АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн бодлогын тэнхмийн эрхлэгч Л.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Эрүүл мэндийн эдийн засаг гэдэг нь чухам ямар ойлголтыг хэлж байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?.
–Эрүүл мэндийн эдийн засаг гэдэг бол эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй эдийн засгийн нөөцийг яаж үр дүнтэй ашиглах, хуваарилах, эрүүл мэндийн зах зээл, хэрэглэгчийн зан үйлтэй холбоотой эдийн засгийн шинжлэх ухааны салбар юм. Тодруулбал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ хийх, бүтээгдэхүүний бодит өртгийг тооцох, эмчилгээнд хэрэглэх эм, эсвэл вакцины зардал, үр дүнг судлах зэргээр шинжлэх ухааны нотолгоог бүрдүүлж салбарын хязгаарлагдмал нөөцийг оновчтой хуваарилах боломж бүрдүүлнэ.
-Covid-19 вирусийн цар тахал эрчимтэй дэгдэж байгаа энэ үед Монгол Улс төдийгүй дэлхийн нийт энэ ойлголт, мэргэжил хэрэгтэй гэдгийг илүүтэй ойлгож байх шиг?
-Цар тахлын гол аюул нь бидний таамаглаагүй их санхүүгийн эрсдэлийг даах, үүрэхийг шаардаж байна. Covid-19-ийн гол аюул бол вакцин байхгүйд л асуудал байна. Үүний зэрэгцээ, энэ вирус дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг дээд зэргээр шалгаж байна гэж ДЭМБ мэдээлж байна. Өнөөдрийг хүртэл манай улс цар тахлын үеийн олон улсын дэглэмийг сайн мөрдөж ажиллаж байгаагийн ачаар халдварын тархалт багатай байна. Хэрэв халдварын тархалт нэмэгдвэл улсын эдийн засагт хэдий хэмжээний томоохон дарамт үүсэх нь ойлгомжтой.
Иймд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зардал өвчилсний дараа гарах зардлаас хэд дахин хямд байж болохыг иргэд маань ч бас ойлгож эхэлж байна.
Дэлхий нийтийг хамарсан энэ хүнд нөхцөлд нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлж байна гэж бодож байна.
-Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал хэр хангагдсан гэж та харж байна бэ?
-Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх асуудлыг хүчтэй ярьж байна. Үүний зэрэгцээ салбарын хэмжээнд нөөц, чадамж гэдэг асуудлыг ДЭМБ чухалчилж үзэхийг улс орнуудад анхааруулж байна. Олон улсын сэтгүүлд 2016 онд судлаач М.Наранпүрэв нарын нийтлүүлсэн өгүүлэлд нь дурдсанаар, манай улс эрчимт эмчилгээний орны 30 орчим хувь нь орон нутагт байна гэжээ. Тэгэхээр орон нутагт байгаа эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, техник, технологийн чадамжийг сайжруулах, жишээлбэл, коронавирусийн эмчилгээнд шаардагддаг амьсгалын аппаратаар хангах асуудал хөндөгдөж байна. Гэтэл стандартын дагуу улсын хэмжээнд байгаа эрчимт эмчилгээний оронд хангалттай тооны амьсгалын аппарат байхгүй, тоноглогдсон орны тоо хангалтгүй байна.
Байх ёстой тоног төхөөрөмж цөөн тоогоор байгаа хэр нь ажиллагаагүй гэх мэт асуудал байдаг. Энэхүү нөөцийг хангах, хэрхэн бүрдүүлэх, зөв зохистой зарцуулах, ашиглах тал дээр эрүүл мэндийн эдийн засагчид маань ажилладаг гэж ойлгож болно.
Дээр ярьсан 2016 оны судалгаагаар эрчимт эмчилгээний орны тоогоор Монгол Улс дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл АНУ зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд дундаж гэдэг үзүүлэлтээс доогуур түвшинд эрэмбэлэгддэг. Мэдээж, үүнд тухайн орны хүн амын тоо, эмнэлгийн тоо нөлөөлж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Манай улсын хувьд эмнэлгийн тоо хангалттай гэж бидний хувьд үздэг. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хувьд асуудал бол бий. Яагаад гэвэл хуучирчихсан, дээрээс нь хэрэглээ байдаггүй. Харин covid-19 бэлэн байдлын хүрээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хангалтыг маш сайн хийж чадлаа гэж харж байна.
Эмч, мэргэжилтнүүдийн хувьд манай улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу резидент эмч нарыг дайчилж байна. Саяхан олон нийтийн сүлжээгээр “Намайг коронавирустэй тэмцэх эмч нарын багийн нөөцөд бүртгэлээ. Би өргөсөн тангаргийнхаа дагуу нөөцөд бүртгүүлчихлээ. Гэхдээ би бол БЗХӨ-ний эмч. Хэрвээ БЗХӨ-ний эмчээр уушигны хатгаагаа эмчлүүлмээргүй байвал маскаа сайн зүү” гэсэн нийтлэл олны анхаарлыг татлаа. Нэг талаасаа энэ нь ёгтолсон мэт боловч нөгөө талаасаа маш зөв асуудлыг хөндсөн. Үнэхээр цар тахал дэгдвэл халдвартын эмч нар маань хомсдоно.
Ухань хотын жишээ дэлхий нийтэд ил байна. Ухань хотын эмч нар covid-19-ийг эхэндээ юу болохыг нь мэдэхгүй байснаасаа болоод улаан гараараа өвчинтэй тэмцсэн. Улмаар эмнэлгийн ажилтнууд халдвар авч, бэлэн байдал нь алдагдчихсан. Өөрөөр хэлбэл, шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслийнх нь нөөц хүрэлцээгүй. Чухам ямар өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх гэдгээ мэдэхгүй байснаас халдварыг гадагш нь алдчихсан тухай мэдээлэл байна. Үүнээс сургамж авч, ДЭМБ улс орнуудыг эмч, эмнэлгийн байгууллагууддаа эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаарх сургалт зохион байгуулахыг анхааруулсан. ЭМЯ энэхүү удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагууддаа сургалтыг эрчимтэй зохион байгуулж байна.
-Covid-19-той холбоотой европын улс орнуудад үүсч буй нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Эдгээр улсууд эрүүл мэндийн системээрээ тэргүүлдэг улс шүү дээ?
-Европын улс орнуудын эрүүл мэндийн систем нь өөрөө хүчирхэг. Монгол Улсын эрүүл мэндийн салбар эрт анхааруулсан тулдаа өнөөдрийг хүртэл вирусийг дотооддоо алдчихгүйхэн шиг явж байна. Яагаад гэвэл хоёр том гүрний дунд оршдог бидэнд эрсдэл маш өндөр байна. Бид “өөрсдийгөө мэдэж байсан” учраас л ингэж эрт анхааруулсан нь бидний давуу тал болсон. Учир нь, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар 2015 онд улаан бурхан өвчний дэгдэлтийн үед хүнд нөхцөлд ажиллаж байсан тул одоо бид яах ёстой бэ гэдгээ мэддэг туршлагатай хүмүүс. Иймээс эрт анхааруулж чадсан. Үүнийхээ ачаар бид өнөөдрийг хүртэл тархалтаа сайн хянаж байна. Түүнээс бол эрүүл мэндийн системийн сайндаа бол биш. Үүний зэрэгцээ, ард түмэн айсан, хамгаалах хэрэгслүүдээ ч хэрэглэж эхэлсэн. Ойлготол нь хэлсэн.
Гадаадын улс орнууд олон хүн амтай, тархалт хурдтай тархах тул эмнэлэг ямар нэгэн байдлаар нөөцийн хомсдолд орж эхэлнэ. Олон улс орон энгийн ханиад гэж харзнаснаас хугацаа алдаж байна гэж миний зүгээс харж байна.
Ер нь Уханьд оны өмнө илэрчихсэн байсныг улирлын томуу гэж үзээд тоохгүй явж байгаад эмч нар ч өөрсдөө халдвар аваад нөхцөл байдлыг ерөнхийдөө алдчихсан гэсэн сургамжийг ДЭМБ-ын сайтад бичсэн байсан.
-Эрүүл мэндийн эдийн засаг гэх ойлголт, мэргэжил манай улсад хэзээнээс хөгжиж ирэв. Энэ чиглэлд бид мэргэжилтэн бэлтгэж байна уу?
-Эрүүл мэндийн эдийн засаг гэдэг ойлголтыг Монгол Улс 1940-1950-аад оны үед хөгжүүлж эхэлсэн түүхтэй. Угтаа бол Монгол Улсад анхны эмнэлэг байгуулагдахад л тэнд хөвөн, даавуу, эм, тарианы нөөц гээд асуудал байсан л байгаа. Гэхдээ эрүүл мэндийн салбарт эдийн засгийн судалгаа хийж эхэлсэн үе нь 1960-1970 он гэж үздэг.
Тухайн үед бид эмнэлгийн байгууллагын төсвийг яаж оновчтой зохиох, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах, нөөцийг зөв хуваарилах зэрэг асуудлыг шийдэж ирсэн бол өнөөдөр эмчилгээний эдийн засаг, эдийн засгийн үр ашиг гэсэн асуудалд илүүтэй анхаарч, судалгаа хийж байна.
Монгол Улсад АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульдаа Эрүүл мэндийн эдийн засагч гэдэг мэргэжилтнийг 2000 оноос эхлэн бэлтгэж ирсэн. Өдгөө 20 жилийн хугацаанд 250 гаруй төгсөгчдийг бэлтгэн гаргасан бөгөөд 95 хувь нь эрүүл мэндийн байгууллагад, 5 хувь нь банк, санхүүгийн байгууллага, бусад салбарт ажиллаж байна.
-Эрүүл мэндийн эдийн засагч гэдэг нь бусад эдийн засагч бэлтгэдэг сургуулиудаас юугаараа ялгаатай бэ?
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрүүл мэндийн эдийн засаг гэсэн ойлголтыг хөгжүүлэх гэж сайнтай, муутай олон бэрхшээлийг туулж байна. Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр төгссөн хүүхдүүд ядаж эмнэлэг, өвчтөн гэх мэт түүний цаана буй мөн чанарыг нь ойлгодог. Харин бусад сургууль төгссөн төгсөгчид салбарын онцлог, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөн чанарыг нь ойлгохгүй байснаар ажлаас халшрах, ажлын ачаалал даахгүй байх нь олонтаа тохиолддог.
Эрүүл мэндийн эдийн засагчдыг бэлтгэж эхэлснээрээ санхүүгийн төлөвлөлт гэдэг ойлголт эрүүл мэндийн байгууллага дээр хөгжсөн.
Эмнэлгийн байгууллагууд ч хүртэл эрүүл мэндийн эдийн засагч, нягтлан хоёрын ялгааг ойлгож эхэлсэн. Тэд тухайн байгууллагынхаа төлөвлөгөөг хийж, санхүүгийнхээ нөөцийг зөв зохистой хуваарилж, маш тодорхой гаргалгаа гаргаж, менежерүүддээ нотолгоо бүрдүүлж байдгаараа давуу талтай. Нөгөө талаар бид өнөөдөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэгүй байна гэж ярьдаг. ЭМД-ын тарифыг шинэчилсэн. Эрүүл мэндийн даатгалын тарифыг шинэчлэхэд эрүүл мэндийн эдийн засагчдын үүрэг оролцоо маш өндөр. Өөрөөр хэлбэл, нэгж үйлчилгээг үзүүлэхэд ямар зардалтай үзүүлж байгааг бодитоор тооцоолоход аргачлалын дагуу ажиллах мэдлэг, чадвартайгаар манай төгсөгчид төгсдөг. 2006 оноос хойш Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд боловсруулагдсан тусламж үйлчилгээний өртөг тооцох аргыг сайжруулахад манай төгсөгчдийн оролцоо нилээн байсан.
Орчин үед эрүүл мэндийн эдийн засаг нь цар тахлын үеийн эдийн засаг, халдварт өвчний үеийн эдийн засаг, хавдрын үеийн эдийн засаг, орчны эрүүл мэндийн эдийн засаг гэх мэт олон төрөлтэйгээр хөгжиж байна.
-Анагаахын сургуульд эрүүл мэндийн эдийн засагч гээд мэргэжилтэн бэлтгэж байна гэхээр багш, боловсон хүчний хувьд ямар мэргэжилтэй хүмүүс байдаг юм бол оо?
–Нийгмийн эрүүл мэндийн сургууль нь Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үеэс хойш мэргэжлийн багш нарыг энэ чиглэлээр мэргэшүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ирсэний үр дүнд одоо ажиллаж байгаа бүх багш нар маань Тайланд, БНУАУ, Армен, Тайвань, Их Британи, БНСУ зэрэг орны нэр хүндтэй их, дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан, салбартаа дунджаар 12 жил ажилласан боловсон хүчин багшилж байна.
Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс энэ мэргэжил хэрэгтэй гэдгийг нь илүүтэй сайн ойлгож байна. Энэ бол дэвшил бас төгсөгчид, багш бидний амжилт.
-Эрүүл мэндийн эдийн засаг гэх ойлголтын хүрээнд өнөөдөр та бүхэн юунд илүү анхаарал хандуулж ажиллаж байна бэ?
Салбартаа мэдлэг, чадвартай, мөн сэтгэлтэй мэргэжилтэн бэлтгэх нь бидний нэн тэргүүний зорилт болж байна. Түүнчлэн санхүүгийн нөөцийн үр ашиг, нөөцийн тэгш хуваарилалт, тусламж, үйлчилгээний чанар, удирдлагын манлайлал, бодлогын хэрэгжилтийн үнэлгээ зэрэг эдийн засаг, менежментийн судалгааны дэвшилтэт аргыг нутагшуулахад анхаарч ажиллаж байна.
Холбоотой мэдээ