Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын гүйцэтгэгч “Ган гүүр” компанийнхан ирэх тавдугаар сарын 10-нд Улсын комисст хүлээлгэж өгөх аж. Үүнээс гадна тус компанийнхан Дадал сумын нутагт орших төмөр бетон гүүрийн их засварын ажлыг бас гүйцэтгэж байгаа юм.
Мөн энэхүү гүүр ашиглалтад орсноор Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт нэмэгдэх юм. "Хамгийн гол нь ОХУ-ын Чита мужаар дамжиж хилийн цаана байдаг Буриад, Халимаг, Тува зэрэг Монгол туургатнууд Ульханы боомтоор тус аймаг руу чөлөөтэй орж ирээд Чингис хааны нутгаар аялж, жуулчлах дэд бүтэц сайжирч, шинэ гарц нээгдэнэ" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ