Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдлын тухай мэдээлэл сүүлийн нэг долоо хоногийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ сарын 12-ноос хойш олон нийтийн өмнө гарч ирээгүй түүнийг анх АНУ-ын эх сурвалжууд зүрхний хүнд мэс засалд орсон, биеийн байдал нь маш хүнд байгаа гэж мэдээлсэн. Зарим албан бус эх сурвалжууд түүнийг нас барсан ч гэж мэдээлж байсан юм.
Харин Хятад, Өмнөд Солонгосын талаас дээрх мэдээллийг үгүйсгэж байсан ба өөр нэг эх сурвалжид Ким Жон Уныг амьд байгаа, мэс заслын дараа Вонсан дахь сувиллын газарт эмчлүүлж байгааг мэдээлсэн.
Тэгвэл Хятад улс өчигдөр /2020.04.25/ анагаах ухааны мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх багаа Пёньян руу нисгэсэн юм. Хятадын эмч нар Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн асуудлаар яьсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа билээ.
Ким удирдагчтай холбоотой өөр нэг шинэ мэдээлэл АНУ, Их Британийн томоохон хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. АНУ-ын “Reuters”, “Guardian” мэдээллийн агентлагууд сансраас авсан хиймэл дагуулын зураг дээр Кимийн гэр бүлийн галт тэрэг Вонсанд зогссон байгааг харуулсныг мэдээлжээ.
Үүний дараа Бээжингийн дэмжлэгтэй Хонгконгийн хиймэл дагуулын телевизийн дэд захирал Шижян Синьзоу цахим сүлжээнд “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нас барсныг надад маш найдвартай эх сурвалж хэлсэн” хэмээн нийтэлсэн байна. Тэрбээр үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ба түүний нийтлэл маш олон хүний анхаарлыг татаад байна. Түүнчлэн Японы “Shukan Gendai” сонинд “Ким Жон Ун зүрхний мэс засалд орсон. Мэс заслын үеэр эмч нь сандарч, гар нь салгалсны улмаас хагалгаа амжилтгүй болж Ким Жон Ун ургамлан хүн буюу комын байдалтай байгаа” гэх мэдээлэл гарчээ.
Эх сурвалж: The Sun, Guardian, Reuters