Б.Махбалын шүүх хурал хойшилж, Т.Билэгжаргалын сэтгэцийг шалгуулна

Хуучирсан мэдээ: 2020.04.26-нд нийтлэгдсэн

Б.Махбалын шүүх хурал хойшилж, Т.Билэгжаргалын сэтгэцийг шалгуулна

Өнгөрч буй долоо хоногт олны анхаарал татсан хоёр ч шүүх хурал болов. Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-ны өдөр  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүх хуралдаан дахин хойшилсон юм. Тодруулбал, шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх хуралдааныг тавдугаар сарын 8-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын хэрэг нийт арван удаа хойшилж байна. 

Хэргийг эргэн сануулахад, Зам,тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны  байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед гарсан хүн амины хэрэг одоо ч шүүмжлэл дагуулсаар байгаа. Албан тушаалтнуудын энэ хэрэг Монголын улс төрийн намууд, бүлэглэлүүдийн хоорондын тэмцлээс үүдэлтэй гэсэн шүүмжлэл одоо ч гарсаар байгаа юм.

Т.БИЛЭГЖАРГАЛЫГ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ, ХЭРЭГ ХАРИУЦАХ ЧАДВАРГҮЙ ГЭЖ ТОДОРХОЙЛЖЭЭ

Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тодорхойлсон учраас түүнд холбогдох шүүх хурлыг хойшлуулсан юм. Хэргийг эргэн сануулахад,  Т.Билэгжаргал нь хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхээ зодож танхаарсан юм. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  гуравдугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянажээ. Улмаар Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт зарласан аж.

Гэвч шүүх хуралдаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлтэд “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэж тодорхойлжээ.

Иймээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг  тавдугаар сарын 13-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж