааны хүрээлэнг өргөтгөж, Шинжлэх ухааны академийг байгуулж, нээх ёслол болов. ШУА-ийн анхны ерөнхийлөгчөөр Б.Ширэндэв томилогдов.

1964.04.28 БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

1965.04.27 БНМАУ, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1965.05 Сайд нарын зөвлөлөөс БНМАУ-БНХАУ-ын хоорондох хилийн шугамыг тогтоосон протокол, хилийн зурвасын газрын зургийг батлав.

1975.05 Улаанбаатар хотод “Залуу техникчдийн ордон” нээгдэв.

1990.05 АИХ-ын хуралдаанаар төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ байх, хууль тогтоох дээд байгууллага нь УБХ, Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох, СнЗ-ийг Засгийн газар болгох шийдвэр гаргав.

1991.04.28 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг тогтмол явж эхлэв. Долоо хоног бүр хоёр удаа ирж, очих эргэлттэй буюу лхагва, ням гаригуудад тус тус Хөх хотоос Улаанбаатарын чиглэлд яван, нэг талдаа 1907 км зам туулах ба Хятад Монголын тал тус бүр эргэлтээ хариуцан авав. Энэ нь анх удаагаа гадаадын нийслэлээс ийн орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн галт тэрэг тогтмол явж байгаа явдал байв.

1993.05.01 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэв. Сонгуульд МАХН-аас Л.Түдэв, Монголын ардчилсан намаас П.Очирбат нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшлээ.

1993.05.03 Монголын сэтгүүлзүйн байгууллагууд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг албан ёсоор тэмдэглэж эхлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.

1994.04.30 Хятад –Монгол хоёр улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо болов. Энэ хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт гардуулсан ба хоёр улсын Засгийн газар гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцов.

1997.05.01 Монгол Улсын Засгийн газраас импортын барааны гаалийн татварыг “тэглэв”.

1998.05.02 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Монгол Улсад айлчлав.

1998.05 Хятадын Засгийн газрын тусламжаар байгуулсан Монгол Улсын эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн анхны үйлдвэрийг Улаанбаатар хотноо албан ёсоор ашиглалтанд оруулав. Энэ бол Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар барьж өгөх 15 жижиг,дунд үйлдвэрийн төслийн 12 дахь нь юм.

2000.05 Дорноговь аймгийн  нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, улмаар улсын хилийг хааж, хөл хорив.
Мөн энэ онд  өнгөрсөн өвлийн зуданд энэ сарын байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 2.4 сая мал хорогдож, нийт хорогдлын 80 хувь нь Дундговь, Өвөрхангай, Завхан, Увс, Баянхонгор, Төв аймгуудад гарчээ.

2010.05.01 Монгол, Хятад улсын хамтарсан Соёлын төв байгуулахыг санал нэгтэй зөвшөөрч, харилцан гарын үсэг зуржээ.

2013.04.27-29 Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо болов.

2014.05.01 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж