Эрийн хийморь болсон морьдыг хятад мотоцикл орлоод олон жил өнгөрчээ. Мэдээж хэрэг мотоцикл малчдын ахуй амьдралд тус нэмэр болж байгааг үгүйсгэх аргагүй. Шатахуун бага иддэг, хол газрыг богино хугацаанд туулдаг, мөн үнэ хямд, сэлбэг элбэгтэй гэх мэтчилэн түүнийг сонгох шалтгаан олон. Гэвч хятад мотоцикл хөнөөлт зэвсэг болон хувирсан гэхэд буруудахгүй. Ялангуяа урин дулааны улирал ирж буй энэ үед мотоциклийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой зам тээврийн осол, зөрчил гарах нь нэмэгджээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд буюу ердөө дөрөв хоногийн дотор орон нутагт "Мустанг-5" маркийн мотоцикл осолдож 28-39 насны дөрвөн залуус амь эрсэдсэн байна.
Сүүлийн таван жилд мотоциклийн хэрэглээтэй холбоотой 1171 осол гарч, нийт 630 орчим хүн амь насаа алдаж, жилд дунджаар 116 хүний амийг авчээ.
Эдгээр нь голдуу БНХАУ-аас хувиараа оруулж ирсэн, стандартын бус тээврийн хэрэгсэл байгааг Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/ мэдээлж байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо нь. Үүний цаана бүртгэлгүй, албан бус хичнээн мянган мотоцикл байгааг хэлж мэдэхгүй юм.
ХЯТАД МОТОЦИКЛЬ БОЛ АСФАЛЬТАН ЗАМД ЗОРИУЛАГДСАН УНАА
Мотоциклийн хэрэглээ, аюулгүй байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатар хэлэхдээ “2018 онд мотоцикльтой холбоотой 552 осол бүртгэгдэж, ослын улмаас 116 хүн нас барж, 265 хүн гэмтсэн харамсалтай тоо бий. Нийт ослын 84.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүний тоо өмнөх онтой нь харьцуулахад 2.1 дахин өссөн байна. Өнгөрсөн онд буюу 2019 онд улсын хэмжээнд мотоцикль унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 хүний амь нас хохирч, 273 хүн гэмтсэн байна.
Амь насаа алдсан иргэдийн 80 орчим хувь нь онхолдох хэлбэрээр мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, замгүй газраар буюу гуу, жалганд осолдож амь насаа алдсан байна.
Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар мотоцикльтой холбоотой осол хэргийн улмаас 19 хүн гэмтэж, 20 хүний амь нас хохирсон ба үүнээс насанд хүрээгүй хүүхэд мотоцикл жолоодож яваад онхолдож амь насаа алдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Орон нутгийн малчдын хэрэглээ болоод байгаа хятад мотоцикль бол асфальтан замд унахад тохиромжтой тээврийн хэрэгсэл юм. Гэтэл орон нутагт мотоциклийг хэн дуртай нь дүрэм журамгүй, батлагдаагүй замаар хамгаалах хэрэгсэлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох нь осол гарах шалтгаан болж байна.
Мөн насанд хүрээгүй хүүхэддээ багаас нь мотоцикль жолоодохыг сургаж малдаа явахад нь байнга мотоциклиор явуулдаг нь хүүхэд зөвхөн унахаас өөр тухайн мотоциклийн техникийн бүрэн бүтэн байдал, саадыг хараад зогсоох арга хэмжээг хэрхэн авах гэх мэт наад захын мэдлэггүйгээс шалтгаан хүүхдүүд ихээр өртөж байна.
Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгодог. Өөрөөр хэлбэл А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг зохих курст суралцаж дүрмийн шалгалтыг амжилттай өгсөн иргэнд олгодог. Хятад мотоцикль бол асфальтан замд зориулагдсан унаа гэдгийг дахин онцолъё. Хятад Улсаас импортоор орж ирсэн мотоциклийн дийлэнх нь нэг жил хэрэглээд л ашиглах боломжгүй болдог. Дээрээс нь манайхан бүх юмыг монголчилдог зантай. Энэ бол техникийн үйлдвэрээс гарч байгаа чанар, аюулгүй байдал, үзүүлэлтэд шууд нөлөөлж аюулгүй байдалдаа санаатайгаар аюул учруулж байгаа явдал” гэлээ.
ЭРХ ЗҮЙН БАТАЛГААТАЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Гаалийн байгууллагаас авсан мэдээллээр 2018 онд импортоор 38754 мотоцикль орж ирсэн бөгөөд үүний 12149 нь буюу 31.4 хувь нь тухайн жилдээ улсын бүртгэлд бүртгүүлж үлдсэн 68.6 хувь нь бүртгэлд хамрагдаагүй, мөн 2019 онд орж ирсэн 39354 мотоциклийн 15073 нь буюу 38.4 хувь нь тухайн жилдээ улсын бүртгэлд бүртгүүлж, 61.6 хувь нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын дугаарын тэмдэг аваагүй байна.
Үүнээс гадна манай хуульд мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учраас Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломжгүй аж.
Тиймээс, БНХАУ-аас гадна Япон, Энэтхэг, АНУ, Герман, БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай мотоцикл оруулж ирэх, оруулж ирж буй мотоциклийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдлыг эрх зүйн баталгаатай орчныг бий болгох шаардлага тулгараад байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ