Тойм: Халдварын тохиолдол 38 болж, М.Энхсайханыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2020.04.26-нд нийтлэгдсэн

Тойм: Халдварын тохиолдол 38 болж, М.Энхсайханыг баривчлав

Тойм: Халдварын тохиолдол 38 болж, М.Энхсайханыг баривчлав

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ ЭВСЛИЙН БҮРТГЭЛ ДУУСЛАА

УИХ-аас баталсан хуулийн дагуу Бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 25-аас өмнө нам, эвсэлд УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нам, эвсэл, сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэх ёстой. Энэ хугацаа Баасан гаригаар дуусгавар боллоо.

Хуулийн хугацаанд нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна. Харин СЕХ дөрөвдүгээр сарын 29-ны дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль нь 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн 4 зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, 2 хэсэг, 1 заалтыг шинээр нэмж, 5 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрыг эмхлэн байгуулах журам, Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах журам өөрчлөгдсөн тул хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ АН-Д ЭЛСЭВ

МАХН-аас гарч буйгаа мэдэгдсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элссэн нь өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Тэрбээр 22-ны лхагва гарагт АН-ын дарга С.Эрдэнээс батлахаа гардаж авсан юм. Энэ үеэрээ тэрээр  "Өнгөрсөн 2012 онд МАХН, АН хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэхдээ тэр үйл явц нь сайн байгаагүй. Ард иргэд дүнгээ тавьж, МАН-л хангалттай суудал өгсөн. Гэтэл Засаг дарга нар авлигын хэрэгт холбогдсон, гурвын гурван гишүүн нь хэрэгт холбогдсон байна. Тэгсэн атлаа сөрөг хүчингүй явна. Тэд сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон байна. АН-ыг бүлэгтэй болгож, нийтээрээ хариуцлага нэхэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ утгаараа би АН-д элсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НОГДОЛ АШГИЙГ ТАВДУГААР САРЫН 1-ЭЭС ОЛГОНО

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компани цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд болон бусад ажлын талаар мэдээлэл хийв. Мөн компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж баталлаа. Үүнээс гадна ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр тооцож олгоно. Ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс олгох ажлыг зохион байгуулна.

ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНЫГ СААТУУЛАВ

Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Пүрэв гаригт болсон. Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулав. Түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон байна. Мөн шүүх хуралдаанд гэрчийг байлцуулах хүсэлтийг хүлээн авчээ. Монгол Улсын сайд асан М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо “Шүүх хуралдаанд оролцох ёстой гэрч, шинжээчид ирээгүй. Шүүх хуралдааныг хойшлуулж, тавдугаар сарын 5-ны өдөр хийхээр боллоо. Шүүх хурал хойшилсонтой холбоотой цагдан хорих саналыг прокурорын зүгээс тавьсан. Тиймээс дараагийн хурал болох хүртэл М.Энхсайханыг хорихоор боллоо. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Саналаа ч хэлсэн. Прокуророос М.Энхсайханыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаа нь шүүхэд нөлөөлөх үндэслэлтэй гэж үзсэн. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь бидний талаас зарим гэрч, шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьсан. Үүнийг ч шүүх хүлээн авсан” гэсэн тайлбарыг өгч байв.

ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЭХЛЭЛЛЭЭ

Дэлхий нийтийг хамарсан “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138-р тогтоолыг Монгол улсын Засгийн газраас батлан гаргасан.

Уг тогтоолд 2020 онд:

  • 360 мянган га-д улаанбуудай
  • 16 мянган га-д төмс
  • 11.6 мянган га-д хүнсний ногоо
  • 45 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал
  • 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулах тухай тусгагдсан юм.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ 10 ДАХЬ ХҮН ЭДГЭЖ, ЭМНЭЛГЭЭС ГАРАВ

Монгол Улсад covid-19 өвчний халдвар авсан тохиолдол 37 болж, үүнээс 10 хүн нь эдгээд байна. ЭМЯ өчигдрийн ээлжит мэдээллийнхээ үеэр гадаадад Монгол Улсын дөрвөн иргэн covid-19 халдвар авсан, мөн Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 37 дахь тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая ирсэн мэдээгээр коронавирусийн халдвараар өвчлөөд байсан нэг иргэн эдгэсэн тухай мэдээллийн ЭМЯ өгч байна. Тус иргэн нь оюутан байсан бөгөөд ийнхүү 14 хоногийн хяналтад сувилал руу шилжиж байгаа ажээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж