Сингапурын тэрбумтан Ли Шитинг гэгч нь коронавирусийн халдвартай хүндэрсэн өвчтөнүүдэд нэн шаардлагатай уушиг орлуулагчийн худалдаагаар улам баяжиж байна. Тэрбээр био-эмнэлгийн тоног хэрэгсэл үйлдвэрлэгч Шеньжень Миндрей компанийн захирал юм.
Дэлхий дахинд цар тахал гарснаас хойш түүний хөрөнгө огцом нэмэгдэж, он гарсаар 4.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Ли Шитингийн нийт хөрөнгийн хэмжээ 13.5 тэрбум ам.долларт хүрсэн ба 47 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл түүний орлого хоногт 37,7 сая ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг.
Түүнчлэн компанийн хувьцааны ханш 50 орчим хувиар өссөн байна. Тус компани дэлхийн 100 гаруй орноос уушиг орлуулагч авах захиалга авсан хэмээн төлөөлөгч нь мэдэгджээ. Тухайлбал, Итали улсаас 10 мянга орчим уушиг орлуулагч авах захиалга өгсөн аж.
Цар тахлын улмаас хөрөнгө нь огцом өссөн эрхэм ганц Ли Шитинг биш юм. Түүнээс гадна интернэт худалдааны “Amazon” сайтыг үндэслэг Жефф Безосын хөрөнгө нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 145 тэрбум ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: Reuters