Коронавирусийн цар тахлын дэгдэлтээс сэргийлэн иргэдээ үйл хөдлөл, үзэл бодлоор нь хашиж авсан эрх баригчид сонгуулийн марафондоо шуудран орлоо. Хэлж ирдэггүй хийсч ирдэг халдварт өвчин эрх баригчдад яах аргагүй давуу тал үүсгэж байгаа учраас начны найрааны мөнгөө төлчихсөн наадмын бөх шиг л таахалзаж байна.
Татвар төлөгчдийн мөнгөөр цугласан улсын санг хуваагаад тоночихсон, төрийн албандаа ханш тогтоогоод зарчихсан МАН энэ муу нэрнээсээ салахын тулд сонгуульд мөнгө зарахгүй гэсэн үнэгэн заль гаргав.
Тэртэй тэргүй төсвийн мөнгөний зарцуулалтыг атгаж байгаа эрх баригчид ажлаа хийнгээ, өвчинтэй тэмцэнгээ сонгуулийн сурталчилгаагаа үнэгүй хийж, ордноосоо гарч энд тэнд явж ажил шалган, түүнийгээ хэвлэлээр цацан мөнгөгүй сонгуулиа хийж эхэллээ. Төрийн ордны баруун хаалганд суулт хийж буй ядарсан эмэгтэй дээр сэтгэл гарган очиж, зовлонг нь хуваалцаж буй уярам лайв хийв. Ядарсан иргэний үгийг соонсож, зовлонг нь ойлгож байгаа нь мэдээж зөв. Гэхдээ очиж зовлонг нь сонсох хүн өнөөдөр олон байна. Өдрийн хүнсээ зээлээр авч байгаа иргэд, хөл хорионы улмаас жижиг бизнес зогсч орлогогүй болсон хэдэн мянган иргэн, бизнесийн эргэлт нь зогссоноос яаж дампуурахгүй тэсэж үлдэх вэ гэж тэлчиж буй хэдэн зуун компани, засгийн амалсан 200 мянган төгрөгийн авчих санаатай хэдэн мянган татвар төлөгчид гээд уулзаж зовлонг нь сонсох хүн хангалттай олон байна.
Цар тахлын онцгой үеийг даван туулах эдийн засгийн багц арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт парламент хуульчилж өглөө. Таван их наядын өртөгтэй эдгээр арга хэмжээ эрх баригчдын мөнгө зарахгүй сонгуулийн сурталчилгааных нь далдалсан хувилбар болно. Яагаад гэвэл эдгээр багц арга хэмжээний эцсийн үр дүн нийт эдийн засгаа аврах биш сонгуулийг бодолцсон алхмууд. Иргэдийн зээл төлөлтийг хугацааг гурван сараар хойшлуулсан, НДШ-ийг ажилчдад үлдээсэн, татварыг хөнгөлсөн, хүүхдийн мөнгийг 10 мянгаар нэмсэн эдгээр арга хэмжээний ойрын хэдэн сардаа хүмүүсийн сэтгэл, ходоодыг баясгахаас зургаан сарын дараа, есөн сарын дараа нийт эдийн засгийн эргэлт одоогоос илүү зогсонги байдалд орвол яах вэ? Биднээс илүү чадалтай, боломжтой улс орнууд хоёр, гурван жилийн цаадахаа харсан эдийн засгаа дэмжих бодлого, төлөвлөгөөнүүдийг гаргаж тавьж байна. Тэр битгий хэл сарын өмнө гаргасан бодлогодоо дахин өөрчлөлт оруулж байна. Учир нь нөхцөл байдал тааварлахын аргагүйгээр хувьсан өөрчлөгдөж байна. Харин Монголын эрх баригчид 2050 оныг харсан бодлогыг парламент дээрээ ярьж суугаа нь агуу ч юм шиг. “Алсын хараа 2050” гэсэн сайхан нэртэй 30 жилийн концепц нь эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийн суурь гэдгээ зарлсан нь мөнгөгүй сонгуулийн бас нэгэн хувилбар. Улсаа хөгжүүлэх урт хугацааны сайхан, сайхан хөтөлбөрийг үе үеийн эрх баригчид боловсруулсан, баталж ч байсан. Өмнөхөө хэрэгжүүлээд дараагийн бодлогоо дэвшүүлэх нь уг зөв баймаар, харин манайд өмнөх хүмүүсийн бодлого буруу байсан одоо бид зөвийг боловсрууллаа гэсэн зарчмаар нэг цэг дээрээ хий эргэсээр.
Яг үнэндээ цар тахлын одоогийн нөхцөл байдал 2020 он хүртэлх байсан эдийн засгийн дэг журам, бодлогыг өөрчлөх нь бараг тодорхой байхад үүнд зохицсон бодлого ярьдаг хүн эрх баригчдад алга. Эдийн засгаа ойлгодог, мэддэг Ерөнхий сайдаар Монгол үргэлж дутаж байсан.
Сүүлийн 30 жилд эдийн засгаа ойлгож, жинхнээсээ 30 жилээ харж ярьдаг хоёр гуравхан Ерөнхий сайд байсан. Тэдний нэг нь Мэндсайханы Энхсайхан. Хэдий тусгаар ч Оросын дагуул улс байж, төрийн өмчид суурилсан эдийн засгаа төвлөрсөн зарчмаар удирдаж, алдагдлаа оросуудаар төлүүлж ирсэн эдийн засгийг зах зээлийн баримжаатай болгоход 1996 онд парламентын олонх болж, төрийн эрхэнд гарч ирсэн “Ардчилсан холбоо” эвсэл, энэ эвслийн анхны Ерөнхий сайд М.Энхсайханы гүйцэтгэсэн үүргийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Харин МАН-ын олонхитой парламент, Ардчилсан намын нэрээр сонгогдон гарч ирсэн Ерөнхийлөгчийн өнгөн дээр зах зээлийн зарчим, ардчиллын суурь үзэл санаануудаас ухрах угсраа алхмууд хийгдэх боллоо. Сүүлийн нотолгоо Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон явдал. Түүнийг байгуулж чадаагүй гэрээ, хэрэгжээгүй төсөл буруудаж байгаа бол тэр гэрээ, тэр төсөл хэрэгжих нь буруутгаж байгаа хүмүүсийг айлгаж, бажгадуулж байжээ гэсэн логик рүү хөтөлнө. Төрийн нэрээр далайлгаж хувийн өмчийг нийгэмчлэх, баян ядуугаар нь талцуулж, хөрөнгөтэй хүнийг үзэн ядуулах үйл явц системтэй хийгдэж эхэллээ. Хөдөлмөрлөсөн нь байнга ашиггүй байдалд үлдэж, төрөөр тэжээгдсэн нь давуу байдалд үлддэг шударга бус хуваарилалтыг өөгшүүлдэг боллоо.
Хөгжлийн чиг баримжаа биш гэдгээ дэлхий нийтэд нотолчихсон коммунизмын онолыг үндэслэгчид болох Карл Маркс, Фридрих Энгельс нарын 1848 онд хэвлүүлсэн “Эв хамт намын тунхаг бичиг” хэмээх алдарт товхимол “Хий үзэгдэл – коммунизмын хий үзэгдэл Европоор тэнэж явна” гэж эхэлдэг. Харин энэ үг өнөөдөр Монголд өрнөж буй үйл явцад тохирохоор болжээ. Коммунизмын хий үзэгдэл өнөөдөр Монголд тэнэж явна. Энэ хий үзэгдлийг биежүүлэхээр юу болдгийг Монгол улс өнгөрсөн зууны 70 жилд харсан, туулсан, амссан.
Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хуваагаад авчихсан нь тодорхой, хэрэг хийсэн нь тодорхой, хохирол нь тодорхой ЖДҮ-чдийн хэргээ шүүхээр шийдүүлээгүй байж, М.Энхсайханыг баривчлан хорьж байгаа нь Монголын нийгэмд хуульт засаглал аль хэдийн алга болж, эрх мэдэлд байгаа хүмүүс хуулиас дээгүүр засаглаж эхэлсний дохио юм. Энэ дохио эсрэгээрээ олон хүнийг үзэл санаагаа хамгаалах сэтгэлийн дуудлагад хөтөлж, жинхнээсээ мөнгөгүй сонгууль хийх зам руу хөтөллөө.
М.Энхсайханы баривчилгаанаас хүмүүс юуг хамгаалах, юуны төлөө тэмцэх, хэнийг эсэргүүцэхээ илүү мэдэж авлаа. Тиймээс энэ удаагийн сонгууль ардчиллын үзэл санаагаа хамгаалах ганц найдвар боллоо. Энэ боломжоо алдвал 2024 он гэхэд залруулах боломжгүй болсон байх айдас байна.
Ардчиллын үзэл санааг тээгч улс төрийн хүчин өнөөдөр Монголд байхгүй болсон. Ардчилсан нам ч, МАН ч аль хэдийнэ ардчиллын зарчмаас хазайсан. Тиймээс улс төрийн намыг биш эрх чөлөөний үзэл санааг тээгчийг сонгох сонголт л үлдлээ. Хэнээр засаглуулахаа, муу засаглагчийг ардчилсан сонгуулиар сольж өөрчлөх онцгой эрх бидэнд бий.